Нийслэлийн товчоодод эрүүл мэндийн хяналтыг эхлүүллээ

Нийслэлийн засаг даргын тамгын газарт 24 цагийн үйл ажиллагаатай шуурхай штаб ажиллаж байна. Энэ сарын 07-ноос эхлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай товчоодод коронавирусын халдвараас сэргийлэх, хяналт, тандалтын арга хэмжээ зохион байгуулах НОБГ, НМХГ, ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, НЭМГ-ын хамтарсан хяналтын цэг ажиллаж эхэллээ.

Энэ нь нийтийн тээврийн хэрэгсэлүүдийн халдвараас сэргийлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээнд хяналт тавих, тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэдэд халдвараас сэргийлэх мэдээллийг өгөх, тандалт хяналт хийх зорилготой юм.

Монгол Улсад одоогоор халдварын тохиолдол бүртгэгдээгүй боловч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдээс асуумж авах ба зарим тохиолдолд үзлэг хийнэ.  

Иймээс нийслэл хот руу нэвтэрч буй зорчигчид энэ үйл ажиллагаанд хүлээцтэй хандаж, асуумжид үнэн зөв хариулах нь халдвар, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой тул дэмжин ажиллахыг уриалж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ