Олон улсын эрүүл мэндийн баг коронавирусийн асуудлаар хуралдав

Эрүүл мэндийн яамнаас дэлхий дахинд хурдацтай тархаж буй шинэ коронавирусийн халдварын асуудалтай холбогдуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудтай хамтарсан зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Эрүүл мэндийн яаманд болсон уг уулзалтад НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагууд, олон улсын хүмүүнлэгийн 22 байгууллагын 27 төлөөлөгч оролцжээ.
Хурлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, коронавирусийн тархалтын дэлхий дахины сүүлийн үеийн нөхцөл байдал, авч буй арга хэмжээний талаар ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч С.Диордица нэмэлт тодруулга хийв. Мөн Халдварт өвчний дэгдэлтийн үед идэвхижин ажиллах Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндэсний зохицуулагч ХӨСҮТ-ийн үйл ажиллагааны танилцуулгыг сонслоо. 
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Бид ард иргэдийг эрсдэлээс сэрэмжлүүлэх, Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангуулах гэсэн үндсэн хоёр чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байна. Мөн Засгийн газар, Улсын онцгой комисс, холбогдох байгууллагууд, ард иргэдэд тогтмол мэдээлэл хүргэж ажиллаж байна. Иргэдээ эрсдэлээс хамгаалахад чиглэсэн сэрэмжлүүлэх хуудас, инфографик, нийтлэлийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулж, тогтмол цагт мэдээг шинэчлэн хүргэж байна.
Эрүүл мэндийн салбарын бэлэн байдыг хангах хүрээнд тусгай эмнэлэг бэлтгэх, түүний ажиллах орчин, техник, тоног төхөөрөмжийг бэлэн болгохоор ажиллаж байна. Шаардагдах санхүүгийн тооцооллыг гаргаж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлсэн, тодорхой хэмжээнд асуудлыг шийдвэрлүүлсэн.
Энэ хугацаанд Монгол Улсад тохиолдол бүртгэгдээгүй. Сэжигтэй тохиолдол бүрийг илрүүлэх, тусгаарлах, шинжилгээ авах ажлыг тасралтгүй хийж байна. Дэлхийн хэмжээнд бараг хамгийн анхны зориулалтын урвалж ашиглан шинжилгээ хийсэн орны тоонд орж байна.

Эмнэлгийн бэлэн байдлыг хангах чиглэлд нэн шаардлагатай байгаа зүйлс бол эмнэлгийн мэргэжилтнээ эрсдлээс сэргийлэх, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл тэр дундаа “N95” амны хаалт их хэмжээгээр хэрэгтэй болж байна. Бусад тоног төхөөрөмжийн хэрэгцээ ч мөн шаардлагатай байна гэсэн юм.
Олон улсын байгууллагын төлөөлөгчид асуулт асууж, холбогдох хүмүүс, байгууллагуудаас хариулт сонслоо.Эцэст нь НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтын ажиллагаатай байж, холбогдох бүх арга хэмжээг авч ажиллаж байгаад талархал илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ