Эрээнхот: Халдвар тархсан газраас ирсэн иргэдийг албадан буцаана

Манай улстай хиллэдэг БНХАУ-ын Эрээнхотын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх штабаас тус хотод нэгдүгээр зэргийн хөл хорио өчигдөр орой зарлажээ. Зарлан мэдээлэх хуудаст дараах дөрвөн шаардлагыг тусгасан байна.

Тодруулбал, "Нэгдүгээрт, шинэ коронавирусний тархалт ихтэй газраас Эрээнхот руу ирэхийг төлөвлөж байгаа иргэд тархалт зогсохоос өмнө ирэхгүй байхыг сануулж байна. Үүнийг зөрчсөн иргэнийг албадан буцаах, эсвэл тусгаарлах газарт 14 хоног хөл хорионд байлгах бөгөөд гарах зардлыг тухайн иргэн өөрөө даана.

Хоёрдугаарт, Вирусний эрсдэл ихтэй газраас хэдийн ирсэн иргэд гэртээ 14 хоног байх бөгөөд дураараа гадагш гарч үл болно.

Гуравдугаарт, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах товчоо иргэдэд энэхүү зарлан мэдээлэх хуудсыг WeChat болон бусад сувгаар шуурхай хүргэж мэдээлэх үүрэгтэй.

Дөрөвдүгээрт, цагдаагийн газар, хороодын хариуцлагатай ажилчид нэгэнт Эрээнхотод ирсэн хүмүүсийг гэрээс нь гаргахгүй байхыг хянаж ажиллахыг үүрэгдэв" гэжээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-д шинэ коронавирусний халдварын сэжигтэй 1533 иргэн эмнэлгийн хяналтад байна. Коронавирусээр өвчилсөн нь тогтоогдсон 54 тохиолдол бүртгэгджээ.

Тухайлбал, Ордос хотод 11, Баотоу хотод 10, Хөххотод 7, Баяннуурт 6, Хөлөнбуйрт 5 тохиолдол бүртгэгджээ.

БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37251-т хүрч биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 хүн байна.

Ташрамд дурдахад, Манай улсад шинэ коронавирусний халдварын тохиолдол илрээгүй ч Монгол Улсын Засгийн газраас монгол иргэнийг БНХАУ руу зорчихыг гуравдугаар сарын 2 хүртэл хязгаарласан. Тус улс руу албан ажлын зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд Улсын онцгой комиисын даргын зөвшөөрлөөр улсын хилээр гарна. Харин улс хоорондын ачаа тээвэрт уг хязгаарлалт хамаарахгүй юм. Энэ хугацаанд Монгол Улсын иргэн зөвхөн Буянт-Ухаа, Замын-Үүд боомтоор эх орондоо хил нэвтэрнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ