Гашуунсухайт боомтод коронавирусийн 12 сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлснээс хилийн боомтууд дээр нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-нийх хүртэлх хугацаанд коронавирусын 86 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, тэдгээр иргэдийн 66 нь Буянт-Ухаа, тав нь Замын-Үүд, гурав нь Хавиргын боомтоор Монголын хилээр орж иржээ. 

Түүнчлэн өчигдөр буюу хоёрдугаар сарын 10-нд Гашуунсухайт боомт дээр 12 сэжигтэй тохиолдлыг бүртгэж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү явуулсан байна. Өмнөговь аймгийн Ханбогд суман дах Гашуунсухайт боомттой хиллэдэг БНХАУ-ын Халиут хотод буюу Гашуунсухайтаас 120 километрийн зайтай нутаг дэвсгэрт коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн талаар өмнө бид мэдээлсэн билээ. 

Үүссэн нөхцөл байдлын талаар МХЕГ-ын Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар "МХЕГ-аас халдварт өвчин болон эрүүл мэндийн хяналт тавьж байна. Монгол Улсын иргэдийг БНХАУ руу дипломат болон эрүүл мэндийн шалтгаанаар явахыг зөвшөөрч байгаа. Хөх хот, Бээжингийн эмнэлгүүд маш их ачаалалтай ажиллаж байгаа. Тэр хэрээр халдвар авах эрсдэл өндөр байгаа учраас тус улсын эрүүл мэндийн байгууллагад хандах эсэхээ сайтар бодож үзэх хэрэгтэй. Бид 26 боомтоос мэдээлэл авч байна. Хамгийн ачаалалтай байгаа нь Замын-Үүд, Буянт-Ухаа боомт болон ОХУ-аас зорчигчид орж ирж байгаа Сүхбаатарын Алтанбулаг боомт байна. ОХУ-д хоёр тохиолдол илэрсэн тул Алтанбулаг боомтоор Оросоос орж ирж байгаа болон Орос руу явж байгаа иргэдэд онцгой хяналт тавин ажиллаж байгаа" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ