Ховдын 23 иргэнийг тусгаарлалаа

Баян-Өлгий аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс 2020 оны 02 дугаар сарын 12- ны өдрийн шөнийн 03:00 цагт шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргасан талаар бид өнөөдөр өглөө мэдээлсэн. Тодруулбал сэжигтэй хүнтэй хавьтал болсон иргэдийг орон гэрт нь тусгаарлаж хамгаалалтанд авах, “Тирлик”, “Ахдам” захуудын үйл ажиллагааг шинжилгээний хариу гартал түр хязгаарлах, Баар, ресторан, зоогийн газар, кафе, караоке, сүм хийдүүдийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02-ыг хүртэл түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авсан. Улмаар шинжилгээний дээжийг ХӨСҮТ рүү шуурхай хүргүүлсэн бөгөөд хариу гарахыг хүлээж байгаа юм.
Гэтэл Баян-Өлгийд тусгаарлагдсан энэ хүн Ховд аймагт нэр бүхий буудалд хоносон юм байна. Тиймээс Ховд аймгийн тус буудалд байрлаж байсан болон ажилтнууд болох 23 хүнийг сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал гэж үзэж тусгаарлаад байгаа аж.
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хэлэхдээ "БНХАУ-д зорчоод ирсэн иргэн Г халуурсан, суулгасан, бөөлжсөн байдалтай байсан. Тэрээр Замын-Үүд явах замдаа Говь-Алтайд нэг хоносон. Ховд аймгийн “Цамбагарав” зочид буудалд хоёр хоносон. Эл газар аймгийн зүгээс очиж ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, хамгаалалтад авсан. Буудлын ажилтнуудад гэрийн хорио тогтоож, шаардлагатай арга хэмжээ авч байна.
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд амны хаалтны хүрэлцээ, хангамж нэн чухал. Тиймээс бид дотоод нөөц боломжоо ашиглан үйлдвэрлэхээс өөр аргагүй юм. Нөхцөл байдалд дүгнэлт хийж орон нутагт үйлдвэрлэл явуулж буй оёдлын үйлдвэр цехүүдээ түшиглэн эхний ээлжинд 40000 маск үйлдвэрлэн иргэдэдээ хүргэхээр удирдлагуудтай нь ярилцаж, ажлыг нь эхлүүллээ." гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ