Бурхан Халдун уулнаа 35 настай эрэгтэй нас баржээ

ЭМЯ-наас шинэ коронавирусийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл өгөх үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Өчигдөр Бурхан Халдун руу явж байсан багийн нэг хүн амь насаа алдсан мэдээлэл өглөө орж ирсэн. Мэдээллийн дагуу холбогдох байгууллагынхан ажиллаж байгаа” гэсэн.
Энэ талаар тодруулахад Бурхан Халдун ууланд зорчиж байсан таван иргэний нэг нь нас барсан тул тусламж хүсэн өчигдөр оройн 22:18 цагт Онцгой байдлын байгууллагад дуудлага өгчээ.
Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг Бурхан Халдун ууланд буюу аймгийн төвөөс 400 км, сумын төвөөс баруун хойд зүгт 200 км-т “Ланд-200” загварын автомашинтай таван хүн зорчиж явснаас иргэн Э (35 настай, эрэгтэй) нас барсан тул тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 16-ны өдрийн 22:18 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Хэнтий аймгийн Цагдаагийн газрын гурван алба хаагч, нэг автомашинтай 02:15 цагт Биндэр сумаас, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын зургаан алба хаагч, нэг автомашинтай 06:00 цагт тус тус эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ