Сэрэмжлүүлэг: Хуурамч архи, 94 000 албан татварын тэмдэг, 24 000 шил архи битүүмжилжээ

Аливаа баяр ёслол, тэр дундаа Цагаан сар ойртоход хуурамч архи үйлдвэрлэн, хөдөө орон нутгийнханд борлуулах явдал олширдог. Хуурамч архи, согтууруулах ундаанаас болж иргэд эрүүл мэнд, амиараа хохирч байсан тохиолдол цөөнгүй. Тиймээс цагдаагийн байгууллагынхан урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Нарантуул”, “Барс” зэрэг томоохон зах, худалдааны төв, гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд шалгалт хийжээ. Энэ үеэр маш их хэмжээний хуурамч архи, түүний онцгой албан татварын тэмдэгт (акц) хураан авсан байна.

Зах, худалдааны төв, гэр хороолол дахь дэлгүүрүүдэд чанар, стандартын шаардлага хангахгүй согтууруулах ундаа олноор нь худалдаж байсан бөгөөд тэдгээрт онцгой албан татварын хуурамч тэмдэгт наасан байсан гэнэ. Энэ үйлдэл нь онц их хэмжээний татвараас зайлсхийсэн гэмт хэрэг байж болзошгүй гэж үзсэн цагдаагийнхан өнгөрсөн баасан гарагт Сонгинохайрхан дүүргийн II хороонд үйл ажиллагаа явуулдаг “Арван ундарга”, Хан-Уул дүүргийн III хороонд байрладаг “Алко групп” компанийн “Хярын нуур” архины үйлдвэр, “Нарантуул” захын өргөтгөлийн архи, согтууруулах ундааны бөөний төвүүдэд нарийвчилсан шалгалт хийсэн аж. Тэдгээр газарт хуурамч байж болзошгүй онцгой албан татварын 94 000 ширхэг тэмдэгт, 2600 архи хураан авснаас гадна 24 000 шил архи битүүмжилснийг эх сурвалжууд мэдээллээ.

“Алко групп” компанийн “Хярын нуур” архины үйлдвэр нь “Нутаг”, “Галт ус”, “Найман шарга” нэртэй, нэг литр, 0.75, 0.5, 0.35 гр-ын савлагаатай архи үйлдвэрлэж байсан бол “Арван ундарга” ХХК-ийнхан “Сэржим” хэмээх архийг мөн л дээрх хэмжээгээр савлан худалддаг аж. Гэхдээ зах зээлд 3000-6000 төгрөгөөр борлуулдаг нь онцгой албан татварын хувь, хэмжээнээс бага үнэтэй, хуурамч акц ашиглан татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй үйлдэл тогтоогдож байгаа гэх мэдээлэл байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ