Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс зогсоох захирамж гаргажээ

Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс зогсоохоор болжээ. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан захирамж гаргаж, тус төвийн үйл ажиллагааг зогсоохыг холбогдох албаныханд даалгасан байна. Энэ талаар нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газраас өнөөдөр мэдээлэв. Урт цагаан үйлчилгээний төв нь ашиглалтын шаардлага хангахгүй учир ийнхүү үйл ажиллагааг нь зогсоохоор болсон байна.
Энэ талаар Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат "30 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн түрээсийн гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл ажилласан. Энэ хүмүүс 300-400 хүнд дамлан түрээслүүлж нийслэлийн өмч ашиглалтын газартай байгуулсан гэрээгээ ноцтой зөрчсөн. Мөн түрээслэгчид гэрээнд зааснаар тухайн объектод засвар хийх онцгой эрхтэй. Гэвч өнөөдрийг хүртэл засвар хийгээгүй. Гэхдээ өнөөдөр сошиалаар явж байгаа мэдээлэл шиг нураах асуудал яригдаагүй гэдгийг онцолмоор байна. Нураах асуудал нийслэлийн ИТХ-ын бүрэн эрхэд байдаг. Дамлаж түрээслэсэн учир хуулийн хүрээнд хариуцлага тооцох байх гэж бодож байна. Цаашид 400 түрээслэгч иргэнээ хохироохгүй байх тал дээр анхаарна. Ямар шийд гарахыг өнөөдөр хэлэхэд эрт байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ