ЭМЯ: Коронавирусийн халдвартай хүний тоо 78986 болжээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагийн байдлаар мэдээлэв. Тус өвчнөөр 2465 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 78986-д хүрсэн бол 23341 хүн эдгэрчээ.
ЭМЯ-аас шинэ төрлийн коронавирусийн талаар хийх ээлжит мэдээллээ өглөө. Мэдээлэлд ЭМЯ-ны удирдлагууд, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нар оролцлоо.
Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий дахинд тархаж эхэллээ. Сүүлийн 24 цагийн дотор дэлхийн 29 оронд өвчлөл бүртгэгдсэн. Тэр дундаа монголчуудын хамгийн их амьдардаг Солонгос улсад 700 гаруй өвчлөлийн тохиолдол бүртгэгдээд байна. Тиймээс дор бүрнээ үүргээ бүрэн ухамсарлах хэрэгтэй. БНСУ-аас өдөртөө 600-гаас 1000 хүн ирдэг. Гэхдээ ирсэн хүмүүс маш их хүндрэл учруулж байна. Гэрийн хаягаа буруу хэлэх, шууд хөдөө явах. 14 хоног гэртээ тусгаарлагдаж байхыг сануулж байхад айл хэсэх ч тохиолдол гарсан. Дэлхий нийтээр хаанаас, ямар хүнээс авсан нь мэдэгдэхгүй өвчилж эхэлсэн. Бүр цар тахал болох хэмжээнд хүрчихээд байна. Тиймээс дор бүрнээ анхааралтай байх хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай авч чадсан. Тиймдээ ч хоёр сар гаруйн хугацаанд энэ өвчлөл Монголд бүртгэгдэхгүй байлаа. Цаашид ч бүх нийтээрээ сайтар хамгаалж, иргэд үүргээ ухамсарламаар байна" хэмээлээ.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар нийт тохиолдлын тоо 223-аар нэмэгдсэн. Нас баралт 21-ээр нэмэгдсэн байна. БНСУ-д сүүлийн 3 хоногт шинээр 446 тохиолдол бүртгэгдсэнээс 326 нь буюу 73 хувь нь сүмийн цуглаантай холбоотой тархсан. Вирусийн эсрэг эм, вакцин гараагүй тохиолдол хамгийн найдвартай арга бол урьдчилан сэргийлэх. Амьсгалын замын өвчлөлтэй болсон тохиолдолд амны хаалт зүүж, бусдыгаа эрсдэлээс хамгаалахыг дахин сануулж байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "ДЭМБ-ын Ерөнхий захирал халдварын тархалтыг зогсоох боломж хумигдаад байгааг сануулж байна. Ливан, Израиль улсуудад сүүлийн хоногуудад өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс дор бүрнээ хариуцлагатай байхыг сануулж байна. Бид Солонгост байгаа иргэдийн группээр дамжуулж, мэдээлэл өгч ажиллаж байгаа. Мөн бүх шатны хүрээнд мэдээлэл өгч, 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Засгийн газрын нөөц сангаас гаргасан 4.2 тэрбум төгрөгөөр шаардлагатай тоног төхөөрөмж, эм хэрэгслийг аваад, ажиллаж байна. Мөн халдвар гарсан тохиолдолд яаж ажиллах талаар төлөвлөгөөгөө бүрэн гаргачихсан. Солонгосоос ирсэн 17 иргэнийн Жаргалантын аманд байрлах эмнэлэгт тусгаарласан. Тусгаарлалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байна.
Эмчилгээг дэлхий нийтээрээ л хайж, туршиж байгаа. Одоогоор зөвхөн эмнэлзүйн судалгаагаа хийж л байна. Япон улс энэ вирусийн эсрэг эмчилгээнд зориулж 10.3 тэрбум иен төсөвлөөд ажиллаж байгаа юм билээ. Эцэст нь сануулахад, иргэдийн ухамсар л хамгийн чухал байна" хэмээлээ.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан 6 хүнээс вирус илрээгүй. Өчигдөр Улаанбаатар-Сөүлийн онгоцоор ирсэн 7, өмнө нь ирсэн байсан 1, нийт 8 хүнийг тусгаарлаад, хянаж байна. Сая БНХАУ-д цагаан сарын баяр болсноос үүдэлтэй энэ өвчин тархсан. Тиймээс манай иргэд ч гэсэн цагаан сарын өдрүүдэд айл хэсэхгүй, бөөнөөрөө цуглахгүй, сар шинийн өдрүүдэд гэртээ байхыг уриалж байна. Манай улс маш цөөн хүн амтай, нягтрал багатай учраас зохицуулах боломж байгаа. Засаг төрөөс гаргасан зөв шийдвэрүүдийг биелүүлэхэд л энэ вирусийн өвчлөлийг давж гарна" хэмээлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ