Прокурорууд нэг өдрийн цалингаа УОК-т хандивлалаа

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий нийтийг цочроож байгаа энэ үед Монгол Улсын прокурорууд өөрсдийн санаачилгаар нэг өдрийн цалингаа УОК-т хандивлалаа. Тэгвэл өнөөдөр УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин прокуроруудын төлөөллийг Төрийн ордонд хүлээж авч уулзаж, баярласан талархсанаа илэрхийлсэн юм.
Прокурорын төлөөлөл "Засгийн газар, УОК-оос энэ өвчнийг Монголд оруулахгүй, тархаахгүй байх чиглэлээр өдөр шөнөгүй ажиллаж байгааг дэмжиж прокуроруудын санаачилгаар нэг өдрийн цалингаа хандивлаж байна" хэмээлээ.
Харин Шадар сайд Ө.Энхтүвшин "Дэлхий нийтийг түгшээж байгаа шинэ коронавирусийн эсрэг авч буй арга хэмжээг дэмжиж та бүхэн нэг өдрийн цалингаа хандивлаж, түүчээлж байгаад баяртай байна. Баяр хүргэе. Шинэ төрлийн коронавирусийн тархалт маш хурдацтай байна. Өчигдөр дэлхийн 33 оронд бүртгэгдлээ гэж байсан бол өнөөдөр өглөө 42 болоод нэмэгдчихлээ. БНСУ-д хоногтоо 136 орчмоор халдвартай хүний тоо нэмэгдэж байсан бол одоо 370 гаруйгаар нэмэгдэж эхэллээ. Энэ нь вирусийн тархалт ямар хэмжээнд байгааг харуулж байна. Монголд одоогоор энэ өвчин бүртгэгдээгүй байгаа нь Төр засаг яаралтай шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаж, иргэд ч сайтар дагаж мөрдөж байгаагийнх. Ийм хүнд үед бид бүгдээрээ, дээр доргүй хамтарч ажиллаж байж л аюулт өвчнийг давж гарна.
Сая цагаан сарын тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан. Иргэд маш сайхан хүлээж авч, дагаж мөрдөж байна. Постонд ажиллаж байгаа хүмүүсийг ч иргэд дэмжиж, цагаан сарын өдрүүдэд буузаа жигнээд, цайгаа чанаад авчирч өгч, дайлж байна гэсэн. Энэ бол үнэхээр сэтгэлээсээ дэмжиж байгаа хэрэг. Мөн төрийн байгуулагууд түүчээлээд, нэг өдрийнхөө цалинг хандивлаж байна. Хандивыг төрийн албан хаагчид, тэр дундаа эмч, мэргэжилтнүүдээ хамгаалах чиглэлээр зарцуулна. Чухам ямар үйл хэрэгт зарцуулснаа та бүхэндээ эргээд танилцуулах болно" хэмээлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ