ЭМЯ:Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол 16, ажиглалтад 309 хүн байгаа

ЭМЯ-аас өнөөдөр ээлжит мэдээллээ өглөө. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  нар оролцлоо.   

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Би өчигдөр 11:00 цагт мэдээлэл өгснөөс хойш 24 цагийн хугацаанд дэлхийн 58 оронд шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаад байна. Мөн 87 мянга гаруй хүн өвчилж, 2977 хүн нас барсан гэсэн мэдээлэл гарлаа. Мөн БНСУ, Японд өвчлөл гарсан хэвээр байна. Ялангуяа БНСУ-д дахин 4 хүн нэмж нас барсан. Эквадор, Катар гэсэн хоёр улсад шинээр өвчлөл бүртгэгдсэн. Одоогоор манай улсад энэ өвчлөл бүртгэгдээгүй. Гэхдээ бид 705 хүнийг ажиглалтад авч, 227 сэжигтэй тохиолдолд тандалт судалгаа хийх арга хэмжээг авсан" хэмээлээ. 

Түүний дараа Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "ДЭМБ-аас нийт хүн амд чиглэсэн зөв мэдээллийг өгч байх хэрэгтэй. Нийгмийн нөөцийг дайчилж, иргэдийн оролцоог сайжруулах хэрэгтэй байна. Иргэдэд зөвлөмжүүдийг хэрэгжүүлбэл өөрийгөө хамгаалж чадна гэсэн итгэл үнэмшлийг бий болгох нь зөв гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Энэ өвчнийг эмчлэх вакцин гартал 12-18 сарын хугацаа шаардлагатай гэдэг мэдээллийг ДЭМБ-аас өгсөн.  БНСУ түргэвчилсэн оношлуурыг үйлдвэрлэж байгаа, бусад орнуудад өгөхөд бэлэн гэсэн. 

Тиймээс Солонгосоос оношлуур авахаар ярилцаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол 16, ажиглалтад 309 хүн байгаа.  ХӨСҮТ-д ажиглалтад 88, Цэргийн төв эмнэлэгт 65, Улсын хоёрдугаар эмнэлэгт 9, "Асралт мед" эмнэлэгт 32, Жаргалантын амны сувилалд 41 хүн байна.  Гэртээ гадны зочин урихгүй байх. Гараа тогтмол угаах, дасгал хөдөлгөөн хийхийг иргэддээ зөвлөж байна. Бид тусгаарлах байруудыг нэмэгдүүлэх чиглэлээр судалж байгаа. Түүнээс гадна, эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийн гар утсыг авах, тэдэнтэй холбогдоход байнга бэлэн байхын төлөө ажиллаж байгаа" хэмээв.

Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүнээс коронавирус илрээгүй. 29-ий өдөр ХӨСҮТ-д 2, Сэлэнгэ аймагт 9 хүнийг тусгаарлаж, эмчийн үзлэг, оношлогоог хийж байна" хэмээлээ.  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ