Эхний шинжилгээгээр нэгдүгээр хавьтлын 26 хүн халдвар аваагүй, шинжилгээний хариу сөрөг гарчээ

Энэ сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Францын иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн 120 гаруй зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч хүн тус бүрээс сорьц аван шинжилгээнд хамруулан эхнээсээ шинжилгээний хариу гарч эхэлжээ.

Эхний шинжилгээгээр нэгдүгээр хавьтлын 26 хүн халдвар аваагүй, шинжилгээний хариу сөрөг гарсан байна. 

Энэ талаар бид ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаас тодруулахад “Франц иргэний нэгдүгээр хавьтагчдын шинжилгээ хариу эхнээсээ гарч байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид өнөөдрийн 11:00 цагийн хэвлэлийн хурлаар өгөх болно” гэлээ.

Шинжилгээнд хамрагдсан иргэдийг үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлан ажиглалтад байлгахаар болжээ.

Коронавирусийн халдвар тээн ирсэн Франц иргэнтэй нэг онгоцоор ирсэн ДЭМБ-ын төлөөлөгчдийн шинжилгээний хариу өнөөдөр гарна. Тодруулбал, ХБНГУ-ын ASB байгууллагын баг ДЭМБ-ын уриалгаар Монгол Улсад мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөхөөр 6 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн билээ.

Тэднийг Франц иргэний нэгдүгээр зэргийн хавьтагч гэж үзэж байгаа юм. Нэг нь нутаг буцсан тул үлдсэн таваас нь шинжилгээ аваад байгаа юм байна. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ