Л.Эрдэнэчулуун: 4825 ААН-ийн үйл ажиллагааг ЗОГСООЛОО

COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж байна.
Захирамжаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагыг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэхийг үүрэг болгож байгаа бөгөөд халдваргүйжүүлэлт хийгээгүй, маскгүйгээр үйлчилсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад хариуцлага тооцохоор заажээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийслэлд нийт 4825 ААН-үүдийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Үүнд 55 их дэлгүүрийн хүнснээс бусад тасгийн үйл ажиллагаа зогсоож байгаа. Мөн 495 барааны дэлгүүр, 1005 үсчин гоо сайхан зэрэг ААН, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтлийг хийнэ. Айл өрхүүд гэртээ жавельон, блезна зэргийг байнга хэрэглэж, ахуйн ариутгалыг хийж болно.
Блезна, жавилин гэсэн хоёр уусмалыг айл өрхүүд хийж болно. Өдөрт гурваас доошгүй удаа гэрээ цэвэрлэж, ариун цэврийн өрөөгөө тогтмол ариутган цэвэрлэх зөвлөмжийг өгч байна. Тусгай зөвшөөрөлтэй ариутгалын байгууллага нэг метр квадрат талбайг 600 төгрөгөөр ариутгадаг бол ийм онцгой нөхцөлд 200 төгрөгөөр хийж байгаа" гэлээ.
ӨНӨӨДРӨӨС ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД
- Хүнсний худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд /Их дэлгүүрүүдийн хүнсний худалдаанаас бусад бүх тасгууд, бүх төрлийн барааны дэлгүүр
- Зах, худалдааны төвийн хүнс, ахуйн хэрэглээний бараанаас бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа, хүргэлтийн үйлчилгээ
- Бүх төрлийн хүргэлтийн хоолны үйлчилгээ
- Халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг салбарууд /үсчин, гоёлын гоо засал, хувцас засвар, гутал захиалга, засвар, хими цэвэрлэгээ, гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, цоож, цаг, нүдний шил засварлах, түлхүүр олшруулах, цүнх захиалга, засвар, алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, худалдаа, гэрэл зураг авах, угаах үйлчилгээ, айл нүүлгэх үйлчилгээ/
- Дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газрууд автомашины худалдаа, авто сэлбэгийн худалдаа, бүх төрлийн авто засвар, бусад үйлчилгээ
- Смарт карт цэнэглэгч, борлуулагч цэгээс бусад төрлийн түргэн үйлчилгээний цэгүүд
ЗОХИЦУУЛСАН ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ 22.00 ХҮРТЭЛ АЖИЛЛАХ ГАЗРУУД
Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, кофе шоп, түргэн хоолны газрууд хуучин зохицуулж байсан цагийн хуваарийн дагуу ажиллана.
УОК, НОК-оос гаргасан шийдвэрийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан иргэн аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд буюу харъяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст мэдээлнэ үү. Та бүхэн төрөөс гаргасан шийдвэрийг дагаж, хайртай хүмүүсээ эрсдэлд орохоос сэргийлж, хувийн ариун цэврээ сахиж, иргэний үүргээ биелүүлээрэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ