Хэрвээ өглөө бүр өлөн дээрээ ус уувал юу болох тухай эрдэмтэд ярьжээ

Ердийн ус хүний эрүүл мэндэд ашигтайг дэлхийн эрдэмтэд удаа дараа нотлож ирсэн билээ. Хэрвээ өглөөдөө өлөн элгэн дээрээ ус уувал, хүний биед чухамхүү юу болдог тухай энэ удаа өрнөдийн нэг сэтгүүлд бас  бичжээ. 


 Өглөө сэрмэгцээ өлөн дээрээ ус уувал, хүнд эерэг нөлөө үзүүлдэг 7 үр дүнгийн тухай Германы “Фокус” сэтгүүлд    бичсэн байна. 


Дархлаа сайжирдаг

Өглөөдөө уух аяга ус  нь тунгалгийн системийг тогтворжуулахад тусладаг бөгөөд хүнийг вирус, бактериас хамгаалдаг байгалийн “бамбай” юм.  Энэ нь  янз бүрийн өвчин үүсгэгчийн өмнө бие махбодийг илүү тэсвэртэй болгодог байна.


Бодисын солилцооны үйл явцыг хурдасгадаг


Өлөн дээрээ аяга ус уух нь хүний бие махбодийг түргэн зуур “сэрээж”, бодисын үр дүнтэй солилцоог эхлүүлэхэд тусладаг байна. Тэр ч байтугай эрдэмтэд 24 хувь гэсэн нарийн тоог ч тогтоосон байдаг. Хэрвээ өглөөдөө ус ууж зуршвал, бодисын солилцоо яг ийм хувиар хурдасдаг байна.

Ингэхдээ  бодисын солилцоо түргэссэнээр хоол боловсруулах үйл ажиллагаа  сайжирч, энэ нь илүүдэл жингээсээ салахыг хүсч буй хүмүүсийн хувьд бас нэг  сайхан дэмжлэг болно.  Энд нэг зүйлийг тодруулахад, ийм үр дүнд хүрэхийн тулд бүлээндүү ус уухыг зөвлөж байна.


Бие махбодийг цэвэрлэж, хорт бодисыг гадагшлуулахад тусладаг


Унтаж байхад хүний бие амарч, хуримтлагдсан хорт бодисуудаас салдаг.  Сэрмэгцээ ус уух нь хорт бодисыг чухамдаа “угаахад” туслаж,  цэвэрлэгээг бас илүү үр дүнтэй болгодог байна. 

Дээр нь, хэрвээ ахиухан ус уувал цусны шинэ улаан бөөм болон эсүүд түргэн үүсч бий болно. 


Бөөрөнд чулуу үүсэх эрсдэлийг бууруулж, цистит өвчнөөс сэргийлдэг


Ус нь ходоодны хүчлийн концентрацийг  бууруулахад туслаж, түүнчилэн цистит болон бөөрний чулуужилт зэрэг өвчнөөс сэргийлдэг байна.  Энэ нь амьдралыг тэтгэгч ус  хортой нэгдлүүдийг биед нуугдан үлдэх боломж олгодоггүйгээс гадна, тэдгээрийг үр дүнтэйгээр гадагшлуулдагаас тэр юм. 


Цээж хорсох болон ходоодны бусад хямралыг эмчлэх явдлыг хялбар болгодог


Хүчил ихэдсэнээс үүдэлтэй  цээж хорсох болон ходоодны бусад эвгүй байдлаас салахад сэрмэгцээ л ус уухад болно.  Хүчил хэвийн болж, цээж хорсохоо больж,  харин хоол боловсруулах систем “сэрж”,  өглөөний цай уухад бэлэн болно. 


Арьсны байдал сайжирч, эрүүл өнгөлөг болдог


Биед ус дутагдахад арьсны нүх тэлж, харин үрчилээ эрт үүсч эхлэдэг байна. Гэвч өлөн дээрээ хагас литр ус уухад таны арьс сайн тийшээ өөрчлөгдөнө гэж шинжээчид хэлж байна. Цусны эргэлт мэдэгдэм сайжирснаар арьс зөөлөн булбарай, эрүүл өнгөлөг болно. 


Үсний байдал сайжирдаг


Үсэнд ус маш чухал, учир нь үсний 25 хүртэл хувь нь ус байдаг.  Ахиухан ус уухыг боддоггүй хүний үс нь нарийхан, хугарамтхай болдог байна. Өглөө өлөн элгэн дээрээ аяга ус уух нь үсэнд хамгийн хүчтэй эерэг нөлөө үзүүлнэ.  Тийнхүү үр дүнд нь үс эрүүл, өнгөлөг болно. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ