Коронавирус: Яг одоо л тэмцэхгүй бол оройтно

Medium.com дээр гарсан, одоогоор 21 сая хүн уншаад байгаа коронавирусын тухай нэгэн нийтлэлийг орчуулав.

Улс төрчид, манлайлагчид наашаа суу. Аан гээд уун гэж бай!

Коронавирустэй тэмцэхийн тулд бид яг юу хийх ёстой юм бэ? Жаахан хүлээгээд юу болохыг нь харах уу? Эсвэл яг одоо эхлэх ёстой юм уу?

Энэ нийтлэл нь бодит өгөгдөл, загварууд дээр түшиглэн зурсан олон графикийн тусламжтайгаар

  • Танай орон нутагт коронавирусээр хэдэн хүн өвчлөх вэ?
  • Эцэстээ юу болох вэ?
  • Та хэзээ, юу хийх хэрэгтэй вэ?

гэсэн асуултуудад хариулт өгнө.

Үүнийг уншсанаар та дараах зүйлүүдийг мэдэж авна.

  • Коронавирус тан руу очиж явна.
  • Очих очихдоо экспоненциал хуулиар нүүж явна: Аажуухан эхлээд, гэнэт дийлдэхээ болино.
  • Маргааш ч байж мэднэ. Удлаа гэхэд 14 хоногийн дотор л байх болов уу.
  • Энэ үеэр танай тэр хавийн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больно.
  • Эмнэлгийн коридорын шалан дээгүүр хүмүүс пиг чихэлдэн хэвтэх болно.
  • Эмч сувилагч нар ядарснаасаа болоод ухаан алдаж унах нь хэвийн үзэгдэл болно.
  • Зарим нь нас барна.
  • Тоног төхөөрөмж хүн хүчний дутагдлаас болоод хэн амьдарч хэн үхэхийг эмч нар сонгох хэрэгтэй болно.
  • Үүнээс сэргийлэх ганц арга бол хөл хорио. Маргааш биш. Өнөөдөр.
  • Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл яг одооноос эхлээд аль болох олон хүнийг гэрээс нь гаргалгүй байлгах.

Улс төрч, нийгмийн эсвэл бизнесийн манлайлагч танд коронавирусын тархалтыг зогсоох боломж болоод хариуцлага нь байна.

Өнөөдөр та зүсэн зүйлийн бодлуудаасаа болоод шийдвэр гаргахаасаа эмээн бүдчиж явж мэдэх юм. Би хэтэрхий айгаад тэнэг шийдвэр гаргавал яана? Хүмүүсийн элэг доог болох болов уу? Хүмүүсийн хараал зүхлийн бай болмооргүй байна шүү. Бусад манлайлагч нар яах нь вэ харзнавал дээргүй юу? Эдийн засгаа уналтанд оруулчихвал яах юм бэ?

Гэхдээ одоогоос 1 сарын дотор дэлхий даяар хүний нийгэм тэр чигээрээ зогсолтонд орох үед, хөл хориог хэдэн өдрийн өмнө эхлүүлснээрээ таны шийдвэр хичнээн хүний амийг аварсан нь тодорхой болох үед тэд таныг харааж зүхэх болов уу?

1. Танай нутагт коронавирусээр хэдэн хүн өвчлөх вэ?

Улс орнууд

Дэлхий дээрх нийт өвчлөл

БНХАУ-ыг идэвхтэй арга хэмжээ авах хүртэл өвчлөл экспоененциал хуулиар өсч байв. Явцын дунд вирус бусад улсууд руу тархаж одоо хэн ч зогсоож чадахгүй пандемик болчихлоо.


БНХАУ-ын гаднах нийт өвчлөл

Өнөөдрийн байдлаар ихэнх өвчлөл Итали, Иран, Өмнөд Солонгост байна.


Өвчтөний тоо, улс орноор (БНХАУ-ыг оруулаагүй)

Итали, Иран, Өмнөд Солонгост өвчлөл хэт их байгаагаас бусад улсуудынх нь график сайн харагдахгүй байна. Тэр баруун доод буланд юу болоод байгааг өсгөж харвал дараах дүр зураг харагдана.


Өвчтөний тоо, улс орноор (БНХАУ, Өмнөд Солонгос, Итали, Ираныг оруулаагүй)

Экспененциал өсөлттэй маш олон орон байгаагийн ихэнх нь барууны орнууд байна.


Өвчлөл өдөрт хэдэн хувиар өсч байгаа нь.

Дээрх өсөлтүүдийг тэр чигээр нь үргэлжлүүлбэл, 7 хоногийн дотор дараах байдалд хүрнэ.


Урьдчилсан мэдээ

Цаашид юу болох, үүнтэй яаж тэмцэхээ ойлгохын тулд дээрх үе шатуудыг аль хэдийн туулаад өнгөрсөн орнуудаас суралцах хэрэгтэй. Үүнд БНХАУ, Азийн зарим орнууд, Итали орно.

БНХАУ

Оношлогдсон (шаргал) болон бодит (саарал) өвчлөл

Энэ бол маш чухал график.

Шаргал өнгөтэй хэрчмүүд нь тухайн өдөр Хубэй мужид хэдэн хүн өвчлөлтэй гэж оношлогдсон бэ гэдгийг заана.

Харин сааралдуу өнгөтэй хэрчмүүд нь тухайн өдөр «яг жинхнээсээ» хэдэн хүн халдвар авсныг заана.  Энэ өгөгдлийг өвчний шинж тэмдэг хэзээ эхэлсэн бэ гэж өвчтөнөөс асуусны үндсэн дээр гаргасан.

Мэдээж тухайн өдөр хэдэн хүн халдвар авсныг тэр үед нь бол хэн ч мэдэхгүй. Үүнийг зөвхөн сүүлд нь, хүмүүс эмнэлэг дээр очиж шинжилгээ өгсний дараагаар л үнэлж гаргах боломжтой.

Тэгэхээр шаргал хэрчмүүд нь тухайн үед хүмүүс юу мэдэж байсныг, харин саарал хэрчмүүд нь бодит байдал дээр яг юу болж байсныг харуулж байна гэсэн үг.

Жишээлбэл, 1-р сарын 21-нд гэнэт 100 гаран шинэ өвчтөн оношлогдсон. Бодит байдал дээр гэтэл уг өдөр 1500 орчим хүн шинээр халдвар авч байсан ба, халдвартай хүний тоо тухайн үед экспоненциал байдлаар өсч байсан байна. Гэхдээ тэр үед нь үүнийг хэн ч мэдээгүй. Лав л 100-гаад хүн өвчилчихжээ гэсэн мэдээлэл л бидэнд байсан.

Энэ явдлаас хойш 2 өдрийн дараа Ухань хотод хөл хорио тогтоосон. Энэ үед хоногт 400 орчим өвчтөн шинээр оношлогдож байв. Үүнийг сайн анхаараарай: Тэд хоногт зөвхөн 400 хүн шинээр оношлогдож байх үед хотдоо бүрэн хол хорио тогтоосон. Бодит байдал дээр тэр өдөр 2500 хүн шинээр халдвар авсан байгаа (Үүнийг мэдээж тухайн үед нь мэдэх арга байхгүй).

Ингээд маргааш нь Хубэй мужийн 15 хотод мөн бүрэн хөл хорио тогтоов.

Уханьд хөл хорио тогтоох хүртэл буюу 1-р сарын 23 хүртэл, саарал хэрчмүүдийн урт экспоененциал хуулиар өсч байгаа. Тэгээд хөл хорио тогтоонгуут өсөлт удааширсныг анзаараарай. Маргааш нь, 1-р сарын 24-нд дахиад 15 хот хөл хорионд оронгуут, саарал хэрчмүүдийн урт илт богиносоод эхэлж байгаа. Түүнээс хойш хоног тутам шинээр халдвар авсан хүний тоо ерөнхийдөө байнга буурч ирсэн.

Харин шаргал хэрчмүүдийн урт хөл хорио тогтоосны дараа 12 хоногийн турш өссөөр байсныг харж болно. Үнэндээ бол энэ нь нэгэнт халдвар авчихсан байсан хүмүүсийн өвчин хүндрээд эмнэлэг бараадах нь ихэссэн, мөн оношилгооны арга техник сайжирсны үр дүн юм.

Оношлогдсон болон бодит өвчлөлийн тухай ойлголтуудыг сайн санаж аваарай.

Хятадын бусад мужууд ч даацтай арга хэмжээнүүдийг тэр дор нь авч эхэлсэн. Үр дүн нь ийм байна:


БНХАУ-ын Хубэй мужаас бусад мужуудыг Өмнөд Солонгос, Итали, Ирантай харьцуулсан нь

Энэ график дээрх хэвтээ шугам бүр экспоненциалаар өсөх боломжтой байсан боловч, 1-р сарын сүүлчээр авсан арга хэмжээнүүдийн улмаас гайхал вирус тархаж чадалгүй хязгаарлагджээ.

Өмнөд Солонгос, Итали, Иран нарт энэ туршлагаас суралцах 1 сарын хугацаа байсан ч харамсалтай нь ашиглаж чадсангүй. Тэд яг Хубэй шиг экспоненциал хуулиар өссөөр 2-р сарын төгсгөл гэхэд Хятадын (Хубэйгээс бусад) бүх мужийг гүйцэж түрүүлжээ.

Азийн орнууд

Өмнөд Солонгост өвчлөл галзуурсан. Харин Япон, Тайвань, Сингапур, Тайланд, Хонконгд яагаад их тархсангүй вэ?


Өвчтөний тоо, улс орноор (БНХАУ, Өмнөд Солонгос, Итали, Ираныг оруулаагүй).

Эдгээр орнууд 2003 онд бүгд амьсгалын цочмог халтай хамшинж (SARS) вируст өртсөн бөгөөд халдварт өвчин тоглоом биш болохыг мартаагүй байгаа. Ийм учраас тэд коронавирусын халдварыг эрт авсан ч гэсэн өсгөлгүй хязгаарлаж чадсан байна.

Дээд дурдсан орнуудад коронавирусын халдвар тархаж эхлэнгүүт засгийн газар нь шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авснаар халдварыг зогсоож чадсан. Харамсалтай нь бусад улс орнуудын хувьд үйл явдал огт өөрөөр өрнөсөн.

Энд Өмнөд Солонгосын талаар дуугүй өнгөрч болохгүй. Өмнөд Солонгост эхний 30 өвчтөнийг хязгаарлан барьж чадсан боловч 31 дэх өвчтөн нь анхаарал болгоомжгүйн улмаас мянга мянган хүнд халдвар тараачихсан. Одоо тэд зөвхөн ганц хүний тараасан вирусын горыг амсацгааж байна. Гэхдээ тэдний авсан арга хэмжээнүүд аль хэдийн үр дүнгээ өгч эхэлж байгаа. Жишээ нь Итали, Иран хоёр өвчлөлийн тоогоороо Өмнөд Солонгосыг саяхан гүйцсэн.

Вашингтон муж

Барууны орнуудын өвчлөл болон 7 хоногийн ямар байх урьдчилсан таамаглалыг дээр дурдсан. Хэрвээ тэд Ухань болон Азийн орнууд шиг хөл хорио тогтоохгүй бол бүгдийг хамарсан тахал болох болно.

АНУ-ын Вашингтон муж, Сан Франциско хавийн газар, Парис ба Мадрид хотуудын байдлыг нарийвчлан авч үзье.

Вашингтон муж бол Америкийн Ухань юм. Өвчлөлийн тоо энд одоогийн байдлаар 140 байгаа ба экспоненциал хуулиар өссөөр байна.

Гэхдээ энд нэг сонин зүйл болсон нь нас баралтын хувь асар их байсан. Тухайлбал, өвчтэй хүн 3 илэрснээс 1 нь нас барсан өдөр байсан.

Бусад газруудын статистикаас харахад нас баралтын хувь 0.5% ба 5%-ын хооронд байгаа (Энэ талаар бид сүүлд дахиж сөхнө). Вашингтон мужид нас баралтын хувь 33% байдаг нь юу гэсэн үг вэ?

Үүний тайлбар нь вирус тэнд олон хоногийн өмнөөс тархсаар байсан явдал юм. Үнэндээ бол өвчтэй хүн нийтдээ 3 байсан гэсэн үг биш. Маш олон өвчтэй хүнээс хамгийн хүндэрсэн 3 нь эмнэлэгт очиж шинжилгээ өгөөд, 1 нь нас барсан гэсэн үг.

Нөгөө шаргал ба саарал хэрчмүүдийг санаж байна уу? Шаргал хэрчмүүд (оношлогдсон өвчтөний тоо) нь эхэндээ их богинохон, бараг 0 шахуу байсан боловч саарал хэрчмүүд (бодит байдал) нь асар урт, хэдэн мянгаар хэмжигдэхээр байсан шүү дээ.

Бид зөвхөн оношлогдсон өвчтөнүүдийг л тоолж чадна. Эндээс бодит байдал дээр хэдэн хүнд халдвартай байгааг үнэлж болох уу? Энд би 2 өөр онолын загварыг ашиглан үүнийг яаж үнэлж болохыг тайлбарлая.

Нэгдүгээрт, нас баралтын тоогоор тооцох. Халдвар авсан хүн нас барах хүртлээ дунджаар хэр уддагийг бид мэднэ (17.3 хоног). Тэгэхээр Вашингтон мужид 2-р сарын 29-нд нас барсан хүн 2-р сарын 12-ны орчим халдвар авсан гэсэн үг.

Цаашилбал, бид нас баралтын хувийг мэдэж байгаа. Нас баралтын хувийг 1% гэж үзвэл (энэ талаар бид дахиж сөхнө), 2-р сарын 12-ны орчим тухайн орон нутагт халдвартай хүний тоо 100 орчим байсан гэсэн үг. Тэгээд энэ 100 хүнээс 1 нь 17.3 өдрийн дараа нас барсан.

Одоо халдвартай хүний тоо 2 дахин ихсэх дундаж хугацаа 6.2 хоног гэдгийг санавал, халдвартай хүний тоо 17 хоногт ойролцоогоор 8 (=2^(17/6)) дахин ихсэнэ. Тэгэхээр өнөөдөр 1 хүн нас барж байна гэдэг нь бодит байдал дээр 800 орчим хүн халдвар авчихсан байна гэдгийг хэлж байна гэсэн үг.

Вашингтон мужид өнөөдөр 22 хүн нас барсан. Дээрх маягаар тооцоо хийвэл, яг одоо 16000 орчим хүн халдвартай байна гэж гарна. Өөрөөр хэлбэл, Итали, Иран хоёрын албан ёсны тоонуудыг нийлүүлсний хэмжээний өвчлөл Вашингтон мужид байж болзошгүй.

Уг мужийн өгөгдлийг нарийвчлан үзвэл, нас барсан хүмүүсийн 19 нь нэг газраас гарсан байгаа. Энэ 19 хүнийг 1 хүн гээд тооцвол дээрх тоо 3000 орчим болж гарна.

Дээрхээс илүү нарийн, вирусын генетикийн аргаар Тревор Бедфорд тооцож үзэхэд Вашингтон мужид одоо халдвар авсан 1100 орчим хүн байна гэж гарсан.

Эдгээр аргууд нь төгс биш боловч бүгдээрээ нэг л юмыг хэлээд байна: Бодит байдал дээр өвчлөл албан ёсны тоо баримтаас хамаагүй их, зуугаар ч биш, мянгаар хэмжигдэхээр байгаа.

Сан Францискогийн булан

Энэ 3-р сарын 8 хүртэл Сан Францискогийн буланд шинэ вирусээс болж нэг ч хүн нас бараагүй тул бодит өвчлөлийг тооцоход хэцүү. Оношлогдсон өвчтөний тоо бол 86 байгаа. Гэвч оношлогооны хэрэгслээр дутмаг байгаагаас шалтгаалан АНУ-д маш цөөхөн хүмүүс л шинжилгээнд хамрагдсан. Тэд өөрсдөө оношлогооны хэрэгсэл хийсэн боловч тэр нь шаардлага хангах төвшинд байж чадаагүй.

Дараах хүснэгтээс 3-р сарын 3-ны байдлаар улс орнууд хэдэн хүн шинжилгээнд хамруулаад байгааг харж болно.

Жишээ нь, нэг ч өвчлөл илрээгүй Турк хүртэл 1 сая хүнд ногдох шинжилгээнийхээ тоогоор АНУ-аас 10 дахин их байна. Өнөөдөр ч гэсэн байдал нэг их дээрдсэгүй: Одоогоор нийт 8000 орчим дээжийг шинжлээд байгаа нь их л бодож 4000 хүн дээр шинжилгээ хийгдсэн гэсэн үг.


1 сая хүн тутамд хийгдсэн шинжилгээ, улс орноор

Энэ нөхцөлд бид оношлогдсон өвчтөн нийт өвчтөний хэдэн хувийг эзэлж байсныг бусад орнуудын статистик дээрээс харж харьцуулж болох юм. Сан Франциско орчимд бол ийш тийшээ аялаад ирсэн хүмүүс, тэдэнтэй холбоотой хүмүүсийг шинжилгээнд оруулж байгаа. Тэгэхээр тэд дотооддоо тархаж байгаа халдварыг бараг мэдэхгүй байгаа гэсэн үг.

Өмнөд Солонгосын статистикаас харахад, оношлогдсон тохиолдол 86 байх үед тэдний 86% нь гаднаас биш, дотоодынхоо хүн амаас халдсан тохиолдол байсан. Хэрэв гаднаас авсан халдвар 86 юм бол, нийтдээ 600 орчим байна гэж гарна.

Франц ба Парис

Өнөөдөр Францад 1400 шинэ тохиолдол, 30 нас баралт бүртгэгдсэн. Дээр дурдсан аргуудыг ашиглан тооцоо хийвэл, бодит байдал дээрх өвчтөний тоо 24 мянгаас 140 мянгын хооронд гэж гарна.

Франц дахь өвчтөний тоо бодит байдал дээр өнөөдөр 24 мянгаас 140 мянгын хооронд байна.

Итгэмээргүй байна уу? Хубэй мужийн графикийг дахиад нэг харъя.

Шаргал хэрчмүүдийг 1-р сарын 22 хүртэл бүгдийг нь нийлүүлээд өрвөл, 444 тохиолдол гарна. Харин саарал хэрчмүүдийг энэ хүртэл өрвөл, 12000 орчим гарна. Өөрөөр хэлбэл, Ухань хотод 444 тохиолдол бүртгэгдэх үед, бодит байдал дээр 27 дахин их хүн өвдчихсөн байсан байна. Францад одоо 1400 тохиолдол байгаа юм чинь жинхэнэ тоо нь 10 мянгаар хэмжигдэхээр байхыг үгүйсгэх аргагүй.

Парис хотод 30 орчим тохиолдол бүртгэгдсэн тул жинхэнэ тоо нь зуу, мянгаар хэмжигдэх болно. Харин Парисын ойр орчимд 300 тохиолдол илэрсэн нь үнэндээ цаанаа 10 мянгыг давчихсан байж мэдэхийг харуулна.

Испани ба Мадрид

Испанийн статистик Францтай их ойролцоо байгаа (1200 тохиолдол, 30 нас баралт). Тэгэхээр бодит байдал дээр Испани дахь халдварын тоо 20 мянга давчихсан байх өндөр магадлалтай.

Мадридын ойр орчимд 600 тохиолдол, 17 нас баралт бүртгэгдсэн тул жинхэнэ тоо нь 10-аас 60 мянгын хооронд байна гэсэн үг.

Хэрэв та үүнд итгэхгүй байвал ингээд бодоод үз: Ийм үедээ Ухань хот аль хэдийнээ хатуу хөл хорионд орчихсон байсан.

Өнөөдрийн АНУ, Испани, Франц, Иран, Герман, Япон, Нидерланд, Дани, Швед, Швейцари улсуудынх шиг нөхцөл байдалд байх үедээ Хубэй муж аль хэдийнээ хатуу хөл хорионд орчихсон байв.

Хубэй чинь нэг л муж шүү дээ, бүхэл бүтэн улстай харьцуулж болохгүй гэж бодож байвал: Хубэй муж нь 60 сая хүнтэй, хүн амаараа Испаниас илүү, Францтай ойролцоо муж гэдгийг сануулъя.

2. Ирээдүйд юу болох вэ?

Тэгэхээр Коронавирус аль хэдийнээ дэлхийгээр тархчихжээ. Ихэнх тохиолдлууд нь одоогоор далд байгаа боловч тоо нь экспоненциал хуулиар өсч байгаа.

Далд тохиолдлууд ил гарахаараа юу болох бол? Үүнд хариулахын тулд өвчлөл аль хэдийнээ туйлдаа хүрээд байгаа Хубэй, Итали гэх мэт газруудад юу болж байгааг харахад хангалттай.

Нас баралтын хувь

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) нас баралтын хувийг 3.4% гэж зарлаад байгаа. Өөрөөр хэлбэл коронавирусийн халдвар авсан 1000 хүнээс дунджаар 34 нь нас барна гэсэн үг. Үүнийг тодруулж тайлбарлая.


Нас баралт / оношлогдсон тоо

Нас баралтын хувь хаана, хэзээ вэ гэдгээсээ хамаарна. Жишээлбэл, одоо Өмнөд Солонгост 0.6% орчим, Иранд 4.4% орчим байна.

Нас баралтын хувийг дор хаяж 2 өөр аргаар тооцож болно.

  • Нас баралтын тоог нийт оношлогдсон өвчтөний тоонд хуваана.
  • Нас баралтын тоог нийт хаагдсан тохиолдлын тоонд хуваана. Хаагдсан тохиолдол гэдгээр нас барсан, эсвэл эдгэрсэн тохиолдлыг хэлнэ.

Эхний аргаар бодоход, зарим нээлттэй тохиолдол нь сүүлд нас баралт болж хувирч мэдэх тул ерөнхийдөө бага тоо гарна. Харин хоёрдахь аргаар бодоход, эдгэрэлт нь нас баралтыг бодвол удаан явагдах тул, ерөнхийдөө их тоо гарна.

Дээрх хоёр аргаар нас баралтын хувийг тооцоод, өдрөөс өдөрт яаж өөрчлөгдөж байгааг нь харвал, эцэстээ хоёулаа нэг ерөнхий цэгт уулзах ёстой. Жишээлбэл, БНХАУ-ын нас баралтын хувь 3.6% ба 6.1%-ийн хооронд байгаа бөгөөд, графикийг нь ирээдүй рүү үргэлжлүүлэн харвал, 3.8%–4% орчимд уулзах төлөвтэй байгаа. Энэ нь ханиадныхаас 30 дахин их тоо юм.

Гэхдээ, БНХАУ гэдэг нь Хубэй муж, бусад муж гэсэн хоорондоо эрс тэс ялгаатай хоёр зүйлээс бүтнэ гэдгийг санах хэрэгтэй.


Нас баралтын хувь. Хубэй муж

Хубэй мужийн хувьд нас баралтын хувь 4.8% орчим руу дөхөх байх. Харин Хубэйгээс бусад мужуудын хувьд нас баралтын хувь 0.9% орчим руу дөхөх шинжтэй байна:


Нас баралтын хувь, БНХАУ-ын Хубэйгээс бусад мужууд

Дор Иран, Итали, Өмнөд Солонгосын графикуудыг бас үзүүлэв.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-03-15 22:52:00

Сэтгэгдэл бичих

5+1 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty


СЭТГЭГДЭЛ БИЧИХ