Дахиад хэд хоног хөл хориотой байсан нь хаа хаанаа дээргүй юу?

Монгол улсад Covid-19 халдварын анхны тохиолдлыг Франц улсын иргэн авч ирсэнд хаана хаанаа маш их харамсаж байсан ч аз болоход түүнтэй хамгийн ойрын харилцагч иргэдийн шинжилгээ сөрөг гарсан нь Монголчуудын хувьд бас нэг давуу тал болж байна.
Франц улсын засгийн газар Монгол улсын засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд гүн талархал илэрхийлж байгаагаа хэлсэн бөгөөд Франц иргэний биеийн байдал сайн байгааг ХӨСҮТ ийн дарга ч онцолж байсан юм. Ийнхүү Монголчууд аюулт цар тахлын анхны тохиолдлыг эмчлэхийн зэрэгцээ ард иргэд нь хөл хорионд байж, уул хадаар хүүхдүүдээ агаарт гаргах гэсэн зарим нэг хүмүүсийг эс тооцвол хаа очиж хариуцлагатай, ухамсартай байлаа.
МИАТ тусгай нислэг хийж БНСУ-д байсан 244 монгол иргэн эх орондоо эргэн ирлээ. БНСУ-ын Дэгү зэрэг өвчний тархалт өндөртэй газраас ирсэн болон коронавирусийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэдийг ХӨСҮТ, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан юм. Үлдсэн иргэдийг нь Хан-Уул дүүргийн “Энхсаран” зэрэг сувилалд тусгаарлажээ. Иргэдийг ар гэр, ойр дотны хүмүүстэй уулзуулахгүйгээр өчигдөр шууд тусгаарлах газар хүргэсэн. Ингэхээс ч өөр арга байхгүй. Харин эх орондоо ирсэн иргэд, тэдний ах дүү ар гэрийнхэн төрийнхний үгийг биелүүлж түр тэвчих, дүрэм журмаа биелүүлэх нь чухал байна. Тэгвэл өнөөдөр өглөөний 07:00 цагаас хөл хөдөлгөөний хязгаарлалтыг зогсоосон. Энэ тухай ОБЕГ-аас тодруулахад:
- Хөл хорионы хязгаарлалтыг зогсоосон. Өнөөдрөөс үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллана гэв. Ийнхүү хөл хорионы хязгаарлалтыг албан ёсоор цуцалсан хэдий ч дахиад хэд хоног хөл хориотой байсан нь дээргүй юу, энэ нь найдвартай бишүү хэмээн саналаа илэрхийлэх иргэд ч цөөнгүй байна. Арга ч үгүй биз . ДЭМБ-аас нэгэнт хүлээн зөвшөөрсөн цар тахлын дэгдэлт нь хэрхэн аюултай өсч байсныг Хятад, Солонгосын жишээн дээр эргэн дүгнэлт хийсэн эрдэмтдийн тооцоолол улам бүр нотолж байгаа юм шүү дээ.
Н.Оч
СЭТГЭГДЭЛ БИЧИХ