Нийтийн тээвэр хэвийн үйлчилнэ

Нийслэлийн онцгой байдлын газар, мэргэжлийн хяналт, агаарын бохирдлыг бууруулах газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Шинэ төрлийн коронавирусийн тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан нийслэлээс гарах болон орох хөдөлгөөнийг өнөө өглөөний 07.00 цаг хүртэл хязгаарласан билээ. Үүнтэй холбогдуулан шалган нэвтрүүлэх товчоон дээр 157 албан хаагч орон нутгийн тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж ажилласан байна. Ингэснээр нийт 14 мянган тээврийн хэрэгслийн 35 мянган хүний халууныг хэмжжээ. Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэхээр бөөгнөрөл үүсгэхгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн ойролцоо уулын аманд иргэдийг олноор цуглуулахгүй, гудамж талбай нийтийн эзэмшлийн газар бөөгнөрөхгүй байхаар болсон. Энэ ажилд 6705 алба хаагч хяналт тавин ажиллажээ.

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой мэдээлэл хүргэхэд, өнгөрсөн амралтын өдрүүдэд есөн товчоон дээр албаныхан хяналт тавьж ажилласан байна. Энэ хугацаанд нийслэлээр 462 тонн  түүхий нүүрс дамжин өнгөрүүлсэн бол 1091 тонн түүхий нүүрс зөвшөөрлийн дагуу нэвтрүүлсэн байна. Харин 82.3 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн зөрчил гарчээ.

Түүнчлэн өнөөдрөөс эхлэн зарим газруудын үйл ажиллагааг нээж байгаа. Гэхдээ фитнес төвүүд болон уул руу алхах замыг нээгээгүй. Үүнийг гуравдугаар сарын 30-ныг хүртэл эдгээр газрын үйл ажиллагааг зогсоосон байгаа билээ. Өнөөдөр нээгдэж байгаа үйлчилгээний газрууд нь энэ сарын 10-16-ныг хүртэл хаах захирамжийн дагуу үйл ажиллагааг нь зогсоосон байгууллагууд аж. Мөн нийтийн тээвэр хэвийн явах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ