ЭМЯ: Голомт болон ойрын хавьтал бүгд тусгаарлагдсан шинжилгээ оношилгоо хийж байгаа

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан монголд COVID-19-ын онош батлагдсан таван тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "COVID-19-ын халдвар дэлхийн 165 оронд тархсан байна. Шинээр 5 оронд өвчлөл нэмэгдсэн. Ихэнх тохиолдлууд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Европын орнуудад буюу Норвеги, Итали, Испани, Дани, АНУ, Итали, ХБНГУ, АНУ, Францад өвчлөл өндөр тархацтай хэвээрээ байна.

Манайд өчигдөр COVID-19-ын онош батлагдсан тав дахь тохиолдол бүртгэгдсэн. Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг эмэгтэйд халдвар илэрсэн. Түүний ойрын хавьтал 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан.

Цаг агаар дулаарч байгаа ч нимгэн хувцаслаж болохгүйг анхааруулж байна. Даарах нь дархлаа сулруулдаг. ДЭМБ-аас өгч байгаа нэг зөвлөмж бол аль болох хоорондоо 1 метрээс доошгүй зайд байх хэрэгтэй. Тиймээс банк, ATM, нийтийн тээвэрт зай барьж харьцахыг зөвлөж байна.

Эрүүл мэндийн чиглэлээр 24 цагийн утаснууд ажиллаж байгаа. Яаран эмнэлэгт хандах нь өөрийгөө эрсдэлд оруулж байгаа зүйл гэдгийг анхааруулья.

Гараа сайн угаа, дархлаагаа сайн дэмжих, тайван байх, унтаж амрахыг ЭМЯ-наас цуврал зөвлөмжүүдээрээ хүргэж байгаа.

Голомт болон ойрын хавьтал бүгд тусгаарлагдсан шинжилгээ оношилгоо хийж байгаа” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ