УОК: Цар тахал намжаагүй байгаа тул иргэд хүүхдээ гадуур авч явж болохгүй

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.
Хилийн мэргэжлийн хяналтын хүмүүс бүх нислэгээр ирсэн иргэдээс эрүүл мэндийн үзлэг болон асуумжийг авч байгаа. Тусгаарлах хүсэлтийг ХӨСҮТ-д шилжүүлж байгаа. Сошиал орчинд гарсан шиг хүн тусгаарлагдахгүй үлдэх боломж, нөхцөл байхгүй гэдгийг шуурхай штабын алба хаагчид хурлын үеэр онцолж байлаа. Мөн цар дахал бүрэн намжаагүй байхад иргэд бага насны хүүхдээ дагуулж гадуур явж байна. Тиймээс шаардлагатай биш бол гэрээсээ гарахгүй, хүүхдийг гадуур авч явахгүй байхыг анхааруулав. Дэлхий нийтэд нөхцөл байдал улам эгзэгтэй болж байхад бид тайвшрах болоогүй, үргэлжлүүлэн урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэсэн юм.
Улсын онцгой комиссын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн "Цар тахлаас сэргийлэх стратеги төлөвлөгөөг Улсын онцгой комиссын шуурхай штабаас боловсруулж дууслаа.
Тусгай үүргийн нислэгээр гадаад улсаас нийт 986 иргэнийг авчирлаа. Дөрөв дэх удаагийн тусгай нислэг буюу Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц өнгөрсөн шөнө 01:00 цагт буусан. Нислэгээр ирсэн 252 иргэн болон нисэх багийн 15 хүн буюу нийт 267 хүнийг хүлээн авч биеийн байдлыг хянаж, тусгаарлах байранд хуваарилан байрлуулах ажиллагааг үүрийн 04:00 цаг хүртэл хийж гүйцэтгэлээ.
11 боомтоор 557 тээврийн хэрэгслээр орж ирсэн 332 монгол иргэнийг тусгаарлаад байна.
Тусгаарлах байранд байгаа иргэдийн санал хүсэлтийг үндэслэн 14 хоногт нэг удаа 10:00-16:00 цагийн хооронд эргэлт оруулахаар боллоо. Эргэлтээр оо сойз, ариун цэвэр, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг оруулна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ