Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг ирэх сарын 30-ны өдөр хүртэл зогсоолоо

Улсын онцгой комиссын 2020 оны 13 дугаар хурал болж өндөрлөлөө.
Хурлаар гаргасан шийдвэрийн талаар УОК-ын дарга Ө.Энхтүвшин танилцуулав. Тэрээр “Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах тухай, Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг сунгах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Дэлхий нийтэд амаргүй байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгахаар боллоо. Мөн олон улсын хуваарьт нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар оруулна" гэсэн юм.
Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Гадаадаас зайлшгүй авах шаардлагатай 1024 иргэнээ авсан. Одоо 14 хоногийн дотор нислэг хийхгүй. Үүний дараа дахин нислэг хийж, иргэнээ авах эсэхийг УОК-ын хуралдаанаар шийдвэрлэнэ. Хоёрдугаарт, төмөр замын асуудал байна. Олон улсын хуваарьт нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл зогсоож байна. Орон нутгийн нислэг, галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Алтанбулаг, Цагаан нуур боомтоор бараа бүтээгдэхүүний импорт, экспорт хэвийн явагдаж байна. Бараа тээврийн үйл ажиллагааг хаагаагүй” гэв.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн “УОК-ын шийдвэрт Монгол Улсын хилийн агаарын, авто зам, төмөр замын бүх боомтуудад хамаарна. Нэвтрэх, зорчигч тээврийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл хязгаарлав. Улс хоорондын тээврийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ. Хятадаас ирэх монгол иргэдийг Буянт-Ухаа хилийн боомт, Замын-Үүд, ОХУ-аас Алтанбулаг, Хиагт боомтоор нэвтрүүлнэ” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ