Монгол Улсад коронавирусын халдварын дахин 4 тохиолдол илэрлээ

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.21/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "ХӨСҮТ-д одоогийн байдлаар 193 иргэн хяналтад байна. 2020 оны Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 156 хүний шинжилгээ хийгдсэн. Үүнээс дөрвөн тохиолдолд шинэ коронавирус илэрлээ. Монгол Улсад нийт шинэ коронавирусний батлагдсан 10 тохиолдол бүртгэгдлээ.
Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс бусад иргэдэд шинжилгээ, тандалт судалгаанууд хийгдэж байна.
Дорноговь аймагт тусгаарлагдаж байсан буюу батлагдсан тохиолдол болох Франц иргэнтэй ойрын хавьтал болох 58 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан.
2020 оны гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу СӨРӨГ гарсан.
2020 оны гуравдугаар сарын 20-нд нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж, тандалт судалгаа хийгдэж байна" гэв.
Улс орнуудад ажиглалтаас гарсан хүмүүсийг дахин тусгаарлах шаардлага тулгарч байна хэмээн албан хүмүүс мэдээллээ эхлэхдээ хэллээ. Зарим улс орон өвчний тархалтыг горимд оруулаад байсан хэдий ч 9000 хүний мөргөл хийснээс 100 хүн халдвар авсан тохиолдол гарсан байна. Тиймээс нийтийг хамарсан үйл ажиллагаа хийх нь өндөр эрсдэлтэй гэж үзээд НҮБ болон бусад байгууллагууд үзэж хэрэгжүүлээд байна.
ДЭМБ-ын мэдээллээр дэлхийн хэмжээнд сүүлийн өдрийн байдлаар 24 247 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тэгснээр халдвар авсан хүний нийт тоо 234 073 болсон байна. Нас баралт 1000 давж, нийт нас баралт 9840 болоод байна. Өвчний тархалт дэлхийн улс орны 90 хувийг хамарчээ.. Өвчлөл өндөр байгаа орнуудын тоонд Итали, Испани, Герман улс бүртгэгдэж байгаа бол анх дэгдэлт эхэлснээс хойш Хятадад дотоодын иргэний шинэ тохиолдол бүртгэхгүй 2 хонож байна. Вакцины туршилтад анхны хүн орсон сайхан мэдээ байгааг ЭМЯ-наас дуулгалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ