УОК:Чартер нислэгийн хуваарь тодорхой болтол өргөдөл хүлээн авахгүй

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд хийгдэж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийлээ.
Тусгаарлалтаас гарсан иргэд үргэлжлүүлээд гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлах юм. Журмыг мөрдөөгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцно
"Цагаан нуурын боомт, Сэлэнгэ аймгийн боомтын орж ирэх хөдөлгөөнийг түр зогсоож, Буянт-Ухаа, Алтанбулагийн боомтоор иргэдээ татан авах ажлыг эхлүүлээд байна. Тусгаарлалтаас гарсан иргэд үргэлжлүүлээд гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлах юм. Журмыг мөрдөөгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцно. Тэднийг гар утасны аппликэйшнээр, хөршийн тусламжтай хянана" гэж ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн хэллээ.
Мөн "Иргэд тусгаарлах байрнаас гарсны дараа гэртээ мөн дэглэм барих ба үүнд олон улсын туршлагыг ч судалж байна. Тусгаарлах байрнаас гарах иргэдээр гэрээсээ 14 хоног гарахгүй, зөрчвөл хариуцлагаа хүлээнэ гэх агуулга бүхий маягтад гарын үсэг зуруулна. Тусгаарлалтын байрын тоог нэмэхээр Улаанбаатар хоттой ойр амралт сувиллын газруудыг судалж байна. Цаашид тусгаарлалтыг хотоос гаргахаар төлөвлөж байна" гэж Шуурхай штабын дарга ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хэллээ.
ОХУ-ын боомтоор нэвтрэх хүсэлтэй манай улсын 36 иргэн байгаагаас өнөөдөр 11 оюутан ирэх ба тэднийг байрлуулах тусгаарлалтын байрыг бэлджээ.
ЧАРТЕР НИСЛЭГИЙН ХУВААРЬ ТОДОРХОЙ БОЛТОЛ ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХГҮЙ
УОК-ийн шуурхай штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг дараах мэдээллийг өглөө.
“Он гарсаар 21 мянга орчим монголчууд эх орондоо иржээ. Гадаадын 80 гаруй улсад 190 мянга орчим монголчууд амьдардаг гэсэн судалгаа бий.
УОК-т тухай бүр мэдээллийг хүргэн ажиллаж байна. Гадаадад байгаа иргэд болон тэдний ар гэрийнхэнд хандаж хэлэхэд тухайн бүс нутагтаа тайван байхыг уриалмаар байна. Байгаа газар нутгийнхаа Засгийн газраас өгч байгаа зөвлөмжийг дагахыг хүсч байна. Гадаад улс руу чартер нислэг үйлдэх эсэх талаар асууж байна, өргөдөл өгч байна. Гадаад харилцааны яам руу, УОК-д өргөдөл өгч, хүсэлт тавих шаардлага байхгүй юм шүү. Онгоцны тийз захиалах бол тухайн агаарын тээврийн компанидаа хандан энгийг горимын дагуу хийгээрэй гэж хүсэх байна.
БНСУ-д сурдаг оюутнуудын асуудалд анхаарч эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт 70 гаруй монгол оюутны асуудлыг БНСУ-ын талд шилжүүлээд шийдвэрлээд байна. Нэг хэсэг нь эх орондоо байя гэж байхад зарим нь хичээлдээ явмаар байна гэсэн хүсэлтийг ирүүлээд байна. Гэхдээ тус улсад зарлаад буй хөл хорионы дэглэмийг мөн хүндэтгэх ёстой юм шүү” гэж ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ