Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 30, Пүрэв
Бөхчүүд сайхан сэтгэлээр нийгэм рүүгээ гараа сунгаж, хандив тусламж өгөх цаг болсон

Бөхчүүд сайхан сэтгэлээр нийгэм рүүгээ гараа сунгаж, хандив тусламж өгөх цаг болсон

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Уржигдар

-БӨХЧҮҮД ДОЛООН САЯ ГАРУЙ ТӨГРӨГИЙГ СЭТГЭЛИЙН ӨГЛӨГ БОЛГОН ӨГЧИХӨӨД БАЙНА-

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Улсын начин, “Аварга” дээд сургуулийн багш Б.Адъяахүү “Хавдрын Үндэсний Зөвлөл” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Тэрбээр үндэсний баяр наадмын дараахан шавь нартаа болон бөхчүүдэд хандан нэгэн уриалга гаргасан юм. Тодруулбал, хөдөө орон нутгаас ирсэн иргэд хавдрын эмчилгээний үед түр байрлах байр байхгүй хавдрын эмнэлгийн эргэн тойронд үйл ажиллагаагаа явуулдаг жижиг дэн буудлуудад хоног төөрүүлдэг. Тиймээс ийм иргэдэд зориулан түр байрлах байрыг засаж тохижуулахаар “Хавдрын Үндэсний Зөвлөл” ТББ-ынхан ажиллаж буй юм. Энэ талаар Улсын начин Б.Адъяахүүтэй ярилцлаа.

-Хавдрын эмчилгээ хийлгэж буй өвчтөний ар гэрийнхнийг түр байрлуулах байр барих төслийг яагаад эхлүүлэх болов?

-Доктор Батмөнхийн Цэцэгсайханы санаачлагаар “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ үүсгэн байгуулагдсан. Хавдар туссан хүмүүст туслах, энэ үйл ажиллагаанд олон түмний хүчийг чиглүүлж, зовсон зүдэрсэн улсуудад жаахан ч гэсэн яаж дэмжлэг туслалцаа үзүүлэх вэ гэсний үндсэн дээр энэ аяныг эхлүүлсэн юмаа. Жил хагасын өмнө эмч нарын баг, спорт, бөхчүүдээ төлөөлүүлээд миний бие Австрали улсад нэг сарын хугацаанд өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хавдар туссан хүмүүст нийгмээс ямар тусламж дэмжлэг үзүүлэх вэ гэсэн сэдвээр сургалтад хамрагдсан. Монгол Улсын хувьд хавдрын эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй хэцүүхэн байдалтай байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын зүгээс хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод хавдраа эмчлүүлэхээр ирсэн иргэдэд түр байрлах байр зайлшгүй хэрэгтэй гэдгийг олж харсан.

-Австралид ийм байр олон байна уу?

-Австрали, Япон улсууд ийм байр их байдаг юм байна. Гэтэл Монгол Улсад ийм байр байдаггүй. Тиймээс хөдөө орон нутгаас хавдартай хүмүүсээ асрахаар ирсэн иргэд маань ХСҮТ-ийг тойрсон хэдэн зочид буудлуудад хамаг мөнгөө өгөөд дуусдаг юм байна. Нийслэлд байгаа ах дүү, хамаатан садан нь эмчилгээнийх нь зардалд хандив тусламж өгөхөөс биш, гэртээ удаан хугацаагаар байлгах сонирхол байдаггүй. Яагаад гэвэл хавдрын эмчилгээг маш удаан хугацаанд хийдэг учраас өвчтөнийг асрах хүн зайлшгүй шаардлагатай байдаг. Эдгээр хүмүүстээ зориулаад 11 өрөө байр, дундаа нийтийн гал тогоотой түр байрлах байрыг тохижуулахаар ажиллаж байна. Нэг өрөөнд 2-4 хүн асран хамгаалагчтайгаа байрлах юм.

-Бөхчүүд түр байрлах байрны хэдэн өрөөг засаж тохижуулахаар хандив цуглуулж байгаа вэ?

-Манай бөхчүүдийн зүгээс хоёр өрөөг тохижуулахаар аян өрнүүлээд байна. Хавдартай хүмүүс болон тэднийг асарч буй хүмүүст зориулсан түр байрыг засварлаж тохижуулах аян зөвхөн бөхчүүд спортынхонд хамааралтай юм биш ээ гэдгийг хэлмээр байна. Энэ аяны хүрээнд хэр их санхүүжилт цуглах нь, эхний ээлжид хоёр өрөөгөө тохижуулаад үзье. Хэрэв илүү мөнгө гарах юм бол нийтийн гал тогоо болон бусад зүйлст зарцуулахаар төлөвлөж байна. Яагаад энэ аянд бөхчүүдийг уриалсан гэхээр нийгэм рүү хандсан үйл ажиллагаанд уриалъя, гар бие оролцуулъя гэсэн бодол өмнө нь надад байсан. Манай бөхчүүд шагнал авахаас хүнд юм өгдөггүй гэсэн нэр зүүчихлээ. Сүүлийн үед бөхийн хоёр холбоо маргалдаад нийгэмд бухимдал үүсгэж учир нь олдохгүй үзэл бодлын зөрүү гарчхаад байна. Эв эеэ хичээгээд бөхчүүд нийлээд хамтрах юм бол нийгэм, ард түмэн рүүгээ гараа сунгах бололцоотой юмаа гэдгийг харуулахыг зорьсон. Үүний үр дүн ч гэсэн гарч долоон сая гаран төгрөгийг бөхчүүд сэтгэлийн өглөг болгон өгчихөөд байна.

-Бөхчүүд таны уриалгыг их сайхнаар хүлээн авч, сэтгэлийнхээ өглөгийг харамгүй өгч буй нь Монголын ард түмэнд ч гэсэн таалагдаж байна?

-Энэ жилийн наадам их сайхан болсон. Үндэсний баяр наадам ямар нэгэн будлиан маргаантай, эмх замбараагүй, олон түмний дургүйцэл хүргэсэн, найраа хавтгайрсан болбол бөхчүүд, ард түмний сэтгэл гонсгор байдаг. Энэ жилийн наадам ямар сайхан шударга, өрсөлдөөнтэй, маргаан будлиангүй, ямар нэгэн бичлэгийг дахин харуулах, хүн амьтныг шуугиулсан, хоёр хуваасан зүйл болсонгүй. Цэгцтэй, замбараатай нар хур тэгширсэн сайхан наадам болсон. Наадам сайхан болохоор ард түмэн, бөхчүүдийн сэтгэл санаа их өндөр байна. Тиймээс багш дасгалжуулагч хүний хувьд бөхчүүд, ард түмнээ ийм сайхан сэтгэлийн цэнгэлтэй байгаа дээр нь энэ аянаа эхлүүлсэн. Ард иргэд бухимдсан, маргаантай үед аянаа эхлүүлвэл нийгэм хүлээж авахгүй шүү дээ.


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Уржигдар

Сэтгэгдэл бичих

4+2 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty