Хүүхдэдээ вакцин хийлгэх үү, болих уу?

Хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд насанд хүртэл нь төрөл бүрийн халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд вакцин хийдэг. Зөвхөн хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс ч амьдралынхаа туршид нэг бус төрлийн вакцинд хамрагдах шаардлагатай болдог. Үүнийг дархлаажуулалт хэмээн дэлхий нийтээрээ нэрлэж заншсан.



Манай улсын хувьд эрүүл мэндийн яамнаас ойрын өдрүүдэд дархлаажуулалтын арав хоногийн аяныг зарлаад буй. Гэвч сүүлийн жилүүдэд вакцин хийх нь хүүхдийн биед сөрөг, гаж нөлөө үзүүлдэг. Энэ бол нэг төрлийн бизнес болохоос хүний биед хэрэгтэй эд биш гэсэн сөрөг мэдээллүүд тархах болов. Энэ мэдээллүүд ч нөлөөлсөн үү, зарим аав ээж нар хүүхдэдээ шаардлагатай вакцинуудыг нь хийлгэхээс татгалзах болсон талаар мэргэжилтнүүд ярьдаг. Энэ талаар ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.  


Томуугийн вакциныг заавал хийлгэх ёстой юу?


Бид дархлаажуулалтын аяныг албан ёсоор зохион байгуулаад арав гаруй жил болж байна. Жилдээ хавар, намар гээд хоёр удаа зохион байгуулдаг. Вакцин хийгдэх ёстой. Хийх хийхдээ тодорхой товлолоор хийгдэх учиртай. Учир нь товлосон хугацаанд вакцинаа хийлгэсэн хүүхэд өндөр дархлаатай болдог нь судалгаагаар ч, амьдрал дээр ч батлагдсан. Манай улс анх 1940 онд цагаан цэцэг өвчний вакциныг хийж эхэлсэн. Тухайн үед цагаан цэцэг өвчин Монголд их өргөн тархсан, нүүр нь цоохор болчихсон хүмүүс байсан. Вакцин хийгээд хэдхэн жилийн дараа энэ өвчин устаж, үгүй болсон. Өөр нэг нь саа өвчин. Энэ өвчнийг туссан хүн хөл гар нь ажиллагаагүй болохоос эхсүүлээд ямар болдгийг хүмүүс мэднэ.

Халдварт саагаас вакцины тусламжтайгаар л сэргийлж байна. Сүүлийн үеийн жишээ гэвэл 2015-2016 онуудад манай улсад улаан бурхан өвчний томоохон дэгдэлт болж, нэг бус бага насны хүүхэд эндсэн тохиолдол гарсан. Үүний дотор зургаагаас доош насны хүүхэд орсон шүү дээ. Улаан бурхны вакциныг нэг биш, хоёр тун авч байж дархлаа тогтдог. Гэтэл эхний тунгаа авчихаад хоёр дахь тунгаа аваагүй хүүхэд эндсэн тохиолдол гарч байсан. Иймээс вакцин бол өнөөгийн анагаах ухаанд халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга юм. Илүү үр дүнтэй арга одоогоор алга.


Вакцин гэдэг нь өөрөө яг юу юм бэ. Хүмүүс тухайн өвчний нянг хүнд халдаах замаар дархлаа тогтоодог гэж ойлгоод байдаг. Энэ зөв үү?

Ер нь бол вакциныг хэзээ хийж эхэлдэг вэ гэвэл тухайн өвчний нянг сайтар судалж, тогтоосны дараа юм. Өвчин өөрөө ямар нянгаар үүсгэгдэж байгааг нь судалж, тогтоогоогүй байж вакцин гаргаж авах боломжгүй. Вакциныг дотор нь амьд, идэвхигүй гэж хоёр хуваадаг. Манай улсад хэрэглэсэн саагийн вакцин бол амьд нь байсан. Сүүлийн үед ДЭМБ идэвхгүйжүүлсэн вакциныг хэрэглэхийг илүүтэй зөвлөж байгаа.


Сүүлийн үед иргэдийн дунд вакцинтай холбоотой сөрөг мэдээлэл их тархаж байна. Энэ талаар?


Иймэрхүү янз бүрийн сөрөг яриа гарах нь хаа ч байдаг энгийн үзэгдэл. Вакцин гэдэг зүйл чинь өөрөө хүн бүрт харилцан адилгүй үйлчлэл үзүүлдэг. Яг ижилхэн вакциныг нас чацуу хоёр хүүхдэд зэрэг хийлээ гэхэд тухайн хүүхдийнхээ дархлаа хэр сул байгаагаас шалтгаалаад өөр өөрөөр үйлчлэх тохиолдол байна. Хамгийн гол нь ийм тохиолдлуудыг мэргэжлийн хүмүүс анхааралтай ажиглаж байх ёстой. 


Дэлхий даяар жилд хоёр тэрбум хол давсан тун вакцин үйлдвэрлэгддэг гэсэн албан бус тоо байдаг бөгөөд нийт хүн амын 85 хувь нь их, бага ямар нэг хэмжээгээр вакцинд хамрагдсан байдаг аж. Гэвч зөвхөн Африк тивийн хөгжил буурай 21 оронд гэхэд 14.3 сая бага насны хүүхэд шаардлагатай дархлаажуулалтад огт хамрагдаж чадаагүй байгаа аж.  Иргэдээ вакцинд хамгийн идэвхтэй хамруулдаг орнуудаар АНУ, Канад, Австрали тэргүүлдэг бол вакцин үйлдвэрлэгч компаниуд зөвхөн 2016 онд 56 тэрбум ам.долларын орлого олжээ. Сүүлийн жилүүдэд вакцины үйлдвэрлэлд Энэтхэг, Хятад улсууд хүч түрэн орж ирсэн ба тэрбумыг давсан хүн амтай Энэтхэг улс дангаараа хүн амынхаа 60 хувийг хангаж чадахуйц тооны вакциныг өнгөрсөн онд үйлдвэрлэсэн байна. 

Тэгвэл вакцинд хамрагдаж чадаагүйгээс болж дэлхий даяар 20 секунд тутамд бага насны нэг хүүхэд энддэг гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргажээ.

 

 

 

Г.Хулан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ