Д.Арвин: Одоо мөрдөгдөж байгаа хуульд гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн зүйл заалт байхгүй

УИХ-ын гишүүн Д.Арвинтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Дүүргийнхээ захын хороодод халуун ус, зам, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, хог зэрэг асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Гол нь хог нэн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Нийслэлийн төвийн хогийг хамж аваачаад Нарангийн энгэрт уул давуулаад хаячихдаг. Тиймээс манай улсад хог боловсруулах үйлдвэр зайлшгүй шаардлагатай байна. Өмнөх гурван парламентын үед хог боловсруулах үйлдвэр барихаар хөрөнгө мөнгө нь шийдэгдэж байсан ч өнөөг хүртэл нэг нь ч ашиглалтад ороогүй. Боловсруулах үйлдвэргүйгээс бид хогтой тэмцэхэд гар мухардаад байна. Нарангийн энгэрт Японы ЖАЙКА-гийн тусламжтайгаар Хог боловсруулах үйлдвэр барьж эхэлсэн ч одоог хүртэл ашиглалтад ороогүй. Нийслэлээс жилд 600 мянган тонн хог гардаг гэсэн тоо бий. Тэгэхээр энэ асуудал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихэж. Тиймээс Хог боловсруулах үйлдвэрийн тухай хуулийн төслийг Ц.Оюунгэрэл гишүүнтэй хамтран боловсруулж байна. Манайд Хог хаягдлын тухай хуулийг өнгөрсөн парламентын үед баталсан байдаг.
Гуравхан хуудас уг хуульд хог хаяхгүй байх тухай л тусгасан. Боловсруулах үйлдвэрийн тухай төрөөс баримтлах бодлогын баримт бичиг байхгүй. Тиймээс энэ чиглэлийн хууль эрхзүйн орчныг УИХ-аас бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хог боловсруулах үйлдвэр барихын тулд гадаадын туршлагыг авах хэрэгтэй. Сингапур, ОХУ зэрэг орон Германы туршлагаар хоггүй болсон байна лээ. Тиймээс бид Германы хөтөлбөрөөр хог боловсруулах үйлдвэр барих төслийн баг ажиллуулахаар судалж байна. Энэ талаар боловсруулсан хуулийн төслөө удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ. Түүнчлэн хуучин барилга байгууламжийг 15 жил болоод улсын хөрөнгөөр засдаг байсан. Өнөөдөр энэ байдал үгүй болж, социализмын үеийн байрууд хуучирч, оршин суугчид нь хүнд нөхцөлд амьдарч байгаа учраас Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийг шинэчлэн, найруулах чиглэлээр энэ зун ажиллалаа. Уг хуулийн төслөө оршин суугчдаар хэлэлцүүлж, саналыг ньавч байна. Энэ мэт ажлыг намрын чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөтэй байгаа.
-Гадаадын хөрөнгө оруулалт 50 орчим хувиар буурсан. Энэ нь манай хууль, журамтай шууд холбоотой гэж байгаа. Тиймээс Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар боловсруулж УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр болсон. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Бид гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлж ажилласаар ирсэн. Зарим нэг зүйл дээр хэт улстөржсөн, шийдвэр гаргаж байна. Газрын доорх баялаг Монголын ард түмний өмч. Гэтэл үүнийг хэдхэн хүн авч, зарж тоглоод байдаг. Үүнийг болиулсан болохоос биш гадаадын хөрөнгө оруулагчдад хориг тавьсан зүйл байхгүй. Харин ч хүн ам багатай манай оронд гадаадынхан хангалттай орж ирсэн. АНУ, БНСУ, БНХАУ, Канад гээд олон орны иргэн Монголд ажиллаж байна. Одоо мөрдөгдөж буй хуульд гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн зүйл заалт байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч өмнөх дөрвөн жилийн хугацаанд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж, лицензүүдийг цуцалсан. Энэ зүйл Монгол Улсын аюулгүй байдалд цоо шинэ эргэлт болсон. Өөрөөр хэлбэл, уул, ус, байгаль дэлхий, төрийн тахилгатай уулны дэргэд нүх ухаж, төнхдөг байдал цэгцрэх шатандаа орлоо. Нэг компанид олон лиценз өгөхөө болих хэрэгтэй байсан. Хэдэн зуун жилийн дараа Монгол Улс оршиж, бидний үр хойч амьдарна. Тэдэнд газрын баялаг, унаган байгалиаүлдээх хэрэгтэй. Бидний үе Монголоор дуусахгүй гэдгийг хэлье. Гадаадын хөрөнгө оруулалт гэдгээр далимдуулж уул усаа төнхөх гэж байвал эндүүрэл болно шүү гэж хэлмээр байна.
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад нэг жил болж байна. Энэ хугацаанд Засгийн газрыг төдийлөн сайн ажиллаагүй гэдэг үнэлгээг цөөнгүй хүмүүс өгч байгаа. Та ямар үнэлгээ өгөх вэ?
-Дэлхийн бүх л орон хямралд орж байсан. Манай улсын эдийн засаг сүүлийн 6-7 жилд хямарч байсан ч бид даваад гарч байв. Намайг 2000 онд УИХ-ын гишүүн байхад цалингаа тавьж чадахгүйд хүрч байсан. Энэ мэт хүндрэл гарлаа гэхэд бид даваад л гарна. Энэ бол Засгийн газрыг огцруулах асуудал биш. Өндөр хөгжилтэй орнуудад асуудал гараад байхад манайдгаралгүй яах вэ. Харин хямралыг даван туулахын тулд ямар арга хэмжээ авах талаар гарцаа зөв олох ёстой. Засгийн газраа огцруулдаг ажил өмнөх он жилүүдээр дуусгавар болсон гэж бодож байна. Одоо тэгж засаг төрөөрөө тоглож болохгүй. Хэн нэгэн хүний амбицаар шийддэг ч асуудал энэ биш. Засгийн газар ажлаа хийж байна. Ерөнхий сайд хөдөө орон нутагт ажиллахын зэрэгцээ улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр цаг наргүй зүтгэж байгаа харагддаг. Манай Засгийн газар сайн ажиллаж байна гэж хэлдэг улс орон дэлхийд ховор. Бүгд л болохгүй бүтэхгүй байна гэж шүүмжилдэг шүү дээ.
-Сүүлийн үед төсөвт тодотгол хийх тухай асуудлыг ярьж байна. Төсөвт тодотгол хийх нь хэр оновчтой вэ. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Нэг үе жил бүр төсөвт тодотгол хийдэг байсан. Энэ хаврын чуулганаар төсөвт тодотгол хийх байх гэсэн чинь хийгээгүй. Өнгөрсөн намрын чуулганаар бас л төсөвт тодотгол хийсэн. Тодотгол хийх нь эдийн засгийн хүндрэлийг даван туулахад туслалцаа үзүүлдэг. Төсвийн тасалдлыг нөхөж балансаа барихын тулд тодотгол хийх шаардлагатай шүү дээ.
-Үндсэн хуулийг өөрчлөх эсэх ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар гарч ажиллаж байгаа. Ер нь ингэж өөрчлөх нь зөв үү?
-Үндсэн хууль батлагдаад 20 гаруй жил болж байна. Тэр үед Монгол Улс нэг нийгмээс нөгөөд шилжиж байв. Үндсэн хуулийн заалт бүрийг одоо мөрдөөд явахад учир дутагдалтай байгаа. Тиймээс хуулийг бүхэлд нь бус юм аа гэхэд 1-2 заалтыг нь өөрчилж болно. Монгол Улс парламентын тогтолцоотой учраас ялсан нам нь намаа төлөвшүүлж, хүчтэй болгож байж өөрийнхөө үзэл баримтлалыг барих ёстой. Гэтэл өнөөдөр энэ байдал хоёрдмол утгатайгаар хуульд суусан байна. Энэ утгаараа 76 бие даагч гараад ирэх бололцоотой болж байгаа юм.
У.САРАНГЭРЭЛ
Эх сурвалж http://www.info.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ