Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар мэдээлэл хийж байна

Zarig.mn сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд анхнаасаа явсан өмгөөлөгчдөөс гадна нэмэгдэж гурван өмгөөлөгч нийт таван өмгөөлөгч шүүх хуралдаанд орж байна.

Шүүх танхимын гадаа өмгөөлөгч нар мэдээллээ:

"Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын зүгээс хоёр хүсэлт гаргана. Нэг хүсэлтийг энд дурдах боломжгүй.

Хэвлэлийн төлөөллүүд, УИХ-ын зарим гишүүд, ХЭҮК гэх мэт хэргийн оролцогч биш субьектүүд шүүх хуралдаанд ажиглагчаар оролцож, олон нийтэд нээлттэй явуулах хүсэлтүүд гаргасан. Мөн Өнөрцэцэг ч өөрөө ийм хүсэлт өгсөн.

Өмгөөлөгч нарын зүгээс шүүх бүрэлдэхүүнд дахин нээлттэй явуулах хүсэлт гаргана. Үүнийг шүүх бүрэлдэхүүн шийднэ. Өмнөх гаргасан хүсэлтийг хариуцаж авсан шүүгч дангаараа шийдвэрлэсэн бол одоо гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэнэ.

Хурлаас гарч ирээд тодорхой мэдээллүүд хуулийн хүрээнд өгч болно" гэв.

"Өнөрцэцэгийн шүүх хурлын зарим хэсгийг нээлттэй, зарим хэсгийг хаалттай явуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс бүхэлд нь хаалттай явуулна гэдэг шийдвэр гаргасан. Энэ асуудал маш нийтлэг тохиолддог. Тухайн хүний гэм буруутайг тогтоох асуудал дээр нэг л асуудал нь төрийн нууц буюу албаны нууцтай холбоотой байвал бүхэлд нь нууц гэж авч үздэг. Энэ нь цаашдаа хүний эрхзүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс ямар тохиолдолд тусгаарлах, нээлттэй байх вэ гэдэг асуудлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нарийвчлан зохицуулах хэрэгцээ шаардлага байгааг үүгээр харуулж байна.

Энд ганцхан шүүгдэгчийн асуудал биш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа оролцогчдод хүртэл хүний эрхзүйн байдал, хүний эрхийн асуудал доройтож байгаа нөхцөл байдал харагдаж байна. Тухайлбал өмгөөлөгч нар нотлох баримтууд хавтаст хэргүүдтэй нэг бүрчлэн танилцаад товчлол тэмдэглэл хийгээд шүүхээс авч гарах эрх хүртэл хязгаарлагдсан байна.

Энэ нь Монгол улсад аливаа зүйлийг нууц гэдэг нэрийн дор хүний эрхийг дордуулдаг эрхээ бүрэн хамгаалах боломжийг олгохгүй байгаа асуудал бол хууль зүйн асар том шинэчлэл хийх шаардлагатайг харуулж байна. Цаашилбал хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хэрэгжилт, ялангуяа хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүний ажил мэргэжлийн заагийг нь хуульчилж өгөхгүй бол өнөөдөр энэ мэтчилэн асуудлууд ар араасаа гарах үр дагавар ихтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин