С.Сосор: Хүн өөрөө араатан амьтан, адгууснаас долоон дор авирлах нь бий шүү дээ

“Хүнчин” хэмээх содон нэртэй роман хэвлэлтээс гараагүй байхаасаа л олны анхаарал татаж, хүлээлт үүсгэж эхлээд байна.Уг номын зохиолч, сэтгүүлч Сэрээнэнгийн Сосортой уулзаж ярилцсанаа хүргэе. Тэрээр одоо “Мөнхийн үсэг” компанийн “Болор судар” хэвлэлийн газарт редактораар ажилладаг.
-Таны ном ямартай ч таньж мэддэг мэргэжил нэгтнүүдийнхээ дунд ам дамжин яригдсаарнэлээд хүлээлт үүсгээд эхэлчихэж. Нэрнээсээ л их содон санагдаж байна шүү. Хүнчин гэж чухам юуг, хэнийг хэлээд байна?
-Хүнчин гэж хэн бэ гэдгийг мэдэхээсээ өмнө хүн гэж хэн бэ гэсэн асуулт гарч ирэх байх. Хүний л тухай ном л доо уг нь. Харахад чи бид бүгдээрээ л махан бие, цусан зүрхтэй, хоёр хөл, хоёр гартай, нэг толгойтой хүн тийм үү. Гэвч хоёр хөл хохимой толгойтой бүхэн яг хүн мөн үү. Хүн гэж чухамхэн юм бэ. Би хүн мөн үү гэсэн бодол эргэцүүлэл хүн болгонд төрдөг болов уу. Хүн гэж хэлэхэд даанч хэцүү,араатан амьтнаас ч долоон дор амьтад бас байдаг шүү дээ, амьдралд. Хүн гэж амьтны бусад амьтнаас ялгарах онцлог, мөн чанар гэж нэг юм байдаг. Тэр мөн чанарыг л гаргахыг хичээсэн дээ.
-Яагаад ийм зохиол бичих болов?
-Хоёр жилийн өмнө Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган гуай над руу утасдаад ирж уулзаач гэдэг юм байна. Тэгээд яваад очтол нэг кино зохиол бичих санал тавьж байна. Би урьд нь ганцхан жүжгийн зохиолбичиж, тэр маань Эрдэнэтийн Хүүхэд залуучуудын театрт тавигдаад аминдаа их баяртай, дахиад ч юм бичвэл биччих юмсан гэсэн хорхойтой байсан үе. Өмнө нь хэд хэдэн хүнд захиалж бичүүлээд болсонгүй, чи нэг үзээд алдах уу гэхээр нь шууд л тэгье гэсэн.
ШШГЕГ 90 жилийнхээ ойгоорөөрсдийнхөө ажил мэргэжлийн онцлог, амьдралыг харуулсан кинотой болох гэсэн юм билээ л дээ. Гэтэл би тухайн үед цаад газрынхаа тухай ч олигтой ойлголт байхгүй байлаа. Зүгээр л шорон гэсэн ганцхан үг л толгойд орж ирсэн. Хэдэн өдөр л бодлоо. Аз болоход Эрдэнэбулган гуайн “Чингис хаан”кино групп цаад газрынхаа баримтат киног бас хийж байсан юм билээ. Тэднийг дагаад л зурганд нь яваад байлаа. Бараг л бүх хорих ангиар орсон. Толгойд ер олигтой санаа орж ирдэггүй.Орчин үеийн тэр шорон гэдэг чинь миний бодож төсөөлж, жийрхэж байснаас огт өөр юм билээ. Ялангуяа тэр эмэгтэйчүүдийн хорих энэ тэр бол зүгээр л нэг томоохон үйлдвэрийн газраар орж байгаа юм шиг л сэтгэгдэл төрүүлж байсан. Ижилхэн өнгийн халаадтай хүүхнүүд хоорондоо ярьж хөөрөөд ажлаа шамдан хийж байхыгхарсан чинь энэ чинь шорон мөн үү гэж бодмоор.
Хугацаа давчуу байдаг. За манай зохиолч сэдвээ олсон уу, зохиол эхэлсэн үүгээд л нөгөөдүүл маань асууна. Яанаа хүний ажил баллаад хаячих вий гэсэн бөөн айдастай хэрнээ эхэлсэн гээд л яваад байлаа. Тэгтэл баримтат киноныхны зураг авалт ч дуусч би явах газар ч үгүй болдог юм байна. Гяндан дээр л очоогүй бусад бараг бүр хорихоор орчихож. Намайг явж эхлэхээс өмнө зураг авалтынхан тэрүүгээр орчихсон юм билээ. Ерөөсөө тэр гяндан гэдэгт нь л очиж сонирхох юмсан. Тэнд л миний зохиолын санаа байгаа даа гэж бодогдоод болдоггүй. Тэгээд Булгаа ахад хэллээ. Би тэр гяндан гээч газарт л очиж үзмээр байна гэж. Булгаа ах дээд газраас нь зөвшөөрөл авч, зургийн дарга Мандах ахыгаа дагуулаад нэг өдөр Тахир соёот руу гараад давхилаа.Нэгэнт зөвшөөрөлтэй юм болохоор дотогш нэвтэрч, зарим нэг ялтнуудтай ч уулзан ганц нэг үг сольж, нарлагаандаа гарч байхад нь ч торны наанаас цаг хэртэй харж зогслоо. Би зүгээр л тэдний нүдийг харахыг хичээж байсан. Зарим нь нүүр рууэгц харахгүй дальдчина. Зарим нь өрөмдөх мэт цоо ширтэнэ. Өширхсөн үзэн ядсан харцбайхад эвий хөөрхий дөө гэж өөрийн эрхгүй шимшрэн бодмоор өршөөл гуйсан харц ч байх юм. Тэндээс наашилж явахад миний зүрх маш их хөндүүрлэж, уйлмаар ч юм шиг, хашгирмаар ч юм шиг, бүр ганц нэг зуун грамм татчихмаар ч юм шиг нэг л сонин болоод байсан. Замын турш дөмбийж явсааргэртээ ирээд хаалгаа түгжиж аваад л компьютерээ асаагаад суусан даа.
Зуны амралттай үе болохоор гэрийнхэн зусландаа гарчихсан, садаа болох хүн ч байхгүй. Хориод хоног өдөр шөнөө мэдэхгүй суусан даа. Бичиж байгаад нэг чилээгээ гаргахаар өндийхөд гадаа харанхуй болчихсон байдаг. Нэг мэдэхэд өглөө болчихсон байдаг. Өөрийн эрхгүй нүд анилдаад ирэхээр хувцастайгаа тэр чигтээ хэвтээд нүдний хор гаргачихна. Кофе уугаа л бэлэн гоймон идээд л бичээд байсан. Тэгээд хориод хоногтбичиж дуусгаад Булгаа ахад аваачиж өглөө. Өмнө нь хоёр гурван хүний бичээд гологдсон зохиолыг надад өгч уншуулсан юм. Бүр олны танил алдартай хүний зохиолч байсан. За та уншиж үзээд болмооргүй бол надад хэлээрэй. Битгий л удаж намайг зовоогоорой гэж хэлчихээд л гараад явчихсан би. Шууд гэртээхарьчихаж чаддаггүй ээ. Тэр хавиар эргэлдээд л байшинг нь тойроод алхаад байлаа. Утсаа тас атгачихсан. Дуугардаггүй ээ нөгөө утас нь. Наашаа алхсаар байгаад нэг мэдсэн Түүхийн музейн хажууд хүрээд ирж. Дэмий байхаар гэж бодоод музей үзлээ. Нөгөө музейгээ ойлгож байгаа ч юм алга. Зохиолыг маань уншиж дууссан болов уу, таалагдаагүй юм байх даа. Тэгсэн ч гэсэн уучлаарай гээд утасдаад хэлчихэд яадаг байнаа гээд л түмэн шидийн бодол толгойд эргэлдээд. Ерөөсөө өөрөө залгадаг юм билүү гэж бодсон ч зориг хүрдэггүй. Тэгж тэгж ашгүй утас дуугарлаа. Хартал Булгаа ахын дугаар мөн байна. Зүрх оволзоод л явчихсан. За тааруухан болжээ гэвэл тэр л биз яадгийн. Амь биш, заяа биш гэж бодоо л утсаа авлаа. Тэгсэн харин, за чи мөн айхтар бичдэг хүүхэд юмаа. Манай кино группийнхэн бүгд уншлаа. Уйлах нь уйллаа. Мань мэтийн зүрх муутай нэгнийх нь зүрх өвдлөө гэдэг юм байна. Өөрийн эрхгүй ёох гэж байгаа юм биш үү би.Тэгээд Шүүхийн шийдвэрийн удирдлагуудад уншуулна, тэдэнд таалагдвал киногоо хийнэ дээ л гэсэн. Бас л түгшүүрт хэд хоног.
-Тэгээд киногоо хийсэн үү?
-Хийсэн. Гурав хоногийн дараа билүү над руу Булгаа ах яриад, за зохиол чинь бүх хүмүүст таалагдаж, кино хийхээр болсон гэсэн. Тэгээд л зураг авалтад явсан даа.
-Зургаа хаана авсан бэ?
-Мэдээж гяндан дээр.
-Кино нь гарсан юм уу. Ерөөсөө дуулаагүй юм байна?
-Гарсан. ШШГЕГ-ын 90 жилийн ой баяраар киноныхоо нээлтийг хийсэн. Тэндхийн ажилтнууд бүгд л үзсэн байх. Дүүрэн л хүн байсан. Уйлах нь уйлаад л алга ташаад л гоё л юм билээ.Өмнө нь киноны нээлт энэ тэр гэж хийж байсан биш сэтгэл бол үнэхээр хөдөлж байсан.
-Кино хийчихээд дахиад яагаад роман болгохоор шийдэв. Эсвэл киносэтгэлд чинь хүрсэнгүй юу?
-Юу ч гэмээр юм бэ дээ. Тэр кинонд маш олон манай нэртэй киноны уран бүтээлчид хамтарч ажилласан. Тэгэхээр надад тэр кино ийм тийм гэж ярих эрх байхгүй. Би ямар киноны хүн биш. Зүгээр зураг авалтын натурт би хамт явж гяндан дээр бараг сар шахам болсон юм. Тэр үед л би маш их зүйлийг дутуу мэдэрч, тэр хэрээр дутуу бичжээ гэдгээ ойлгосон л доо. Яг өөрөө орчинд нь байгаад мэдрээд ирэхээр миний нэг удаа очоод ганц хоёр цаг болсон сэтгэгдэл юу ч биш санагдаж байгаа юм. Ингэдэг байж, тэгдэг байж гэсэн санаа олон гарч ирсэн. Өөрийгөө тэр жижигхэн камерт байгаагаар төсөөлж, тэр ч байтугай хоосон камерт ороод нааран дээр нь хэдэн цаг юм бодоод сууж ч үзсэн. Тэгээд л тэр бүгдийгээ бодож бясалгаж явсаар байгаад л ном болголоо. Энэ номоо би бараг хоёр жил гаруй хугацаанд бичсэн.
-“Хүнчин” гэхээр их содон дуулдаад байгаа юм. Юу гэсэн үг вэ гээд л шүүмжлэх хүмүүс ч гарч ирэх л байх?
-Тийм ээ. Гэхдээ би энэ номыг зүгээр л уншаад үзээрэй, шүүмжлэхээсээ өмнө л гэж хэлмээр байна. Яалт ч үгүй хүнчин гэж хэлэхээс аргагүй л болсон. Монгол хэлэнд ийм нэр томьёо байхгүй л дээ. Гэхдээ гахайчин, тахиачин гэж хэлж болоод байгаа биз дээ. Гэтэл хүн гэдэг маань өөрөө араатан амьтан, адгууснаас долоон дор авирлах нь бий шүү дээ. Хүн гэж хэлэхэд ч хэцүү. Ном уншаад хүмүүс за аргагүй л хүнчин юм даа гэж ойлгох байхаа. Уншаагүй хүнд сонин бууж байж болох юм. Би өөрөө ч их уншдаг хүн шүү дээ. Хийдэг ажил маань унших. “Болор судар” хэвлэлийн газар редактор хийдэг. Шинэ номууд худалдаанд гарахаасаа өмнө миний гарыг дамждаг гэж бодохоор бас бахархмаар сайхан ажил шүү. Хүмүүс юу бичиж байна, уншигчид юу уншихыг хүсч байна. Би юу бичих вэ гээд л их ч бодсон. Сэтгэлийн хөөрлөөр гаргасан ном биш ээ.
-Нэлээд нулимстай, гунигтай ном байх гэж яагаад ч юм бодогдлоо?
-Айхтар хар бараан ном бол огт биш. Харин ч их өөдрөг гэрэл гэгээтэй зохиол. Харанхуйн дундаас ч хүн гэрлийг олж, итгэлийг олж түүгээрээ тэжээгдэж, тэтгэгдэж амьдардаг юм байна. Хүний сайхан сэтгэл, сайхан хайр, нөхөрлөл, итгэлийн тухай л өгүүлдэг. Одоо хараад байхад ялангуяа залуучууд, хүүхдүүд юманд их өнгөц ханддаг болчихсон санагддаг юм. Хамгийн нандин, хамгийн эрхэм зүйлд ч дандаа худлаа хуурамч хандаад байх шиг. Нөгөө сэтгэлийн нандин гэдэг нь үгүй болоод л, багасаад л. Миний номноос хүмүүс хайрыг мэдрээсэй, итгэлийг мэдрээсэй, сэтгэлийн нандиныг мэдрээсэй л гэж хүсч байна. Тэгээд бас бид ямар аз жаргалтай, ямар их боломжтой, ямар их эрх чөлөөтэй амьдарч байгаагаа мэдэрч ухаараасайгэж бодож байна даа.
-Роман болгож бичсэнээс нь хойш хэн нэгэнд уншуулсан уу. Хүмүүс хэр хүлээж авч байх юм?
-Хоёр редактор уншсан. Манай ахлах редактор Отгоо бол олон жил уншсан айхтар хүн л дээ. Хийдэг ажил нь л зохиол унших болохоор зохиолын сайн мууг шууд хэлдэг. Би Отгоод зохиолоо өгчихөөд бас л түгшиж байлаа. Бид хоёр зэрэгцээд суудаг юм. Уншиж байхад нь би сэм хараад л суугаад байлаа. За байз би нэг гарч тамхилчихаад ирэхгүй бол болохгүй нь ээ гээд л уншиж байх дундуураа хоёр ч гарсан. Уг нь бол бараг татдаггүй, хааяа нэг л татдаг байхгүй юу. За нэг л эвгүйтээд байх чинь дахиад нэг тамхилчихаад ирдэг юм билүү гээд л гарахаар нь л за ямартай ч сэтгэлийг нь нэг юм чангаах нь чангаасан л юм байна гэж бодоод жаахан тайвширсан. Тэгээд хэдхэн цагийн дотор уншиж дуусаад, За Соо эгч ээ үнэхээр сайхан зохиол болжээ. Захиралд танилцуулаад манай “Болор судар” энэ номын чинь хэвлэх эрхийг худалдаж авъя гэсэн. Тэгээд манай захирал, ахлах менежерүүд уншсан. Бүгд л сайхан зохиол байна. Эхэлчихээд тавилгүй уншиж дуусгалаа, маш их уйллаа л гэлцээд надад баяр хүргэсэн.Ингээд л манай компани номыг маань хэвлэн гаргаж байгаа юм.
-Танд уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа.
Н.Түвшинжаргал
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ