Д.Жаргалсайхан: Манайх яаралтай үйлдвэрлэгч болж ам.долларын нөлөөнөөс гарах ёстой

Эдийн засагч Д.Жар­гал­сайхантай ярилц­лаа.


-Сүүлийн хоёр са­рын хугацаанд ам.дол­ларын ханш эрс өслөө. Үүн дээр та ямар дүг­нэлттэй байна вэ?

-Ам.долларын ханш хоёр шалтгаанаас болж өссөн.Нэгдүгээрт, гадаад худалдааны алдагдал огцом өссөн буюу импорт нь экспортоосоо үргэлж их байдагт. Монголмах, махан бүтээгдэхүүнээс бусад бараг бүх бараагаа импортолдог. Эхний ха­гас жилд 1.5 тэрбум, жи­лээр нь бодоход гурван тэрбум доллар буюу эдийн засгийн 20-30 хувь­тай тэнцэх алдагдал. Бид үйлдвэрлэгч биш учраас байдал ийм болж байна.

Хоёрдугаарт, гадаа­даас орж ирж байгаа хө­рөнгө оруулалт, мөнгө­ний гуйвуулга эрс багас­сан учир дотоодод бай­гаа ам.долларын хэмжээ буур­сан явдал. Мон­го­лын дотоодын гүйлгээнд ч ихэнх нь ам.долла­раар (юаниар) авсан ба­раа эргэлдэх учир ам.дол­лар чухал үүрэг гүйцэт­гэдэг. Мөн Хятадын эдийн зас­гийн өсөлт буурахаар, экспорт нь саарч, юань сулрах хандлагатай учир Монголд юанийг чанга дээр нь ам.доллар авах гээд сонирхол яваандаа ихэсч болно. Тэр үед юань сул­раад, доллар чангарах болно, одоо­гоор энэ хоёр хоёу­лаа Мон­голд чан­гарч байна.

Манайхан экспортод бүтээгдэхүүн гаргахад ланхаарах хэрэгтэй. Урьд нь алдагдал бага байсан нь бид экспортод эрдсийн түүхий эд гаргаад мөнгө олоод байсан. Одоо нүүр­­­­сээ гаргах нь ашиггүй болохоор валют орж ирэх­гүй байна.

-Сүүлийн үед Мон­голын эдийн засаг хям­раад байна гэх нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь энэ хямрал биш ээ түр зуурын хүндрэл гэх юм. Өнөөдөр Монголд эдийн засгийн хямрал нүүр­лээд байна уу, хэсэг зуурын хүнд­рэл гарчихав уу?

-Сонгомол тодорхой­лолт нь хоёр улирал да­раалаад эдийн засаг хасах гарвал хямарлаа гэдэг. Манайх хасах биш, бүр хоёр оронтой тоо­гоор өсч байгаа. Өндөр өсөлттэй хэрнээ өнөө­гийн хүндрэлтэй байдалд ороод байгаа нь эдийн засгийн өсөлт бүр иргэ­дийн амьдралын түвшинг дээшлүүлдэггүйг хэлээд байгаа юм.

Эрдсийн экспорт өсөх нь эдийн засгийн чанар­тай өсөлт гэсэн үг биш. Эдийн засагт үнэ цэнэ (нэмүү өртөг) бий болго­сон үйл ажиллагаа нь давамгай байх ёстой. Уул уурхайн өсөлт эдийн за­сагт хөөсөн өсөлт бүр­дүүлснийг бид харж бай­на. Манай ашигт малт­малын гол хэрэглэгч Хята­дын хэрэгцээнээс бүх зүйл хамаарна. Манай нүүрсний үнэ Австрали, Оростой өрсөлдөх чад­вар­гүй болоод эхэллээ. Гол учир нь нүүрсээ авто машинаар шороон за­маар зөөж буй учир өртөг их. Нүүрсийг дэлхий дээр усан болон төмөр замаар л зөөдөг.

Монголын төр засаг энэ асуудлыг шийдэж ча­дах­гүй байна. Хувийн компани төмөр зам бари­хыг зогсоочихоод одоо заавал төрийн буюу иргэ­дийн мөнгөөр төмөр зам тавиад эхэллээ. Ер нь бол 10-аас дээш хувиар өсч буй эдийн засаг үргэлж хөөс дагуулдаг. Их мөнгө ороод ирэ­хээр үндсэн хөрөнгөний үнэ нэмэг­дэнэ. Цалин нэмэхээр, өргөн хэрэг­лээ­ний бараа бүтээгдэхүү­ний үнэ нэ­мэгддэг. Даанч бидний бүтээмж нэмэг­дэх­гүй бай­на. Энэ хоёрын зөрүү­нээс хөөс бий бол­сон. Сүүлийн хэдэн жил үлээ­сэн бөмбөлөг хагарч эхэлж байна.

-Цаашид ам.долла­рын ханш 2000 төгрөгт хүрнэ гээд байгаа. Үүн дээр та ямар бодолтой байна вэ?

-Доллар өснө гээд хэл­чихээр хүмүүсийн хүлээлт өөр болоод улам өсгөөд байгааг анхаарах хэрэгтэй. Цаашид дол­ларын ханш улирлын үйл ажиллагаанаас болоод хэлбэлзэнэ. Оны эцэст 1670 дээр зогсох байх, хэдийгээр одоо 1680 хүр­сэн ч. Сургууль, соёлын ули­рал эхэлж байгаатай холбоотой өсөлт. Одоо­хон долларын хэрэгцээ багасдаг үе рүүгээ орно.

Эдийн засагт орж буй мөнгө хувийн хэрэглээн­дээ бус, юм бүтээхэд, бү­тээх чадварыг нэмэгдүү­лэхэд шилжиж байгаа л бол эдийн засаг зөв яв­даг. Манай улс үүнд тууш­тай анхаарахгүй байна. Бид дэлхийд хэрэгцээтэй бараа үйлчилгээ бүтээж экспорт гаргаж чадахгүй байна. Үүний нэг шалт­гаан нь төр засаг нь төр өөрөө хийе, дэмжээд хөн­гөлөлттэй зээл өгье гээд бүх салбарт ороод бай­гаа­тай холбоотой. Ингэс­нээр төр засаг өрсөл­дөө­нийг устгаж байна. Хямд­хан зээл авсан компанийг өрсөлдөгч нь яаж дийлэх юм бэ. Өрсөлдөөн байх­гүй газар бүтээмж нэмэг­дэх­гүй, тэгэх ч шаардла­гагүй, хамгийн сайн бо­ловсон хүчнийг авч ч чаддаггүй. Зарлигаар цалин нэмээд байхаар боловсон хүч­нүүд нь онц­гой хичээх, шинийг бү­тээж санаач­лах шаард­ла­га­­гүй бол­дог.

-Сүүлийн үеийн мэ­дэгдлүүдийг хараад бай­хад монголчууд дол­лараар наймаа хий­дэггүй. Ихэвчлэн урд хөрштэйгээ харьцдаг тул долларын үнийн савалгаа Монголд ямар ч нөлөөлөх зүйл байх­гүй гээд байна?

-Долларын ханш бид­ний амьдралд нөлөөлөх­гүй гэж байгаа нь худлаа. Харин ч хамгийн их нө­лөөл­дөг. Манайхан юа­нийг авахын тулд доллар авдаг. Юань, доллар хоёр Монголд чөлөөтэй эр­гэлд­дэг валют. Бид өөрс­дөө юм бүтээхгүй гаднаас бараа бүтээгдэхүүн аваад байгаа цагт юань, доллар байсаар л байна.

Ер нь бид маш яарал­тай үйлдвэрлэгч болох хэрэгтэй. Импортоор авч байгаа зүйлсээ орлуу­лахыг хичээ. Бодлого­тойгоор, Монголдоо хий­сэн бүтээгдэхүүнийг хэ­рэг­лэх нь зүйтэй. Солон­госчууд хямралаас ээмэг, бөгжөө хандивлаж бай­гаад гарсан түүх бий. Ин­гээд импортоо орлуулах, эхний ээлжинд чацарга­ны шүүс уугаад, нэрс­ний чанамал идээд эхэлье. Гадаадаас авчир­сан мах, сүү биш Монгол малыхаа буяныг зөвхөн хэрэглэе. Гадаад худал­дааны алдаг­дал багасна. Хүн бүрийн оролцоо чухал.

Эдийн засгийн хүнд­рэлийн өөр нэг шалтгаан нь төрийн бүтэц дэндүү томорсонд байгаа юм. Төрийн бүтцийг томруу­лах нь улс төрийнхөнд ашигтай болсон. Тэдний бизнес нь нэг гараараа төсвийг томруулах, нөгөө гараараа холбоотой ком­па­ниуддаа төрийн үйл­чил­гээг өндөр үнээр хүр­гүүлэх, зам барих, төрийн худалдан авалт, түүний санхүүжилтийн сүлжээнд оролцох бол­лоо. Улс төр, бизнесийн холбоо улам далд, улам нарийн болж байна. Тэгэ­хээр манай төрийн тогтол­цоо, төрийн бүтцийн далд холбоог сууриар нь өөрч­лөх шаардлагатай.

-Одоо бензинээс бу­сад бараа бүтээгдэ­хүү­ний үнэ нэмэгдчихлээ. Цаашид бензиний үнийг төр барьж дий­лэх­гүй гээд байгаа. Үүн дээр байр сууриа илэр­хий­лэх­гүй юу?

-Бензин нийлүүлж буй компаниудад хямд­рал­тай үнээр, томоохон зээл өгөөд үнэ нэмж бо­лохгүй, нэмбэл торгодог бүтэц тогтов. Энэ бол үнэ өөрчлөгдөхгүй явсаар зардал нь өссөөр нэг л өдөр бензингүй болчих магадлал өндөр. Эзэд нь компаниа ашиггүй ч ха­маа­гүй үнээр зарчихдаг.

Өнөөдөр бид төрийн үүргийг буруу ойлгоод байгаа юм. Төр том байх ёстой гэдэг социалист үзэл бодол. Бүгдээрээ адилхан ядуу байх Кубын сонголт. Төр нь бага, бүх тогтолцоонд юуг, яаж хийх стандарт, журмыг тогтоо­гоод түүнийг ний­тээр мөрдүүлэх ажлыг л төр хийх ёстой. Гашуун ч гэсэн үүнийг эртхэн ойл­гож, төр засаг жижиг болж ажиллахгүй бол бид улам хүчтэй цохилт амсах болно.

-Энэ сарын 16-ны өдөр ээлжит бус чуул­ганаар Хөрөнгө оруу­лал­тын тухай хуулийг хэлэлцэнэ. Уг хуулийг хэлэлцсэнээр ямар үр дүнд хүрэх бол. Бид энэ хуулиас юу хүлээх ёстой вэ?

-Эдийн засгийн хям­рал, хүндрэл бол алдаа­гаа засах, бодлогоо то­дорхойлох боломж. Хуу­лийг яаж ч өөрчлөөд, маргааш нь хөрөнгө оруу­лагчид ирэхгүй. Хөрөнгө оруулалтын тухай хуу­лийг өөрчлөхдөө яавал өмнөх алдаануудаа гар­гах­гүй байхыг бодох хэ­рэг­тэй. Том хөрөнгө оруул­бал урт хугацаа­гаар тогтвортой байлгах гэрээ байгуулна гээд бай­гаа. Тогтвортой байдлын гэрээ байгуулна гэдэг нь хууль зүйн олон орчин бий болгож, тэгэх тусам эдийн засагт тогтворгүй байдал бий болгоно гэсэн үг. Хариу тогтвортой байл­гах зүйл бол гэрээ биш, харин бодлого нь өөрөө байх ёстой.

Бизнесийн тогтвор­той байдлыг урт хуга­цаанд хангахын тулд үргэлж хүн нь солигдох ёстой төр өөрөө бизнест бага оролцох явдал. Мон­голын бүх орд газар, Мон­голын иргэн хүн тус бүр шиг,стратегийнх байтал ялгасан нэр томъёо өгөөд байгаа нь өөрөө буруу. Тэртэй тэргүй газрын доорх баялаг зуун хувь ард түмнийх.Тэнд ажил­лаж байгаа компаниас хувь эзэмшээд, хөрөнгөө оруулна, оруулахгүй гээд маргалдах ч шаардла­гагүй.

Түүний оронд ашигт малтмал ашигласны төл­бөр, бусад татвар хураам­жаа нэмж хасаад сууж байсан нь хамаагүй ашиг­тай. Зарим үед бүсээ чангалж, суллах нь хэн хэндээ хэрэгтэй юм. Авст­рали болон бусад орнуу­дад ийм зүйл байдаггүй.

Манайх шиг 200 ор­ноос 100-д жагссан авли­гатай оронд төр нь хувь­цааг нь эзэмшээд,ашгийн нь шударга хуваагаад явах бол үлгэр. Норвеги шиг, ядаж эхний тавд ор­вол өөр хэрэг. Тэр болтол цаг хугацаа хэрэгтэй.

Эдүгээ төр 34 хувийг байтугай, 100 хувь эзэмш­сэнээ чхянаж чадахгүй байна. Төрийн өмчийн гэх улс төрчдийн компаниу­дад авьяас чадвар дээр суурилаагүй арын хаал­ганы, улс төрийн намынх холбоотой, ах дүү, хамаа­тан садан нь бидний хөрөн­гийг ээлж ээлжээр завшаад удаж байна.Улс­төрчид улс үндэстэн баян байх байхыг уриал­дагч, одоогоор бол зөв­хөн өөрсдөө л баяжсаар байгаа.

Монголчууд төр засаг дотроо хулгай луйвраа цэгцэлж чадаагүй цагт Монголын эдийн засаг хөгжихгүй шүү дээ. Хям­рал үргэлж гарах бөгөөд төлбөрийг нь ард түмэн төлсөөр байна. Иргэд бидний худалдан авч буй талх болон бусад бараа болгоны үнийн 10 хувийг төр засгийн тансаг зан, төрийн өмчийн компаниу­дын алдагдлыг төлөхөд зарцуулж байгаа.

-Хөрөнгө оруулагчид нэгэнт дүрвэчихлээ. Хэдэн жилийн дараа­наас хөрөнгө оруулалт орж ирэх бол?

-2014 онд манай хам­гийн том түнш болох Хята­дын эдийн засаг саарсан хэвээрээ байна. Хятадын эдийн засгийн нэг хувийн бууралт бидэнд хүндээр тусч, эдийн засагт нө­лөөлж байна. 2014 онд шууд хөрөнгө оруулалт эргээд ирэхгүй байх.

Энэ хооронд гэр ор­ноо цэвэрлэж, бүх зүйлээ байх ёстой газар нь тавьж чадвал эдийн засаг арай гайгүй болох юм. Нөгөө нэг асуудал нь төмөр замын цариг болчихлоо. Урагшаа гарч байгаа бүх замаа нарийнаар, хой­шоо өргөнөөр тавьчих хэрэгтэй. Ачаа шилжүүл­дэг бүх үйлчилгээг Мон­гол нутгийн гүнд хий­вэл бид олон улсын тээв­рийн үйлчилгээний занги­лаа төв яваандаа болж, том орлоготой болно. Энэ бол том ашиг, газраа ухах шаардлага бага бол­но. Ази, Европын худал­даанд үйлчилсэн гүний боомтууд Монголд хэд хэдэн хотод байна гээд боддоо. Гэтэл үүнийг хийх­гүй янз бүрийн шал­таг гаргахаа больчихоо­сой. Аль болох хоёр хөр­шийн сонирхол хил дээр биш нутгийн гүнд уулзах нь стратегийн ашигтай.

-Монгол банк дол­ларын ханшийн өсөл­төд анхаарал хандуу­лан ажиллаж байгаа гэ­сэн. Гэтэл УИХ-ын дарга интервенцийг сул орхих хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж бай­на. Зүгээр л зөнд нь ор­хи­чих хэрэгтэй юм уу?

-Монгол банк төгрө­гийн уналтыг огцом биш байлгах талаас нь ажил­лаж чадахаас бүрэн зог­соож чадахгүй. Тэгж ч болохгүй. Ханшийн өөрч­лөл­тийг байгаа нөөцийн­хөө хэмжээнд тааруулан түр зуур барина.

-Баруун цанхийн ол­борлолт эхэлсэн. Энэ нь Монголын эдийн за­сагт дэм болж чадах уу?

-Уг нь Зүүн Цанхийн мөнгө өдийд эдийн зас­гийн эргэлтэд орчих бай­лаа. Борлуулалтын төл­бө­рөө түрүүлж зээлээр аваад хуваагаад идчих­сэн учир Зүүн Цанхиас өрөө дарж байгаа. Өл­сөөд байгаа учир Баруун Цанхиасаа нүүрс гаргаж буй хэрэг. Харин аль хэр мөнгө олох нь төмөр зам хэзээ барих, нүүрсээ угааж чадах эсэхээс л хамаарна.

-Бондын ашиглал­тын талаар та ямар бо­долтой байна. "Чингэс" бондын мөнгийг үр дүн­тэй зарцуулж чадав уу?

-Бид энэ бондыг яа­рал­тай авсан шалтгаан бол өмнө нь тэр хэмжээ­ний шахуу хөрөнгийг 3-4 төрийн аж ахуйн нэгжээс зээлж аваад хэрэглэ­чих­сэн явдал. Хэрэв тэгээ­гүйсэн бол бонд авахгүй­гээр, дэд бүтэц рүүгээ уул уурхайгаас олсон мөнгөө хийх байсан. Үүний ха­риуц­лагыг хэн хүлээх юм. Хоёр нам л хүлээнэ. Энэ хоёр эвсэж байхдаа би­дэнд хайртайдаа ч биш, сонгуулийн үеэр хоосон амласандаа болоод тэр их мөнгийг хамтраад та­раа­гаад өгчихсөн. Тэгээд хэн ч хариуцлага хүлээх­гүй яваад л байгаа.

Үндсэндээ тэр мөнгөө зээлээр буюу бондоороо төлж байгаа хэрэг. Баруун Цанхийн нүүрсээ өнөө­гийн ханшаараа өгөх нь ашиггүй. Мөн автомаши­наар зөөж байгаа нь эко­ло­гийн хувьд нэн хортой. Орон нутгийнхан дургүй байгаа.

Монгол Улсын хөг­жилд дэд бүтэц хэрэгтэй. Дэд бүтцэд мөнгө хэрэг­тэй. Түүнийгээ зээлээд л аваад байна. Яваандаа зээлээр биш өөрсдийн орлогоосоо авах хатуу сахилга бат тогтоомоор санагддаг. Хувийн сек­торын хийчих зүйлийг хийлгэх нь зүйтэй. Төрд байгаа авлига, олон тэр­бум төгрөгийн ашиггүй ажлыг цэгцлээд бондын­хоо өрийг дарах хэрэгтэй. Ахиад бид бонд авах бо­лоо ч үгүй. Яагаад гэвэл бид эдийн засагтайгаа тэнцүү шахуу өртэй бол­чихсон. Одоо бүсээ чан­галах хэрэгтэй.

-Ахиж зээл авбал бон­дын хүү нэмэгдэнэ. Иргэ­дийн нуруунд ачаа улам л нэмэгдэнэ биз?

-Бонд шинээр гарга­вал нэмэгдэнэ. Манай эдийн засгийн төлж чадах хэмжээний бондыг бид авчихсан. Үүнээс цааш авч чадахгүй. Хэрэв авбал улам өндөр хүү­тэй байх болно. Монгол Улс мөнгийг олох чадва­раа­саа илүү зараад бай­на. Энэ нь ирээдүйг маш эрс­дэлтэй болж байгаа юм.

-Уул уурхайн гадаа­дын хөрөнгө оруулалт зогссон болохоос бу­сад салбарын хөрөнгө оруулалт хэвийн хэм­жээн­дээ байна. Тийм болохоор уул уурхайг дагаж хямрах шаардла­гагүй гэх юм?

-Манай экспортын 80 хувь нь уул уурхай. Бусад салбарын хувьд эдийн засагт том нөлөө байхгүй. Бид мөнгөтэй болохоо­роо найр наадам хийж гадаадын хөрөнгө оруу­лагчдаа нүд үзүүрлэн хөө­гөөд, мөнгөгүй болчих­сон хойноо буцаад ирээ­ч гэх боллоо. Зөвхөн улс төрчдийн араншин. Үүний­хээ оронд соёл ир­гэн­­шилтэй бусад орны адилаар хамтарсан, хө­рөн­гийг нь оруулсан хэл­бэрээр гадаад ертөнц­тэй үргэлж цуг явах нь зөв. Харин хууль, дүрэм зөрч­сөн бол гадна, дотны гэлт­гүй хэнбугайг ч ха­риуц­лага хүлээлгэх ёстой.

-"Дисковериа Мон­голиа" чуулга уулзал­тад өмнөх жилүү­дийн­хийг бодоход цөөн тө­лөөлөгчид оролцож байна. Энэ юунаас болж байна вэ?

-Уул уурхайн бизнес хумигдаад эхэллээ. Одоо бол Монголд нэгэнт хө­рөн­гөө оруулчихсан нь үлдсэн. Тэд олон жи­лээр тооцоод их хөрөнгө аваад ирчихсэн тул санд­раад л байж байна. Сан­хүүгийн хөрөнгө босгодог компа­ниуд нь гарч яваад хө­рөнгөө оруулсан компа­ниуд нь бидэнтэй цуг эрс­дэлээ хүлээж байгаа юм. Жишээ нь уул уурхайн өрөмдлөг хийдэг ч юм уу, лабо­раторийнхон үлд­сэн. Ер нь хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байх­гүй бид хөрөнгийг бий болгох чад­­ва­раасаа илүү зар­цуу­лаад байна.

-Гаднын хөрөнгө оруу­лагчдыг эргүүлэн татах шилдэг арга гэвэл та юуг нэрлэхээр байна?

-Эдийн засаг дахь төрийн оролцоог багас­гах, урьдчилан харж боло­хуйц, гэнэт огцом хөдөл­дөггүй бизнесийн орчин байлгах, гадаадын хө­рөн­гө оруулагчидтай ха­рилцах уур амьсгал эн­гийн, гадаадын хүмүүсийг ирээд амьдрахад найр­саг байх хэрэгтэй. Мон­голчууд гадаадын хүмүү­сийг хараад дургүйцэж байгаа нь тэднийг бүүр ирэхгүй болгож байна. Гуравдагч хөршийнхөн явж байна. Гэтэл хоёр хөрш өөрсдөө гадаадын хөрөнгө оруулалт татах гэж байгаа болохоор юун Монголтой манатай. Ер нь бодох зүйл их байна даа.

-"Их 20" буюу "Жи 20"-ийн уулзалт Санкт-Петрбург хотноо бол­сон. Энэ уулзалтын талаар ямар бодолтой байгаа вэ?

-Үндэстэн дамжсан компаниудаас татвараа авах талаар анх удаа хэлэлцэж байна. Давхар татварын асуудлыг хөн­дөж байна. Ер нь үнэ цэнэ бий болгож буй улсдаататвараа төлөх нь шударга зарчим. "Жи 20"-ийн уулзалтын шинэлэг зүйл нь энэ.

-"Жи 20"-ын уулзал­таас гаргасан шийдвэр Монголд нөлөөлөх хэм­жээгээрээ хэр байх бол?

-Үргэлж нөлөөлдөг. Нөлөөлөхгүй гээд байгаа хүмүүсээс, Монголд хий­сэн юуг хэрэглэж байгааг асуу. Гар утас, өмссөн хувцас, унаж буй машин, бензинээ хар. Бүгдээрээ Монголд хийг­дээ­гүй.Эд­гээр барааны үнэ өөрч­лөг­дөхөд би­дэнд нөлөөл­дөг. Бидний сонголт бас гажигтай бол­чихсон. Бид шинэ, үнэтэй машин л аваад байдаг, зам чинь хуучин, муу хэвээ­рээ л байгаа. Хот чинь маши­наа даахгүй болчихсон. Орчноо засах нь хэнд ашигтайг ч ойлго­доггүй.Сайхан зам, сайн эмнэ­лэг, гар утастай болъё гэдэг. Гэр дотроо сайхан, гадаа гараад муу хэвээ­рээ. Ухаалаг, даруухан байцгаая.Бас"адууны­хаа хирээр исгэр" гэдэг байх аа.

Э.ЭНХБОЛД

СЭТГЭГДЭЛ БИЧИХ