Монгол Улсын зээлжих зэрэглэл анх удаа “BB”-ээр үнэлэгдэв

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Эс Энд Пи агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “BB-”, төлөвийг “Тогтвортой” болгож шинэчилснээ 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зарлав. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг дээшлүүлэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн талаар дурдсан байна. Үүнд: 

  • Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, эдийн засгийн өсөлт өндөр байсан тул 2022 оноос хойш төсвийн гүйцэтгэл сайжирч, Засгийн газрын өр ба ДНБ-ий харьцаа буурлаа. 
  • Энэ жилийн хувьд экспорт саарсан ч уул уурхайн олборлолт, Засгийн газрын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр ирэх 2-3 жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт тогтвортой байх хүлээлттэй байна.  
  • Иймд тус агентлагаас Монгол Улсын урт хугацаат зээлжих зэрэглэлийг “ВB-”, төлөвийг “Тогтвортой” болгон ахиулж, харин богино хугацаат зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээв.  
  • Урт хугацаат зээлжих зэрэглэлийн “Тогтвортой” төлөв нь улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа ч ирэх 2 жилийн хугацаанд эдийн засаг тогтвортой тэлж, төсвийн алдагдал бага хэмжээнд байх хүлээлттэй байна.  

Цаашид үнэлгээг дээшлүүлэх нөхцөл: 

Монгол Улсын богино хугацаат гадаад цэвэр өр ба урсгал дансны орлогын харьцаа 50 хувиас бага түвшинд хүрэх, Засгийн газрын цэвэр өрийн хэмжээний жилийн өөрчлөлт ДНБ-ий 1 хувиас бага түвшинд хүрч буурах зэргээр Монгол Улсын гадаад секторын болон төсвийн нөхцөл байдал сайжрах тохиолдолд Эс Энд Пи агентлагаас зээлжих зэрэглэлийн үнэлгээг нэмэгдүүлэх боломжтой байна.  

Түүнчлэн, институцийн тогтолцоог сайжруулах, ялангуяа бодлогын таамаглагдахуйц байдал (predictability)-ыг нэмэгдүүлэх нь зээлжих зэрэглэлийг ахиулах хүчин зүйл болно. 

Цаашид үнэлгээг бууруулах нөхцөл: 

Монгол Улсын эдийн засгийн төлөв муудаж, дундаж орлоготой ижил түвшний орнуудын эдийн засгийн өсөлтөөс доогуур түвшинд хүрвэл тус агентлагаас зээлжих зэрэглэлийг бууруулах эрсдэлтэй. Түүнчлэн төсвийн сахилга бат алдагдсанаар төсвийн алдагдал хадгалагдаж, Засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа 30 хувийг давах тохиолдолд үнэлгээг бууруулах эрсдэлтэй. 

Институт ба эдийн засгийн байдал:  

  • Геополитикийн нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын нүүрсний эрэлт нэмэгдэж, сүүлийн 2 жилийн хугацаанд Монгол Улсын нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Энэ онд нүүрсний экспортын биет хэмжээ болон үнэ буурсан хэдий ч зэсийн олборлолт 45 хувиар нэмэгдэж, ХАА-н салбарын 2 жилийн зудын дараагаар сэргэж байгаа нь эдийн засгийн өсөлтийг тэтгэж байна.  
  • ДНБ-ий өсөлт 2028 оныг хүртэл дунджаар жилийн 5.5 хувь орчим байх төлөвтэй байна. Үүнд Тавантолгой болон Оюу Толгойн хөрөнгө оруулалт болон хил гаалийн үйл ажиллагааг хялбаршуулж, ачаа тээврийн саатлыг бууруулсан нь нөлөөлж байна. Түүнчлэн хил дамнасан төмөр замын холболт тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхээр байна. 
  • Улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа ч төсөв болон эдийн засгийн бодлого үргэлжилнэ гэж хүлээж байна. 

Уян хатан байдал, үр дүнгийн үзүүлэлт:  

  • Монгол Улсын төсвийн тэнцэл 3 жил дараалан ашигтай гарав. Энэ оны хувьд төсвийн орлого буурсан тул 8 дугаар сарын төсвийн тодотголоор төсвийн зарцуулалтыг танасан. Ирэх жилүүдэд төсвийн зарлага төсвийн орлогоос давж, бага зэргийн алдагдалтай байхаар төсөөллөө.  
  • Гадаад секторын үнэлгээ сайжрахад экспортын орлого хурдацтай өсөн нэмэгдсэнээс шалтгаалан гадаад цэвэр өрийн урсгал дансны орлогод эзлэх хувь буурсан нь нөлөөлөв. Гэвч ирэх 2-3 жилийн хугацаанд урсгал тэнцэл алдагдалтай байх хүлээлттэй байна. Улмаар гадаад секторын үзүүлэлтүүд сул хэвээр байна.  
  • Монгол Улс гадаад зах зээлээс хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл авах боломж нээлттэй байгаа нь гадаад өрийн өндөр түвшнээс үүдэлтэй зарим эрсдэлийг бууруулж байна. 

Эх сурвалж: https://www.spglobal.com/en

СЭТГЭГДЭЛ БИЧИХ