Хакухо М.Даваажаргал: Мөрөөдөл, хичээл зүтгэл, хувь заяа намайг дагуулдаг

Удахгүй намрын башё эхлэх гэж байна. Өнгөрсөн нагоя башёд Сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг түрүүлэхэд нь "Эн Эйч Кэй" телевизийн сумогийн нэрт нэвтрүүлэгч, сэтгүүлч Фүжи ярилцсаныг орчуулан хүргэж байна.

-Ёкозуна Асашёорюүтэй тэнцэж хорин тав дахь түрүүгээ авсанд баяр хүргэе.

-Хорин тав дахь удаагаа түрүүлнэ гэдэг бол энэ жилийн зорилгын маань нэг байсан. Зорилгодоо хүрсэндээ их баяртай байна.

-Та их өнгөлөг, тод кимоно өмсчээ?

-Монгол, Японы төрийн далбааны өнгийг хослуулж хийсэнкимоно юм. Хоёр улсыг холбох найрамдлын гүүр болох нь миний мөрөөдөл байдаг. Арай л тод байна уу даа... (инээв)

-Та Ёкозуна цолыг хүртээд долоон жил өнгөрч байна уу?

-Хурдан юм даа. Анх 22 настайдаа энэ цолыг авч байлаа.

-Энэ хооронд их л юм болж өнгөрсөн байхдаа?

-Эхлээд хөөрч баярласан л хүн байлаа. Ёкозуна байхын хариуцлага ямар өндөр гэдгийг анхандаа ухаарах ч сэхээгүй явж байхад домогт Тайхо аваргаас эхсүүлээд Китано үми зэрэг ахмадуудын зөвлөгөөг сонсож, өөрийнхөөрөө л байвал болох юм байна гэж бодсон.

- Ёкозуна байх хэцүү гэдгийг ойлгосон гэсэн үг үү?

-Тайхо аварга ёкозуна болчихоод баярлахынхаа хажуугаар хэзээ зодог тайлах бол гэдэг асуулт шууд толгойд нь орсон гэдэг. Гэвч нэгэнт аварга болчихсон бол үзэлцэхээс өөр аргагүй. Ер нь чадахгүй бол больсон нь дээр гэдэг сэтгэлийн их дарамт байдаг шүү.

-Болохгүй бол больё гэж үргэлж бодож явдаг гэсэн үг үү?

-Би Сэкитори болтлоо гурван жил барилдсан. Тэр хугацаанд хэцүү, давшгүй хана гэж бодоогүй зүгээр л дадлага сургуулилтын үе гэж бодсон. Харин одоо бол хана байхгүй юм шиг санагддаг. Зодог тайлах тухай ч хаа нэгтээ бодож явдаг.

-Тэр тухай бодохгүй явсан нь дээр шүү. (инээв) Ёкозуна байх үүрэг хариуцлагын тухай хүндэлж явдаг Тайхо аваргаас суралцсан зүйл их биз дээ?

-Ёкозуна болчихоод учраа мэдэхгүй явах үедээ тэр аваргаас янз янзын юм асууж, зүрхэлдэггүй явлаа. Нэг удаа сэтгэл шулуудаж, зориг орон гэрт нь ганцаараа очлоо. Хоёр гурван цаг ярилаа. Түүний хэлсэн "Ёкозуна болсон нь хувь тавилан чинь учраас улам л хичээж, мэрий. Аварга болсон хүн заримдаа бахархал, бардамналаа хаях үе ч бий" гэх зэрэг олон сайхан сургаал нь сэтгэлд хоногшин үлджээ.

-Өнөөг хүртэл та сумогийн түүхэнд рекорд тогтоож, башёогийн түрүүг олон удаа хүртлээ. Үүнээс илүү өндөр хүсэл зорилго бий биз дээ?

-Рекорд амжилт гэдэг дараа нь тооцогдох ёстой зүйл байх. Үүнийг хэнээс ч илүү сайн мэдэж байгаа. Яг тийм боломжийн үед Харумафүжи дал дахь ёкозуна болж өрсөлдөгч гарч ирсэн нь дахиад улам хичээх, хийх хүсэл эрмэлзлэлийг төрүүлсэн гэж бодож байна.

-Телевиз, сонин, мэдээллийн хэрэгслүүдээр гаргасан мэдээ сурвалжлага танд ямар санагддаг вэ?

-Цахим сонин дээр гарсан нэг мэдээн дээр Ёкозуна аравхан удаа л барилдаж, сургуулилт хийлээ. Энэ хангалттай тоо гэж үү хэмээн бичсэн байна лээ. Тэр сэтгүүлч сумогийн кейког зөвхөн тоогоор үнэлдэггүй гэдгийг мэддэггүй бололтой. Тамирчны бэлтгэл, сумогийн кейко хоёр ялгаатай гэдгийг бас мэдэх хэрэгтэй болов уу.

-Хэдэн удаа кейко хийв, хэдэн удаа ялав гэдэг нь гол биш. Үзэгчдийн үнэлэлт дүгнэлт өгөх чадварыг дээшлүүлж фенүүдээ хөгжөөнө гэдэг л чухал байх. Ингэхэд "Эн Эйч Кей" телевиз сумог шууд нэвтрүүлдэг. Ямар нэгэн санал хүсэлт байна уу?

-Байгаа. Телевизийн нэвтрүүлэгчдэд хандаж хэлэхэд өөр, өөрийн онцлогтой баймаар байх юм. Өөрөө барилдаж байгаа юм шиг л сэтгэл хөдлөлөөр сумог тайлбарламаар санагдаад байдаг юм. Дээр үеийн сумог үзэж суухад яг л өөрөө барилдаж байгаа юм шиг үзэгчдийн сэтгэлийг догдлуулж нэвтрүүлдэг байсан. Харин одоогийн нэвтрүүлэгчид давсан, унасан гэдгийг л онцлохоос бус сумогийн дэвээ шаваа, давс цацах, дэвжээ хүртэлх зам зэрэг сумог бүхэлд нь танилцуулах ёстой болов уу гэж бодож байна.

-Амьдралыхаа өмнө тавих зорилго, мөрөөдөл их биз дээ?

-Биелүүлсэн мөрөөдөл ч бий. Биелээгүй нь ч байгаа. Ёкозуна болох гэж Японд ирж байсан зорилго биелсэн. Биширч явдаг Футабаяма аваргын зогсолтгүй 69 дэх түрүүг авч ачийг нь хариулъя гэсэн мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Сүүлийн үед би өнгийн цаасан дээр "Мөрөөдөл" гэж бичдэг болсон. Хүний мөрөөдөл бол үргэлж дээш тэмүүлэх цулбуур гэж боддог. Урьд нь нэг түрүүлсний дараахь ярилцлагадаа хувь хишиг, хичээл чармайлттай хүнд л ирдэг гэж ярьснаа саналаа. Олон зүйлийг сонирхож, хичээн чармайсны дүнд түмний түрүүнд гардаг болов уу.

-Чармайж, зүтгэснээр урдах зам нээгддэг болов уу.

-Нээгддэг нь ч байна. Нээгддэггүй нь ч бий. Гэрэл зурагчин Араки Нобуёши гуай Ёкозуна болох хувь төөрөгтэй учраас л та болсон шүү гэж хэлж байсан. Хааяа бас тэгж бодогдоод байдаг юм. Анх 2000 оны аравдугаар сард зургаан хүүхдийн хамт Монголоос Японд ирж байлаа. Аль ч дэвжээнд орж чадалгүй билетээ авчихаад явах гэж байлаа. Буцах өдрийн урьд орой нь ам мөлтөс дэвжээ олдож билээ. Үүнийг гэнэт тохиолдсон зүйл биш гэж боддог юм. Цаанаасаа л хувь заяа минь дагуулсан болов уу.

-Аав хүү хоёр аварга болох мөрөөдлөө биелүүлсэн. Харин гурван үеэрээ аварга болно биз дээ?

-Аав минь Мексикийн олимпод мөнгөн медаль хүртсэн. Би алтыг авна даа гэж дандаа мөрөөддөг байсан. Одоо ч гэсэн олимпод оролцох юмсан гэж бодож явдаг шүү. Гэвч өөрийнхөө гүйцээж чадаагүй зүйлийг хүүхдэдээ өвлүүлж алтан медаль хүртээсэй гэж хүсэх юм. Гольф олимпийн тэмцээнд орох учир хүүгээ гольф тоглуулдаг юм бил үү.

-Ёкозуна гольф тоглохдоо гарамгай гэж сонссон.

-Саяхан Хавайд шилдэг оноо авахад хоёроор л илүүдүүлсэн. 90 байхаас 92 оноо авчихсан. Хөгжилтэй байсан шүү. Хамгийн эхний долоон нүх хүртэл дөрвийг илүүдүүлчихсэн. Ингээд энэ эрчээрээ ная болчихно гэж бодсон чинь найм, ес дэх тойрог дээрээ даабл боги цохисноос бүтэлгүй болсон. Хамгийн эхлээд цохиураараа зөв шидэх аргыг олсон. Зурагтаар Испанийн бухтай тулалдагч давхин ирж байгаа улангассан бухыг улаан даавуугаа сүр сар хийлгэн энд тэнд нь намируулж байгаа юм шиг гэнэт санаанд буугаад ирсэн.

-Өнөөдөр таны ярианд бухтай тулалдагчийн тухай яриа гарахад сонин байна шүү. Хүүхдээ багаас нь спортод дур сонирхолтой болгохыг хүсч байгаа биз дээ?

-Тийм шүү. Би багаасаа үсэрч харайсан, юм юманд дурласан, сониуч, сагс тоглодог хүүхэд байсан.

-Танай гурван хүүхдэд аавын тань бөхийн удам нөлөөлөх байх даа?

-Том охин их хөдөлгөөнтэй. Би ч 16 наснаасаа сумогоор барилдаж эхэлсэн. Гэхдээ хүүхэд маань хэт эрт спортоор хичээллэх нь юу л бол доо.

-Япон хүүхдүүд бага сургуулиасаа л сумогоор хичээллэж, мэргэжлийн сумо руу орох нь их байдаг. Гэхдээ Хакухо 16 настайдаа барилдсан ч амжилт гаргасан болохоор заавал багаасаа гэх албагүй юм уу даа?

-Арван хоёр настайдаа аавд хэлэлгүй сургуулийнхаа бөхийн дугуйланд орчихсон юм. Тэгээд аавд баригдчихлаа. Бөхөөр хичээллэхэд арай эрт байна. Сагс тогловол тогло гэж байсан. Том хүнийг бодвол хүүхдийн нэг насны том, бага ч чухал байдаг. Хэтэрхий балчир үедээ унаж гэмтдэг бөхөөр хичээллээд эхэлбэл өөрт итгэх итгэлээ алддаг. Гэвч би ялагдах дургүй. Янз янзын спорт оролдож үзсэн дээ.

-Сумогийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Эцэг, хүү, ач хүү гурван үеэрээ аварга болох мөрөөдөл бий шүү. Тайхо аварга 32 удаа түрүүлсэн. Энэ дайнд хэзээ хүрэхийг мэдэхгүй л байна. Гэхдээ бага багаар ойртож, ачийг нь хариулах юм сан. Зодог тайлсан ч сумогоор хувь заяагаа холбосон болохоор сумо дотроо л байх болов уу.

-Ояагата болоод олон сайхан бөх төрүүлнэ биз дээ?

-Тиймээ. Мөрөөдөл бий. Юун түрүүнд янз янзын туршлага хуримтлуулж, нэг агшин бүрийг утга учиртай өнгөрүүлж буй энэ цаг үе минь их чухал гэж бодож байна. Тэгээд сумод ч хүнийхээ хувьд ч хэр зэрэг өсч, ухаажиж, том болсноос л шалтгаалах болов уу даа.

-Таныг сумогийн ертөнцөд цоо шинэ мөрийг үлдээнэ гэдэгт итгэлтэй байна. Танд их амжилт хүсье.

Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ www.dnn.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ