Чуулганы өмнөх цаг агаар

ЗАСГИЙГ “УНАГАХ” ТӨЛӨВЛӨГӨӨ БА СӨРӨГ МЭХ
Ам.доллар төгрөгийг сульдааж, зах зээлд бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэдэд түгшүүр далласан хоног өдрүүд үргэлжилж буй. Байдал энэ хэвээр үргэлжилбэл хямрал гарцаагүй нүүрлэнэ гэж үзсэн эдийн засагчид болон МАН-ын УИХ дахь бүлэг УИХ-ын даргад ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага хүргүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Гэвч Засгийн газрын тэргүүн өнөөдрийг хүртэл хямралын тухай мууг “зөгнөх” хэрэггүй хэмээн мэдэгдэж, “Инфляц түрүү оноос дөрвөн хувиар буурч, 8.6 хувь болсон. Энэ оны эхний зургаан сарын байдлаар манай улсын эдийн засгийн өсөлт 11.3 хувьтай байна. Өмнөх онд энэ үзүүлэлт 12.3 хувь байсан учраас байдал муудаагүй” гэж байгаа. Юутай ч өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж байна. Шийдвэр гаргагчдыг хөдөөлж, нуур цөөрөм бараадан амарч, алжааж байх үед улам бүр эрчээ авсан, улс орны эдийн засагт үүссэн хүндрэлийг эл хуралдаанаар хэлэлцэж, гарах арга зам хайх юм. Эдийн засагт үүссэн хүндрэлийг сааруулахад дэм үзүүлнэ гэх найдварыг төрүүлж буй хэд хэдэн хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа. УИХ эдгээр хуулийг хэлэлцэхээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн гол буруутнаар тодроод буй Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, алдааг нь засахаар бэлтгэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд энэ талаар ам нээж, эдгээр хуулиуд “Төр эдийн засагт жин дарж буй уул уурхайн салбарыг дэмжинэ. Хөрөнгө оруулагчдад гадаад, дотоод гэсэн зааг тавилгүй, тэдний тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн юм. Гэвч түүний энэхүү мэдэгдлийг УИХ-ын ээлжит бус чуулганаас өмнө өрсөж хийсэн “арга заль” хэмээн тайлбарлах хүмүүс байна. Эдийн засгийг нөмөрсөн бараан үүл монголчуудыг зунаас эхлэн зутрааж, намар дамнан дарамталж буйд улстөрчид таатай хандахгүй байгаа. УИХ-ын гишүүд Н.Алтанхуягийн танхимыг “Ядаж байхад улсын төсвийн бүрдүүлэлт муудаж, төсвийн алдагдал 1.5 их наяд хүрлээ. “Чингис бонд”-ын мөнгө зохистой зарцуулагдахгүй байна. Мөнгөний бодлогод алдаа гарчихсан уу, гадаад худалдааны алдагдал, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаа өнөөдрийг хүртэл яагаад цэгцэлж чадаагүй вэ” гэх зэргээр хатуу шүүмжлэлээр “дарж”, буланд шахах, улмаар огцруулах бэлтгэлийг хангалттай хийсэн сураг байна. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж, Н.Алтанхуягийг зайлуулах ажиллагаа анх удаа хийгдэх гэж байгаа юм биш.
УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн хавар Ерөнхий сайдыг “Тавантолгойн ордын хяналтын бүсийн тендерт хүргэн дүү, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэрийн “Gobi Power” компанийг ялуулсан болон бусад хувь, хувьсгалын асуудлаас нь шалтгаалан огцруулах” гэж зүтгээд дийлээгүй. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн чимээтэй зэрэгцсэн сөрөг хүчний шахалтыг УИХ дахь АН-ын бүлэг хамгаалж үлдсэн. Гэхдээ “Сонгуулийн өмнө хэрэггүй. Сонгуулийн дараа, намраас огцруулах асуудлыг ярихад болохгүй юмгүй” хэмээн сэм шивнэлдээд тарж одлоо гэх сураг дуулдсан. Тэгвэл энэ намрын өдрүүдэд Н.Алтанхуягийн танхимыг огцруулах санаачилгыг зөвхөн МАН биш, АН доторх фракц, бүлэглэлүүд сөхөж тавих нь ойлгомжтой боллоо. Н.Алтанхуягийн болон Шинэчлэлийн Засгийн газрын нэр хүнд тийм ч сайнгүй байгаа. Н.Алтанхуягийг огцруулах ажиллагаанд бэлдэж буй АН доторх бүлэглэлүүд түүнийг “Төрийн албаны бүтцийг данхайлгаж, Үндсэн хууль зөрчсөн томилгоог дараалан хийж, татвар, мөнгөний бод логыг чангатган, хууль хяналтын байгууллагаар дамжуулан нийгэмд тогтоосон хатуу дэг, дэглэмээр иргэ дийг төдийгүй бизнесийн хү рээ нийхнийг дарамталж, гадаад дотоодын хөрөнгө оруу лагчдыг Ардчилсан засгаас нүүр буруулахад хүргэсэн” гэж үзэж байгаа аж. Наад талаас нь харвал энэ бүхэн Н.Алтанхуяг болон түүний танхимыг буруутгах шалтгаан байж мэдэх ч цаанаа бол Шинэчлэлийн Засгийн газар АН-ын ашиг сонирхол ихтэй бүлэглэлүүдийн хувийн тоглолтын золиосонд тэр танхимаа өгч мэдэхээр байна. УИХ дахь АН-ын бүлэг, фракцаас Н.Алтанхуягийн танхимыг огцруулах санаачилга гарвал сөрөг хүчин МАН татгалзах юмгүй дэмжих нь ойлгомжтой.
Ойрын жилүүдэд Ерөнхий сайд хэн байх нь чухал биш, тэд хийсэн алдаандаа тээглэн, ар араасаа унаж байх нь сөрөг хүчинд ашигтай. Гэвч Н.Алтанхуягийг Х.Баттулгаар, эсвэл Д.Бат-Эрдэнээр солимогц улс орны эдийн засаг сэвхийтэл сэргэж, ард иргэдийн амьдрал зэрэг зэрэг сайжрах нь юу л бол. Харамсалтай нь “огцруулах” санаачилга нэгэнт бодит үйлдэл болоод эхэлчихжээ. Н.Алтанхуягийн хувьд Засгийн газраа бүрэн бүтнээр нь авч үлдэх үү, эсвэл өөрийнхөө “амийг аврахын” тулд зарим сайд нараа огцруулах уу гэсэн салаа замын эхэнд зогсож байгаа бололтой. Уул уурхайн Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн Н.Батбаяр, Эрүүл мэндийн Н.Удвал нар огцорч магадгүй гэсэн яриа үүний баталгаа юм. Юутай ч Засгийн газрын тэргүүн маань ширүүхэн тулааны өмнө УИХ-ын хуралдааны танхимын хаалгыг татах нь. Тэр хаалгаар хэн болж гарч ирэх нь түүний улстөрчийн арга мэх, зангаргаас хамаарах биз ээ.
АЛДСАНАА БАЛЛУУРДАХ АЛХАМ
Монголын төр алдаагаа засахаар өнөөдөр УИХ-аа ээлжит бусаар хуралдуулж байна. Энэ удаагийн хурлаар хөөж явуулсан хөрөнгө оруулагчдыг буцаан авчрахаар хуулийн заалтаа зөөлрүүлнэ. Мөн хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх шинэ хуулиудыг батална. Хятадын “Чалко” компани манай улсаас нүүрс олборлож, экспортолдог “Саусгоби ресурс”-ийн хувьцааны хяналтын багцыг худалдан авах хэлэлцээрийг 2012 оны хавар эхлүүлсэн нь гадаадын төрийн өмчит ком пани нүүрсний салбарт зүй бус тоглолт хийж ма гадгүй нь гэсэн болгоомжлолыг төрүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хэтэрхий хатуу заалттай хууль батлахад хүргэсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах нь зүйтэй ч энэ хууль хөрөнгө оруулалтыг хязгаарласан билээ. Яаран баталсан тус хуульд стратегийн ач холбогдол бүхий салбарт эрдэс баялаг, банк, санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоог оруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг 49 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан. Хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхдог салбар нь уул уурхай. Гэтэл тэдэнд хамгийн ихдээ 49 хувьд нь хөрөнгө оруулах эрх өгсөн нь алдаа юм. Хөрөнгө оруулагчид хяналтын багц барьж, өөрсдөө менежментээ хийх эрхгүй нөхцөлд мөнгө гаргахгүй нь мэдээж.
Шинээр боловсруулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд хөрөнгө оруулагчийг гадаад, дотоод гэж ялгаварлахгүйгээр эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгааг бий болгохоор зорьжээ. Гадаадын хөрөнгө оруулагчийг хувийн, төрийн гэж ангилж, хувийн хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулах бол гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтын хэмжээ 25 хувиас дээш гарах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл авч байхаар тусгасан байна. Түүнчлэн хөрөнгө оруулалт татахын тулд төслийн үр ашигт нь тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулах тогтолцоог тусгасан аж. Тухайлбал, хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмсэн төслийн зарим татварын хувь хэмжээг 5-10 жил тогтвортой байлгах юм байна. Мөн УИХ-ын ээжилт бус чуулганаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэ хуулийг баталснаар манай улсад мэргэжлийн хөрөнгө оруулагчид үүсэн бий болох үндэс суурь тавигдана. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын сангууд манай улсад салбараа нээн, компаниудад хөрөнгө оруулах боломж бүрдэх юм.
Хөрөнгө оруулалтын сангууд нь хөрөнгийн зах зээл хөгжих гол “зүтгүүр” болдог. Энэхүү хуулийг хөрөнгө оруулалтын сан байгуулагдах үйл явцыг дэмжих үзэл баримтлалаар боловсруулсан гэсэн. Түүнчлэн УИХ Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төс лийг хэлэлцэнэ. Монголбан кинд 2005 онд 24 тонн алт тушааж байжээ. Дэлхийн зах зээлд алтны үнэ өссөөр унци нь 1800 ам.долларт хүр сэн ч Монголбанкинд ту шаах хэмжээ нь буураар 2012 онд зургаан тонн болсон байна. Нууцаар хил давуулдаг сүлжээ бий болсон гэж үзэн олборлосон алтыг Монголбанкинд бүрэн тушаадаг болгохоор энэ хуулийг санаачилжээ. Хуулийн “амин сүнс” нь бага татвар. Алтны нөөц ашигласны татварыг 2.5 хувь, өссөн нэмэгдэх татварыг тэг байхаар уг хуулийн төсөлд тусгажээ. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ хэлэлцэхээр төлөвлөсөн. Нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь хууль батлагдахаас өмнө олгосон лиценз эзэмшигчид тухайн ордыг нөхөн сэргээх баталгаа гаргаж, тодорхой шалгуурт тэнцвэл орон нутагтай нь гурвалсан гэрээ байгуулан ашиглах үүдийг нээжээ. Энэ журмыг баталснаар 100 гаруй тонн алтны нөөцтэй шороон, 90 гаруй тонн алтны нөөцтэй үндсэн ордуудаас олборлолт хийх боломж бүрдэх аж. Монголбанк алт олборлолт нэмэгдэж, татвар нь багасахаар жилд 30 гаруй тонн алт худалдан авна гэж тооцжээ.
Ийнхүү Монголын төр алдаагаа засах алхмыг хийх нь. Энэ алхам хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөж, ам.долларын ханшаас эхлээд макро эдийн засгийн бүх үзүүлэлтүүдийг тогтворжуулах, эдийн засгийн өндөр өсөлт гаргах “түлхүүр” болно гэж итгэж байна.
Т.ЭНХБАТ "Өнөөдөр" сонин
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ