Ц.Мягмардорж: Мөнгө өгөхгүй бол тооцоо бодно шүү гэдэг. Сүүлд 170 сая төгрөг нэхсэн

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр дарамт шахалт үзүүлж, айлган сүрдүүлэн олон ч компани, иргэн аж ахуйн нэгжээс ихээхэн хэмжээний мөнгө авчээ. Энэ асуудлын хүрээнд Өвөрхангай аймгийн Уянга суманд үйл ажиллагаа явуулдаг “АУМ алт” ХХК-ийн захирал Ц.Мягмардоржтой ярилцлаа.

-ТӨР ЗӨВ МЕНЕЖМЕНТ ХИЙЖ, НИНЖАГ ЦӨӨЛСӨН-

-Уянга “сүйрэл”-ээрээ толгой цохидог. Одоо байдал ямаршуу байна?

-Одоогийн байдлаар Өлтийн хөндийн угаалтын талбайн 32 га буюу нийт лицензийн талбайн дөнгөж 0.5 хувь л үлдсэн. Тухайн үед “Эрэл” компани олон компанитай гэрээ байгуулсан. Тэнд 30 мянган нинжа цугласан. Төр нутгийн иргэдэд лицензээр эзэмшүүлж, эзэнтэй болгож зөв менемжент хийж өгсөн. Энэний үр дүнд нинжа харьцангуй цөөрсөн. Анх 1988 онд Өлтөд “Эрэл” компани хайгуулын ажил хийж байсан. 1993 онд Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар, энд 3.8 тн хүртэлх нөөц байгааг батлаад, “Алт” хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож, 1993 оноос туршилтын угаалт хийж эхэлсэн юм билээ. Тэрнээс хойш 20 жил ашиглалт явуулж байна.

-Тухайн үетэй харьцуулахад алтны үнэ ханш хэд дахин өссөн бэ?

-“Эрэл”-ийн үед кг алт 8-13 сая төгрөг байсан. Өнөөдрийн байдлаар 74 сая төгрөг байна. Алтны ханш даруй 6 дахин үнэтэй болсон.

-Танай компани хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг уу?

-Тийм. “Эрэл” компани Павел гэж чехэд лицензээ зарсныг хожим худалдаж авсан.

-АЛАЛЦАНА ШҮҮ. ӨНӨӨ ШӨНӨ ИРЖ БҮГДИЙГ ЧИНЬ АЛНА ГЭЖ СҮРДҮҮЛДЭГ АЖ-

-Та “Гал үндэстэн холбоо”-ны Ц.Мөнхбаярыг хэр сайн таних вэ? Тэр хүн таныг удаа дараа дарамталж их хэмжээний мөнгө авсан гэж сонслоо?

-Би ер нь мэднэ л дээ. Мөнхбаяр тэргүүтэй нөхөд байгаль хамгаална гэхээсээ илүүтэй хүмүүсийг дарамталж явдаг. “АУМ алт” компанийг шилжүүлж авснаас хойш манай компани дээр ирээд ажилчдыг дарамталсан байсан.

-Яг хэдэн онд вэ?

-2011 оны долдугаар сард очсон байдаг юм.

-Та тухайн үед компани дээрээ байгаагүй юм уу?

-Улаанбаатар хотод байсан. Тэр үед Мөнхбаяр хэсэг хүмүүстэй очоод “Та нарыг буудна. Алалцана шүү. Өнөө шөнө ирж бүгдийг чинь ална. Эргэж ирж тооцоо хийнэ” гээд манай ажилчдыг айлгаад явсан байсан. Би “Очиж уулзъя, ямар нэгэн байдлаар зохицуулъя, эв эеэ хичээх нь дээр” гэж хэлээд эндээс яарсаар очсон. Иргэний хөдөлгөөнтэй хамтарч ажилладаг Цэвэгдорж гэдэг айлд байгаа сургаар очсон. Цэвэгдорж гуайд “Ноцтой юм болох юм шиг байна. Танд зохицуулах арга байна уу” гэтэл “Чамаас мөнгө авъя гэж байна” гэж хэлсэн. Цөөхөн монголчууд хоорондоо алалцаад яах вэ, зохицъя гэсэн.

-Хэдэн төгрөг авъя гэсэн бэ?

-50 сая төгрөг өг, өгөхгүй бол та нартай алалцана, буудна шүү гэсэн. Тэгээд би яаж ийж байгаад 50 сая төгрөг өгье, зохицъё. Хамтарч ажиллая гэсэн. Мөнхбаяр хамтарч ажиллах албан тоот гаргаж өг гэсэн, би хийж өгсөн. Тэгээд гэрээ хийсний дагуу 50 сая төгрөг өгсөн. Тэр үед би Мөнхбаярт муухан аавын хүү насаараа хөдөлмөрлөөд олохгүй мөнгө шүү гэж хэлсэн.

-Бэлнээр өгсөн юм уу?

-Тухайн үед 5, 10 саяыг өгсөн. Бусдыг нь дансаар шилжүүлсэн баримтууд бий. Өнгөрсөн цагаан сараас өмнөхөн Мөнхбаяр дахин утсаар яриад “Насны баяр хийх гэж байна. 15 сая төгрөг хэрэгтэй. “Нутгийн буян” компаний захирал 8 саяыг нь өгнө гэсэн. Чи 7-г нь гарга” гэсэн. Тэгээд би 7 сая төгрөг өгсөн.

-УДАА ДАРАА ДАРАМТАЛЖ, НИЙТ 67 САЯ ТӨГРӨГ АВЧЭЭ-

-Ахиж мөнгө нэхсэн үү?

-Он гарснаас хойш 4 сарын 2-нд байл уу, над руу 170 сая төгрөг өг гэж “Онги гол” хөдөлгөөнөөс мэйл ирүүлж, ирж гэрээнд гарын үсэг зур гэсэн. Би бололцоо байхгүй, 30 сая төгрөг л өгье гэж хэлсэн. Гэтэл дор хаяж 70 сая төгрөг өг гэсэн. Үнэхээр боломжгүйгээ хэлтэл Мөнхбаяр сонин болоод, “Та нартай тооцоо хийнэ. Алалцана шүү. Гэрээний асуудлаар оффис дээр очиж гүйцэтгэх захиралтай уулзаарай” гэсэн. Би очиж уулзсан. Гэрээ нь маш хүнд нөхцөлтэй байсан учраас гэрээ хийхгүй гэж нэлээн маргасан. Арай бүдүүлэг, ёс зүйгүй асуудал биш үү. Үнэхээр эх оронч сэтгэлээр улс орон, уул ус, гол мөрнөө хамгаалъя гэвэл та нарыг чин сэтгэлээсээ ойлгож дэмжинэ. Гэтэл та нар зөвхөн мөнгөний төлөө явж, төрийн бус байгууллагаа санхүүжүүлж байгаад үнэхээр харамсаж байна. Яадаг ч байсан одоо мөнгө өгөхгүй гэж хэлсэн. Тэрнээс хойш манай суман дээр шалгалтын баахан улс дагуулж очсон.

-Хэдийд вэ?

-Өнгөрсөн зургадугаар сард. УМБГ, Кадастрын газар, БОЯ-ны улсуудтай Бөөрөлжүүтээр ороод баахан тойрсон юм билээ. Тэдэнд ганцхан асуудал маш хүнд байдгаа хэлсэн. Энэ газар ажиллахаа больё, орхиё гэвэл надад боломж байна. Гэхдээ энд байгаа жаахан эрүүл газрыг хамгаалах гэж манайхаас их зардал гардаг. Тог цахилгааны мөнгө, цалин хөлс гээд сар бүр 15 сая төгрөг зардаг. Хамгийн багаар бодъё, сард 15 сая төгрөг гэхэд жилд энэ газрыг хамгаалахад 170 сая төгрөг, 10 жил тэрбум 700 сая төгрөг болно. Төр энэ их мөнгийг хаанаас гаргаж энэ газрыг хамгаалах вэ гэж маргасан. Тэгээд иргэний үнэмлэхээ гаргаж ирээд Уянга сумын уугуул иргэн гэдгээ ч хэлсэн. Гэтэл Мөнхбаяр би Монгол улсын төлөө тэмцэж байна, чи битгий хуцаад бай, чи юугаа ярьдаг юм гэсэн. Ингээд жаахан муудалцаад, тэрнээс хойш ер харьцаагүй.

-Энэ 5 сая төгрөг шилжүүлсэн баримт ямар учиртай юм бэ?

-Хавар Тарагт багийн Засаг дарга Самбуу-Ёндон уурхай дээр ирээд “Чи ярьсандаа байж чадахгүй байна. Ярьсандаа байхгүй бол юм ярина шүү” гэсэн. Дараа нь аймгийн төв дээр Ц.Мөнхбаяртай хамт явж байхад нь уулзсан. Мөнхбаяр тухайн үед 10 сая төгрөг өгчих гэсэн, би таван саяыг дансанд чинь л хийнэ гэж хэлээд, болохгүй болохоор нь 5 сая төгрөг өгсөн. Дараа нь удалгүй “Чи үлдсэн 5 сая төгрөгөө шилжүүлээтэх” гэхээр нь би эхнэрээ шилжүүл гэж хэлээд шилжүүлүүлсэн.

-Та нийт хичнээн төгрөг өгсөн юм бэ?

-Нийтдээ 67 сая төгрөг өгсөн.

-Хүнд нөхцөлтэй гэрээ гэж ярьсан. Ямар нөхцөлтэй байсан юм бэ?

-170 сая төгрөг авна, эхний ээлжинд 70 саяыг нь өг гэсэн. Нэгэнт лиценз эзэмшиж, хариуцлагыг нь хүлээх учраас газраа хаяж болдоггүй, нинжа орчихно. Тиймээс манай компани харуул хамгаалалтад их мөнгө зарцуулдагаа Мөнхбаярт хэлсэн. Гэтэл 70 сая төгрөгөө өгчихөөд дараагийн асуудлаа ярь гэсэн.

-ЧИ ЕР НЬ ЯАГААД ШОРОНД ОРОХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ?-

-Та тэгээд удаа дараа дарамтлуулаад, мөнгө өгөөд байсан нь ямар учиртай юм бэ?

-Манай уурхай дээр шалгалтынхан очиход би Мөнхбаярт “Чи ер нь яагаад шоронд орохгүй байгаа юм бэ? Монгол Улсын одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу ямар хэмжээний хохирол учирснаас үл хамаарч галт зэвсэг хэрэглэсэн бол ял авах ёстой. Чи яагаад шоронд ордоггүй юм бэ. Чи гол мөрнөө хамгаална гэж хүнээс мөнгө шантаажилж авч байгаа бол би нөгөө талаас хүмүүстэй хамтраад “Мөнхбаяр хоёр ч удаа компаниуд руу галт зэвсэг хэрэглэлээ. Яагаад шоронд ордоггүй юм бэ гэж асуудал тавина шүү гэсэн. Тэгтэл за за больё. Гэхдээ чамтай тооцоо бодно гэхээр нь би чамтай одоо тооцоо бодно. Чи намайг ингэж олон удаа дарамтална гэж байхгүй. Би айхгүй, асуудал тавина шүү гэсэн. Дараа нь Баянхонгорт явна, чамтай юм ярихгүй гэсэн. Сүүлд нь хүмүүс нь ирээд надаас 10 сая төгрөг нэхсэн. Би хүнтэй хэрүүл хараал хийгээд яахав гээд 10 сая төгрөг өгсөн.

-Анхнаасаа мөнгө өгөхгүй байж болоогүй юм уу?

-Өгөхгүй байж болох байсан л даа. Мөнхбаяр манай ажилчдад “Та нартай алалцана шүү, ирж буудна шүү” гээд байсан гэсэн. Магадгүй хүний амь эрсдвэл манай объект дээр хүн амины хэрэг гарчих вий, тэгээд хариуцлагын асуудал надтай яригдах учраас төвөг гээд залхаад, зохицъё гэсэн. Гэтэл нэхэх мөнгө нь улам өсөөд, эхлээд 50 саяыг өгсөн, өсөөд 67 болсон. Дээрээс нь нэмж 170 сая төгрөг нэхсэн.

-170 сая төгрөг нэхсэн баримт, гэрээний төсөл бий юү?

-Гэрээн дээрээ 170 сая төгрөг гэж бичээгүй байсан. “Пума”-д уулзахад чамаас 170 сая төгрөг авна, тэгвэл тохироод ажиллаж болох юм гэж хэлсэн.

-АВСАН МӨНГӨӨРӨӨ МАНАЙ НУТАГТ НЭГ Ч БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГЭЭГҮЙ-

-Өлтөд лицензтэй олон компани бий байх. Мөнхбаяр нар тэдэнд ямар байдлаар ханддаг юм бол?

-Эд нар лицензтэй компаниудад асуудал тавьдаг. Тэрнээс нинжа голдуу хүмүүс рүү том дуугарч чадахгүй. Миний мэдэхээр лицензгүй “Бөөрөлжүүт” гэдэг газар бий. Тэнд зөндөө олон компани ажиллаж байхад тэдэн рүү дуугарч чадахгүй. Тэгээд ч тэдэнд хүнд өгчих олигтой юм байхгүй. Ар Өлтийн алтны уурхайн “Агьт хангай” компаниас 20 сая төгрөг авсан гэж шийдвэр гаргах хүмүүс нь ярьдаг. Зүүнбаян-Улаанд харъяаллагддаг “Ирмүүн босго” компаниас 15 сая төгрөг авсан гэж Цогоо захирал нь ярьдаг. Ядарсан, унах унаагүй шахам тэр хүнээс 15 сая авсан гэхээр эр хүн сайнтай ч, муутай ч явна гэдэг утгаар өрөвдөж л байсан. Цагаан гол, Буянт голын алтны уурхайгаас мөнгө нэхсэн, нөгөөдүүл нь өгөөгүй учраас шалгалт авч очоод, тэнд нэлээн асуудал үүссэн. Өвөлжингөө шүүхээр явсан, шүүх прокурор хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдгийг нь тогтоосон.

-Танай нутагт алтны уурхай руу буудсан байдаг. Таны ярианаас хүмүүс айгаад мөнгөө өгөөд байдаг гэж ойлголоо?

-Ноднин хүмүүс ерөнхийдөө айдастай байсан. Манай алтны уурхайн зэргэлдээ “Ирмүүн босго” компаний уурхай дээр буу хэрэглээд баригдаж ирсэн. Сэлэнгэ аймгийн нэг алтны уурхайд буу хэрэглэсэн. Ажилчид айгаад байдаг учраас би зохицъё гэдэг байдлаас хандсан. Томоохон уурхайнуудын захирлууд ч уулзахаараа их дарамталдаг, мөнгө өгөхөөр яваад өгдөг юм аа гэж ярьдаг байсан учраас мөнгөөр зохицох нь зөв юм уу гэж бодсон.

-Урт нэртэй хуулийг хэлэлцүүлэхгүй гэж эсэргүүцэж дахин буудлаа?

-Хүмүүс ярьдаг юм. Мөнхбаяр нар урт нэртэй хууль батлахаас өмнө нэлээн дарамталдаг байсан гэж. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас нэлээн мөнгө авч байсан гэдэг. Энэ хуулийг батлуулах гэж зүтгээд байсан нь бүр ашиг сонирхлын зөрчилтэй байх магадалтай. Хууль батлуулсаны дараа өөрсдийнх нь боломж сайжирсан. Нэг ёсондоо нэг төрлийн бизнес нь цэцэглэсэн. Урт нэрт хуулийг өөрчлүүлэхгүй гээд зүтгээд байсан нь уурхайнуудаас мөнгө цуглуулж чадахгүй болно гэж л их эмзэглэсэн байхгүй юу. Хуулийн дагуу төлөвлөгөө тайлан хийгдээд явахаар тэдэнд мөнгө нэхэх боломж олдохгүй, тийм учраас буу шийдэмтэй тэмцсэн гэж бодож байна.

-Та нараас авсан тэр их мөнгөөрөө нутаг оронд чинь хийсэн зүйл бий болов уу?

-Байхгүй. Би гэрээний дагуу юу хийснийг нь шаардах эрхтэй. Ноднин жил юу хийсэн юм бэ гэхэд сургалт явуулсан. Гэхдээ янз бүрийн юманд зарсан гэдэг тайлбар хийхгүй гэсэн. Би, зорилгогүй юманд мөнгө зарахгүй, өөрийг чинь газар шороондоо хайртай байж магадгүй гэж бодож итгэж байна. Гэхдээ яг юу хийх гээд байгааг чинь мэдэхгүй юм. Өөрт чинь өгсөн мөнгөө оюуны ажил хийж байгаа хүмүүст өгсөн бол Монгол Улсад хавьгүй ашигтай байх байсан биш үү гэсэн. “Би мод, чацаргана тарих гээд байгаа юм аа” гэхээр нь чи тэгвэл Уянга, Өлтийн нутагт нөхөн сэргээлт хийж байгаа газар дээр тарьчих гэсэн. Гэтэл өө тэгэхгүй, би Онги голын хүн учраас Дундговьдоо тарина, цаашдаа хөдөлгөөнөө хөл дээр нь босгоно, санхүүжүүлэх үүсвэр болно гэсэн.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

barimt

barimt

barimt

barimt

http://www.medee.mn/main.php

СЭТГЭГДЭЛ БИЧИХ