Г.Уянга: Ц.Нямдорж мэтийн ахмадууд ичих хэрэгтэй

Урт нэртэй хуулийн талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
Гаргасан шийдвэрээсээ ухарч болмооргүй байна
Бид урт нэртэй хуулийг өргөн бариад хэлэлцүүлэгийн явцад ойн сан, усны сан бүхий газар гэж байсныг хүрээг нь хумиад “гол мөрний урсац бүрэлдэх эх” болгож усан сангийн эргийн хамгаалалтын бүс ойн сан гэж хүрээ хязгаарыг нь хумисан. Монгол орны газар нутгийн 30 хүрэхгүй хувийг хумьж багасгасан. Өнөөдөр бид Монгол орныхоо нийт газар нутгийн 30 хувийг хамгаалалтанд авах төрийн бодлого шийдвэрээ гаргачихсан, гадаад улс орон, олон улсын байгууллагуудад амлалт өгчихсөн. Гэтэл бодит байдал дээр тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 17 хүрэхгүй хувьтай байна. Тийм учраас нэгэнт гаргасан шийдвэрээсээ ухарч болмооргүй байна. Үнэхээр улс орны эдийн засаг хүнд байдалд орчихсон байгаа бол ямар гарц байгааг бид тал талаас нь ярилцах хэрэгтэй. Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангаж өгөөч гэсэн хүсэлт хөдөө орон нутгийн иргэдээс ирсэн. Олон аймаг, сумын ард иргэд гарын үсэгээ цуглуулаад ирүүлчихсэн байна. Тэд урт нэртэй хуулийг эргээд хүчингүй болгох, алтны уурхай, компаниудын үйл ажиллагааг сэргээх тухай асуудал ярьж байна. Үүнийг зогсоож өгөөч гэсэн хүсэлт иргэдээс ирсээр байна. Бид “Иргэдийн оролцоо иргэдийнхээ санал дээр тулгуурлана, иргэдийн оролцоотой ардчилалыг бэхжүүлнэ” гэсэн зорилт тавьж, энэ талаар асар их ярьж байгаа. Тийм учраас Засгийн газар өөрсдийнхөө үйл ажиллагаанаас болсон эдийн засгийн хүндрэлийг нэг хууль руу чихээд, хүртсэн үр дүнгээсээ яаравчлан залхах нь буруу гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга
Ц.Нямдорж мэтийн ахмадууд ичих хэрэгтэй
Сая Ц.Нямдорж гишүүний дооглонгуй хэлж байгаа үгийг сонсоод гайхаж байна. Урт нэртэй хууль бол иргэний хөдөлгөөнүүдийн 10 гаруй жилийн тэмцэл, ард түмний шахалтан дор Хамтарсан Засгийн газрын баталсан цорын ганц сайн хууль. Гэхдээ хамтарсан Засгийн газар эрийн сайндаа батлаагүй. Бидний шахалтын нөлөөгөөр баталсан юм. Өнөөдөр амлалтыг биднээс асуугаад байх юм байхгүй. Ц.Нямдорж мэтийн гишүүд 23 жил хамтарч засаг барьсан. Бид эд нарын 23 жилийн балгийг засах гэж, магадгүй Ц.Нямдорж мэтэд хариуцлага тооц гэж энэ хуулийг ард түмэн оруулж ирсэн. Амлалт ярьж тавлах эрх Ц.Нямдорж гишүүнд байхгүй. Монголын төрд насаараа сандайлж, төрийг ийм болгочихоод залуу үеэс хариуцлага тооцох ёс зүй гаргаж байгаагаасаа Ц.Нямдорж мэтийн ахмадууд ичих хэрэгтэй.
Долларын ханшийн уналтаас үүдээд ард иргэдийн амьдралд учирч байгаа хүндрэлийг далимдуулж орж ирж байгаа багц хуулиуд байна гэдэг нь харагдаж байна. Долларын ханш унасан, гадаадын хөрөнгө оруулалт багассан. Хөрөнгө оруулалт багассан шалтгаан нь Урт нэртэй хууль, Хөрөнгө оруулалтын хууль байсан гэж далимдуулж, эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулах нэрээр оруулж ирж байна гэж харагдаж байна.Гадны компаниуд тэр дундаа Оюутолгой болоод бусад компаниудаас, хөрөнгөтнүүдээс, уурхай, лиценз эзэмшиж байгаа мөнгөтэй хүмүүсээс ирсэн дарамтанд Монголын төр шууд автаж, ээлжит бус чуулган зарлаж, 5 хоногийн дотор 5 хууль батлах гэж байна. Би үүнийг эрс эсэргүүцэж байна. Монгол төр ийм хөнгөн байж болохгүй. Бид нар яг түрүүчийн чуулганаар баталсан хуулиндаа дахиад одоо өөрчлөлт оруулж байна. Стратегийн салбаруудыг бүгдийг нь байхгүй болгож байна. Хөрөнгө оруулалтын хувьд эдгээр хуулиудыг бүгдийг нь харах юм бол улс оронд тулгарсан бяцхан хүндрэлийг далимдуулж лиценз эзэмшиж байгаа манай том компаниуд бүгдээрээ өөрсдөө төрөөс нөхөн олговор авах, өөрсдөө татвараа хөнгөлүүлэх арга саам хийж байна гэж би хувьдаа үзэж байна. Үүнээс үүдээд бид ямар хямдхан юм бэ, яагаад монголын төр гаднаас удирдуулдаг гэдгийг энэ ээлжит бус чуулган баталгаажуулж байна .
Ээлжит бус чуулган зарласантай холбогдуулаад Оюутолгой ХХК-ийн ТУЗ-д монголын талыг төлөөлж байгаа хүмүүсийг УИХ-ын чуулган дээр авчирч, гишүүдэд нээлттэй мэдээлэл сонсгоё гэсэн миний хүсэлтийг УИХ-ын даргын зөвлөл дээр хэлэлцсэн болов уу гэж Байнгын хорооны даргаас асууя. Мөн би холбогдох хүмүүсээс асууя. Энэ хуулийг хэрэгжүүлэх гэж ямар арга хэмжээ авсан юм бэ. Ямар оролдлогууд хийсэн юм. Тэр замд чинь ямар бэрхшээл тулгараад, яагаад өөрчлөх болчихвоо гэдгийг асуумаар байна. Миний харж байгаагаар хуультайгаа зөрчилдсөн журам гаргах гэж байна. Хуулиндаа ерөөсөө гар хүрэхгүй зөвхөн журам л гаргах гэж байгаа юм гэдэг сайхан косметиконд чинь бид хууртахгүй. Голын урсац бүрэлдэх ой, усны сав бүхий газар ухаж л байгаа бол энэ хуулиас өмнө зөвшөөрөл олгосон, хойно зөвшөөрөл олгосон ямар хамаатай юм бэ. Хойно нь зөвшөөрөл олгохоо больчихоор тэр гол мөрөнд аюул учрахаа больчих юм уу хаашаа юм. Яагаад дандаа өнөө маргаашийн гал унтраах юманд хуулийг 3 сар болоод л өөрчилж засаад оруулж ирээд байдаг юм. Бид улс орны цаашдын эрх ашгийг хамгаалах хариуцлагыг яагаад бодож болдоггүй юм бэ.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
Урт нэртэй хууль бол чухал, сайн хууль
Би урт нэртэй хуулийн талаар Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй уулзсан. Хууль санаачлагчынх нь хувьд. Урт нэртэй хууль бол маш чухал, маш сайн хууль гэдгийг мэдэж байгаа. Энэ хуульд нэг ч үг, нэг ч өгүүлбэр өөрчлөөгүй гэдгийг хэлэх байна. Хамгийн гол нь энэ хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хэрэгжүүлэхийн тулд Дагаж мөрдөх журмын тухай хууль гаргасан юм билээ. Засгийн газарт хийчихсэн юм байгаа. 174-р тогтоолоор хил хязгаарыг нь тогтоогоод 242 тусгай зөвшөөрөл хамрагдана. Ярилцсаар байгаад нөхөн төлүүлэх мөнгийг 222.5 тэрбум төгрөг, байгаль орчныг нөхөн сэргээх зардал нь 308 тэрбум төгрөг, нөхөн төлбөрийн асуудлаа шийдээгүй учраас таг зогсчихсон байгаа. Дээр нь 194-р тогтоол гараад нийт 1336 тусгай зөвшөөрлийг хамруулчихсан. Хил хязгаарыг нь тогтоох гээд бараг хилийн гадна гаргачихсан байгаа л даа. Хамгийн гол нь энэ хуулиа хэрэгжүүлье. Энэ чухал хууль. Нөхөн төлбөрөө шийдэхгүй бол энэ рүү бичил уурхайчид болоод бусад аж ахуйн нэгжүүд ороод ерөөсөө болохгүй байна. Энэ асуудлаа нэг мөр шийдье, УИХ-аар шийдүүлье гэж оруулж ирж байгаа асуудал. Хууль гарахаас өмнө, хойно, ашиглалтын, хайгуулын 4 төрлийн лицензийг дөрвүүлэнг нь олгохгүйгээр шийдвэр гаргасан ч гэсэн тэрийг хэрэгжүүлнэ. Ганцхан нөхөн төлбөрийн асуудал, заавал байгаль орчноо нөхөн сэргээх асуудал тавигдах шаардлагатай. Эцсийг нь УИХ шийддэг шүү дээ. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө оруулж ирж байгаа юм. Хэрэгжүүлэх чин сэтгэл байгаа.
УИХ-ын гишүүн Д.Батцогт
Хоёр Засгийн газар, хоёр Парламент дамжаад хэрэгжсэнгүй
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж гэдэг 2 хүн эх орондоо хайртай бусад нь эх орноосоо урвасан эсвэл дургүй болчихсон юм байхгүй шүү. Бүгд л газар шорооныхоо төлөө санаа зовдог. Урт нэртэй хууль 2009 онд батлагдсан хууль шиг санагдаж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг нь яам, агентлаг, Засгийн газарт байгаа. Яг үүний тулд төсвөөс цалин аваад сууж байгаа. Хоёр Засгийн газар, хоёр парламент дамжаад энэ хууль хэрэгжиж чадахгүй байна. Хэрэгжүүлэхийг хүсдэггүй. Өнөөдөр УИХ-аар “та нар наад хуулиа өөрчил. Наад хуулийг чинь бид хэрэгжүүлж чадахгүй нь” гээд УИХ-ыг шахаад сууж байгаа Засгийн газар ичих хэрэгтэй. Болохгүй зүйл, заалт байгаа бол үүнийг өөрчилж болно л доо.Бид “шууд ардчилал” гэж их ярьж байгаа. Ард түмнээсээ заримыг нь асуучихдаг байх хэрэгтэй байгаа юм. Тэгж байгаад ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд нь оруулж байгаад ярьж болно. Заавал ээлжит бус чуулганаар яаруу сандруу оруулж ирж байгаад би гайхаж байна. Яах гээд ингээд байгаа юм. Энэ талаар сайдын бодлыг сонсмоор байна. Уг нь байгаль орчин, газар дэлхийгээ хамгаалах зориулалттай хийсэн хууль шүү дээ. Одоо компаниуд чинь эргээд бүгд л нөхөн сэргээлт хийж чадна гээд ашиглалтын лиценз аваад ухаад эхэлнэ. Цаана нь хамгаалах юм үлдэх юм уу?
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ