Б.Наранхүүгийн наймаа-22

УИХ-ын гишүүн Б.Наранхүү Туул гол дагуух ундны усны хамгаалалтын бүсээс тухайн үеийн хотын удирдлагуудын дэмжлэгээр 30 га газар авч, барилга бариад цааш нь дамжуулж зарсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ асуудлаар Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүн Ц.Туяацэцэг дараах мэдээллийг өгсөн юм.

-“Мон-Уран” компанийн захирал, одоо бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү Туул голын ундны усны хамгаалалтын бүст 30 газар хууль зөрчин эзэмшсэн тухай мэдээллийг танай байгууллагаас анх олон нийтэд цацсан. Ер нь Туул голын ундны усны хамгаалалтын бүст хэчнээн компани газар эзэмшиж, зцуль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Яармагийн гүүрний цаана “Пума констракшн", "Монгол керамик", мөн "Баянмонгол", "Кристал тауэр" гэхчлэн олон аж ахуйн нэгжид Туул голын энгийн хамгаалалтын бүст газар эзэмшүүлж, хууль зөрчсөн байдаг. 2008 онд энд олон компани хууль бусаар газар эзэмшсэн учир газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох ёстой байсан. Гэвч одоо дүүрэн байшин босчихлоо. Хамгийн тодорхой жишээ гэхэд л, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат 2009 нэгдүгээр сарын 13-нд Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт захирамж хүчингүй болгуулах тухай албан тоот өгсөн байдаг юм. Уг албан тоотод "Иргэний хүсэлт, мэдээллийг хүлээн аваад шалгахад Нийслэлийн Засаг дарга асан М.Энхболд нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүст "Мон-Уран" компанид 30 га газар олгосон нь тогтоогдож байна. Энэ шийдвэрийн улмаас Улаанбаатар хотын ундны усны нөөц, эрүүл ахуйн байдалд сөргөөр нөлөөлж, цаашид хотыг ундны усны хомсдолд хүргэж болзошгүй байгаа нь УМХГ, Усны газрын эрх бүхий албан тушаалтнуудын дүгнэлт, үнэлгээгээр тогтоогдож байна.

Иймд Газрын тухай хууль болон Туул голын сав дагуух ундны усны хамгаалалтын бүст хууль тогтоомж зөрчиж, газар олгосон захирамжуудыг хүчингүй болгож, ундны усны хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тодорхой арга хэмжээг яаралтай авна уу" гэсэн байгаа. Хууль зөрчин Б.Наранхүүд 30 га газар ундны усны хамгаалалтын бүст олгочихсон байхад Г.Мөнхбаяр яагаад тэр захирамжийг хүчингүй болгосонгүй вэ, яагаад "Дүнжингарав" тэр газар дээр баригдаж, 2012 онд нээлтээ хийгээд байгаа юм. “Мон-Уран"-д газар олгосны дараа уг газар дээр байсан ундны усны эх үүсвэрийн худгуудыг өөр газар шилжүүлэх захирамжийг мөн тухайн үед НИТХ-ын даргаар ажиллаж байсан Н.Болормаа гаргасан. Уг захирамжид нийт зургаан худгийг шилжүүлэхээр заасан байгаа. Тухайн үед юу болоод өнгөрсөн гэхээр хотын эрх мэдэл бүхий хүмүүс "Мон-Уран" болон бусад компанид ундны усны хамгаалалтын бүст газар олгочихоод Та нар газар дээр байгаа худгуудыг өөрсдийнхөө зардлаар өөр газар шилжүүл" хэмээн үүрэгдэж компаниудын эрх ашигт нийцүүлсэн, нийслэлийн сая гаруй иргэний эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан. Гэтэл нэг ч худаг шилжүүлээгүй, бүгд барилгын доор дарагдсан.

-Хамгаалалтынбүстнийтхэчнээн худаг байдаг хэд нь дарагдсан гэдэг вэ?

-Туул гол хот дотор 27 км орчимд урсч байгаа. Гачууртын дээд эх үүсвэрийг нэгдүгээр эх үүсвэр гэж тооцоод доод эх үүсвэр хүртэл улаанбаатарчуудыг ундны усаар хангадаг 195 худаг байсан гэж ярьдаг. 195 худаг 174 болоод доошилчихсон юм шиг байгаа юм. Зарим худгийг бохирдлоос болж хаасан ч 17 худаг бүтээн байгуулалт хийж байгаа нэрийн дор ашиг хонжоо хайсан хүмүүсийн барьсан барилгын дор булагдчихсан. Тэр хэмжээгээр улаанбаатарчуудын ундны усны хэрэгцээг дийлэхгүй болоод ирсэн. Уг нь хамгаалалтын худгуудыг буутай цэргүүд манаж байдаг шүү дээ. Гэтэл ийм онцгой хамгаалалттай онцгой обьектыг барилгын компаниудад өгчихдөг нь арай дэндсэн үйлдэл. Тухайн үед бид энэ талаар анхааруулаад, нийгэмд мэдээлэл цацаад үр дүнд хүрээгүй өнгөрсөн. Ер нь бол ундны усны эх үүсвэр болсон худгуудыг дарж булаад, дээр нь байшин барьж байгаа нь ард түмний эсрэг гэмт хэрэг шүү дээ.

Манай эрдэмтдийн тооцоогоор 2020 онд ундны усны гачаалд орно гэж байна. Эцсийн бүлэгтээ аливаа юманд хэмжээ, хязгаар гэж байдаг. Гэтэл алт, нүүрс, зэстэй адилхан байгалийн нэг ашигт малтмал, стратегийн нэг бүтээгдэхүүн болох усаа дуусч дундрахгүй бид мөнхийн байх юм шиг бодож ингэж хайрлахгүй, хамгаалахгүй байгаа нь хэзээ нэг өдөр харамсавч баршгүй байдалд хүргэнэ. Монгол Улсын тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, улаанбатарчуудын эрүүл амьдрал Туул голоос шууд хамааралтай.

-Ундныусныгүний эх үүсвэрийнхудгуудыг хүн амын ачаалалд тохируулан бодлогоор төлөвлөж хийдэг байх?

-Мэдээж тэгнэ.

-Шилжүүлэхзахирамжгардагчбодитбайдал дээр нэг ч худгийг шилжүүлээгүй гэж таны ярианаас ойлголоо?

-Шилжүүлэх захирамж гардаг ч шилжүүлдэггүй. Тухайн үеийн нийслэлийн удирдлагууд "Та нар наанаа барилга байшингаа барь, гэхдээ наанаа байгаа худгуудаа өөрсдөө нүүлгэн шилжүүл" гэдэг чиглэл өгсөн байдаг. Нэг худгийг нүүлгэн шилжүүлэхэд өнөөгийн зардлаар 500 сая төгрөг хүрэх тооцоо гарч байгаа. Магистрал, шугам сүлжээ, гүний ус руу нэвтэрсэн цооног хийх зэргээр бүтээн байгуулалтын ажил хийхэд ийм зардал гарах юм билээ. Гэтэл өчнөөн худаг барилгынхаа дор булшилж, улсад, ард түмэнд хохирол учруулсан компаниудаар яагаад энэ зардлыг төлүүлсэнгүй вэ. Бид холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлсээр байхад арга хэмжээ авалгүй байсаар бариулсан.

Манайд төрийн ажил яаж явагддаг нь их бүрхэг. Төрд торгох, цуцлах бүх эрх нь байдаг ч түүнийгээ хийдэггүй. Туул гол дагуу энэ олон барилга баригдаад байгаа нь цаанаа ашиг сонирхол, авлига гэдэг юм яваад байна гэсэн үг. Монгол Улсад хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэх ёстой яам, газар, зөвлөл юу хийдэг юм бэ гэдгийг үнэхээр гайхдаг. Гайхаад гайхаад үүний цаана ашиг сонирхлоороо нэгдсэн цагаан захтнуудын хэрэг байгаа гэдгийг л олж харж байна. Төрд сонгогдохдоо "Авлигатай тэмцэнэ, ашиг сонирхолгүй ажиллана" гэдэг.Гэтэл амьдрал дээр үүнийгээ хэн нь ч хэрэгжихгүй байна. Нүдэн дээр өдрөөс өдөрт Туул голын сав газарт сүндэрлэж босоод байгаа орон сууцны хорооллууд үүнийг гэрчилж байгаа юм.

2010 оны аравдугаар сард хотын даргын 703 тоот захирамж их алдартай. Энэ захирамжаар Туул голын ундны усны тэжээгдлийн дотоод мужид хууль зөрчин нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшин ашиглаж байгаа 165 аж ахуйн нэгж, байгууллагын эрхийг хүчингүй болгосон. Гэтэл амьдрал дээр хэрэгжсэн нь хэд бол. Бараг бүгд байшингаа босголоо. Яагаад ч Туул голын хамгаалалтын дотоод мужид Засаг дарга нь захирамж гаргаад газар олгочихсон байдаг юм. Дараагийнх нь дарга яагаад өмнөх хүнийхээ гаргасан хууль бус захирамжийг хүчингүй болгодоггүй юм.

Ярьж чаддаг, хийж чаддаггүй, зөвхөн өөрийн болон өөр бусад хамсаатнуудынхаа ашиг сонирхолд нийцэж ажлаа явуулдаг бүлэг хүмүүс л төрд гараад байгааг энэ байдал харуулдаг гэж бодож байна.

Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ