“Ганц хүүгээ эх орондоо өргөчихсөн дөө”

Сонгинохайрхан уулын өвөр Туул голын хойд эргийг эмжсэн хэсэг модон дунд Чингэлтэй дүүргийн ахмадын ам­ралт, сувиллын газар байх ажээ. Дээхнэ үед "Ногоон булаг" хэмээх нэртэйгээр амралт, су­вил­лын үйлчилгээ үзүүлдэг байсан энэ газрыг Чин­гэлтэй дүүргийн захиргаа орон нутгийн өмчид аван дүүргийнхээ ахмад наст­нуудад үйлчлэх болсон байна. Тухайн газарт элэг, ходоодонд тустай булаг рашаанууд бай­хаас гадна хойд захаараа Сонгинохайрхан уул сүн­дэрлэж Туулын бургас, модод битүү ургасан нь байгалийн бас ч үгүй хо­вор зохицол. Байшин ба­рилгуудыг ч орчин үеийн шийдлээр барьж төв хэсэгт нь усан орги­луур, тоглоомын талбай, биеийн тамирын талбай гэх мэтчилэн шийдлийг олж бүтээн байгуулалтыг хийсэн харагдана.

Амралтын газар руу явж ороход битүү ургасан моддын чөлөөнд цагаан цаваг, улаан эмжээрээр сүлэлдсэн хэд хэдэн гэр, хоёр давхар шинэхэн улаан байшин сүндэрлэх. Ийм үзэмжийн зүүн урд ташааралдан өнгө гундуу, хар шавар нь холторч унасан багахан манааны шовгор байх нь нүднээ шууд тусна. Манааны тэр шовгортнас жар эргэж яваа Н.Бүстөмөр энэ зуныг үджээ. Түүнийг хагацлаар хань хийж энэ насыг барж байгаа нэгэн гээд хэлчихэд ч зөөлдөхөөр амьдралыг туулжээ. Эцэг эхдээ ганц хүү нь болж төрсөн тэрээр дөрвөн бүлтэй өрхийн тэргүүн болж элэг бүтэн, цалгиж явсан үе бий. Харин өнөөдөр хагацлын хар салхинд хага татуулсан нэгэн болж олон хөлийн газрыг бараадан манаа хийж суугаа нь энэ.

Тэрээр Торгууд ястан бөгөөд 1954 онд Ховд аймгийн Булган суманд төржээ.Төрөөд хоёрхон сартайдаа Улаанбаатар хот руу нүүсэн нь их нүүдлийн түрүүч болсон байна. Шууд хэлбэл 1954 онд эцэг Цэндийн Намжил, ээж Авирын Хорлоо нар нь намын даалгавраар манцуйтай үрээ тэв­рэн Улаанбаатарт ирснээс хойш цаг цагт л даалгавар аван байнга шахам нүүдэллэх болж. Угаас гарын дүйтэй түүний аавыг нам засаг хэрэг болсон үедээ, дуртай газар руугаа нүүлгэж олон ч газар буурь сэлгэжээ. Анх 1954 онд Улаанбаатар хотод ирсэн жилээ Модны артельд аав нь ажилтнаар орж одоогийн 120-ын орчимд амь­дарч байсан гэнэ. Бага ахуй насаа энэ газарт уран гартай эцгийн буянд жаргаж өнгөрөөснөө тэрээр дурсах дуртай юм билээ. Тав­дугаар анги төгсөх жил нь мөн л намын даалгавар гарч тэднийх Булган аймгийн Ингэттолгойн сангийн аж ахуй руу нүүсэн гэж байгаа. Тэнд мөн л аав нь "алт" болж нутгийн олноо уран гартан хэмээг­дэн хүндлэгдэж байсан байна. Аавынх нь энэ их алдар ар гэрийг нь өөдтэй өнгөтэй байлгаж Н.Бүс­төмөрийн хүүхэд ахуй, залуу халуун нас тунчиг дардан байж. Н.Бүстөмөр ч аавын авьяасыг өвлөж төрсөн гарын дүйтэй хүн. Мод чулуу хийгээд гарт дайралд­сан бүхнээ "юм" болгочихдог сүр­хий жаал хэмээн хороо хорин, Булган нутгийн иргэдээс магтаа­лын үг сонсч өсчээ. Аав нь улсад дутагдаад байсан комбайны үр, тариа хураалтын хоолойг хийх даалгавартайгаар Булган аймгийг зорьсон байгаа юм. Ийн Ц.Нам­жилынх Улаанбаатар хотноо нам, засгийнхаа даалгавраар эргэн ирэхэд Н.Бүстөмөр эрийн цээнд хүрээд байжээ. Тэрээр Улаан­баатар хотод ирсэн жилээ буюу 17 насандаа Казахстан улсыг зорьж Ленин горек хотод хоёр жил нарийн мэргэжлийн мужаанаар суралцсан байна. Ийнхүү 1971 онд нутагтаа ирэхэд ээж, аавынх нь нас дээр гарч Биокомбинатад төвхнөсөн байж.

Тэндээ нэг жил ажиллаж байтал зарлан дуудах хуудас ирсэн нь амьдралыг нь цэргийн албатай найман жил холбожээ. Хугацаат албаа хашаад таван жил цэргийн амьдралаар амьдрах гэж "оролд­сон" хэмээн өөрийгөө шоолонгуй ярина. Цэрэгт рапорт Дашдон­догтой он жав байсан бөгөөд жинхэнэ андууд болсон гэж байгаа. Бас ч үгүй цол ахиж ер нь цэргийн албыг амьдралаа гэж бодоод бай­тал аав нь "Эх оронд цэрэг олдоно. Байдал эвгүйтвэл эргээд очиж болно. Харин нарийн мэргэжлийн мужаан, үйлдвэрлэгч инженер ховор байна. Мэргэжлээрээ ажил­ла" гэж зааж зөвлөж, ятгасны дагуу цэргийн албаа орхижээ. Энэ хугацаанд амьдралын ханиа хэ­мээн Биокомбинатын нэгэн буур­лын охинтой дотносч хүү, охинтой болсон байна.

Цэргийн албыг орхисон тэрээр улсын Архины заводод үйлдвэрт орж инженерээр ажиллаж 1980 онд Ээрмэлийн үйлдвэрт мэргэж­лийн инженер дутагдсан учраас шилжиж очсон байна. Ээрмэлийн үйлдвэрт бригадын ахлагчаас эхлээд хэлтсийн дарга хүртэл дэвшиж явж. Эндээ тасралтгүй 14 жил ажиллаад 1994 онтой золго­ход Монгол орон зах зээлийн нийгэмд шилжсэнээс үүдэн үйлд­вэр нь татан буугдахад хүрч ажил­гүй болсон байна. Энэ ажлынхаа хажуугаар угийн дуу хуур, бүжиг шийнд дуртай тэрээр сайн дурын уран сайханч болсон гэж байгаа. Олон улсын цол тэмдгээс эхлээд үйлдвэрчний эвлэлүүдийн найман ч алтан медаль хүртэж явж. Сэв­жидийн Сүхбаатарын шавиас гадна Н.Ган-Од буюу Гамбууш, "Энэ хүүхнүүд үү" киноны Дулам­сүрэнгийн охин Цэнгүүн гээд хүн бүр танихгүй ч бүжгийн авьяастай хүмүүстэй хамт багагүй хугацаанд бүжгийн дугуйланд явсан байна. Ардын бүжиг, бий биелгээ хийхээс гадна аман хуур, тоглож, 70-80 оны дуунуудыг шаггүй дуулчихдаг Сайн дурын уран сайханч явсан хэмээн ярьж сууна. 1978 оны намар "СЭВ" орнуудын алтан медалийг энгэртээ зүүчихээд гэртээ иртэлхүү нь мэндэлжээ. Аав, ээж нь хөдөө байсан тул хүүдээ нэр өгч чадалгүй хэд хоносон гэж байгаа. Аав, ээжээ­сээ нэр асуух гэхээр хотоос, аймаг, аймгаас сум гэхмэтчилэн дамжиж ярьдаг байснаас чадалгүй хэд хоночихож. Тэгээд удаж цөхөөд аавынхаа байнга дуулдаг дууны үгийг оролцуулж Гантөмөр гэж нэрлэсэн хэмээн өнөөдөр хоолой зангируулан сууна. Аав нь жаахан халамцчихаад л "Ган аа төмөр нь ай хө. Галын илчинд уярна аа ай хө" хэмээн байнга дуулдаг байсныг ийн бэлгэдэж нэр хайрласан байна.

Айлын ганц хүү, эрх танхи өссөн Н.Бүстөмөр өөрийн дураар авирла­даг байсан учраас эхнэр нь охиноо тэврэн түүнээс холджээ. Энэ явдал 1980 онд болсон бөгөөд хүү нь гурван настай, охин нь манцуйтай байсан байна. Гэхдээ Н.Бүстөмөр эхнэртээ хэзээ ч бурууг өгч байсан удаагүй гэнэ. Өөрийнх нь үр удмыг залгах үлдсэн ганц охиныг нь сайн сайхан өсгөж мөр бүтэн явуулж байгаад нь талархаад барамгүй гэх. Тэр хоёр салснаасаа хойш нэг ч удаа уулзаагүй бөгөөд хоёулаа үр хүүхдээ өсгөх ажилд анхаарс­наас биш хэн нэгэнтэй дахин хани­лах тухай бодоогүй гэнэ. Салсан эхнэр нь өнөөдрийг хүртэл ганц бие яваа бөгөөд охиноо сайн, сайхан бүсгүй болгосон сураг дуулддаг гэнэ. "Ер нь дахин уулзах хүсэл ч төрдөггүй юм" хэмээн хэлэх. Тэрээр "Тэдэнтэйгээ уулзаж охин, эхнэр хоёрынхоо санаа сэтгэлийг тавгүй­түүлээд яахав. Уулзаад тус нэмэр болж чадахгүйгээс хойш зам замаа­раа явсан нь дээр биз дээ" хэмээн санаашрангуй сууна. Н.Бүстөмөр гуайн тухайд "Халгиж, цалгиж явах үед ханиа болгоод авах сайхан бүсгүйчүүд олон л таарсан. Гэхдээ хүүгээ хойд эхийн гар харуулахыг хүсээгүй юм" гэж байна.

ХҮҮГЭЭС НЬ ЗУЛ АСААХ ЗУРАГ Ч ҮЛДЭЭГҮЙ БАЙНА

Н.Бүстөмөр 1980 онд эхнэр, охиноо төрхөмд нь явуулчихаад ээж, аав, хүүгийнхээ хамт амьдрах болжээ. Энэ цагаас тэрээр хагацал бүхнийг үзэж. Зах зээлийн шилжил­тийн үед аав, ээж нь бурхны оронд одож тэрээр хүүтэйгээ хоёулхнаа үлджээ. Лангуун дээр бор давс­наас өөр зүйлгүй болсон үед Гантөмөр хүүгээ мөр бүтэн явуулахын тулд ёстой л хумсаа зулгаан байж хоногийн хоолоо залгуулж 2000 онтой золгосон байна. Хүү Ган­төмөр нь цэргийн алба хааж тэндээ ахлагч болон дэвшин ажиллаж эхэлжээ. Н.Бүстөмөр ч хэдэн төгрөг олж амьдралаа дээш татахын тулд мэргэжлээрээ ажиллаж байшин барилга хийгээд тааралдсан бүх ажлаа нугалсаар байж. Зуны цагт хаа тарсан газраа ажиллах бөгөөд хөдөө орон нутагт хэдэн сараар явж багахан мөнгөтэй болдог байсан гэнэ. Ийн 2003 оны зун хүүтэйгээ уулзалгүй хоёр сар шахам ажил­лаад байхад нь гэнэт захидал иржээ. "Хүү нь Увс аймгийн Тэс суманд цэргийн ангид ирээд ажил­лаж байна. Найз охинтойгоо энд ирсэн. Бид хоёр давгүй. Та минь биеэ бодож яваарай" гэсэн үгсийг захидалдаа шигтгэн явуулсныг нь Н.Бүстөмөр уншаад сэтгэл тавгүй­тэж ажлаасаа хоёр хоногийн чөлөө хүсч хүүдээ захидал, багахан юм бэлдээд явуулсан байна. Хүү нь ч байнга захидал бичдэг байсан бөгөөд "Энд Тува нар гэж айхтар хүмүүс байнга хил зөрчих юм. Өдөр шөнөгүй буун дуу тачигнаж дайн­тай орны хилийн зурвас шиг л байна. Гэхдээ хүү нь алзахгүй. Та биеэ бодоорой" гэж бичсэн захид­лыг нь авч амжаагүй байхад цэр­гийн штабаас муу мэдээ дуулгажээ. "Хүүг тань хил зөрчигчид хөнөө­чихлөө" гэсэн үгийг дуулснаас хойш хоёр сарыг яаж өнгөрүүлснээ ч санадаггүй юм хэмээн Н.Бүс­төмөр гуай нулимс унагаж сууна. Мөнгө олохын тулд барилга дээр ажиллаагүй бол хүүтэйгээ дахиад нэг уулзчих байсан юм хэмээн сэтгэл эмзэглүүлэн ярина. Ядаж л хүү, бэр хоёрт минь удам залгах үр заяах хугацаа өгсөн бол өнөөдөр бөөцийлээд байж байхсан гэх. Тэртээ 1980 онд эхнэрээсээ салс­наас хойш, аав ээжийгээ хальснаас хойш зөвхөн хүүгийнхээ төлөө хэмээн 20 гаруй жил зүтгэсэн тэрээр "Гэхдээ би амьдралд бууж өгөх болоогүй ээ. Миний аав 90 нас хүрсэн. Би 93 насална гэж боддог. Элэг бүтэн, хүнтэй, ханьтай, хүүтэй, охинтой байхдаа хийж чадаагүй ажил олон байна. Хүн хүнээрээ дутдагийг миний ойр тойрны хүмүүс надаас жишээ, баримт болгож жигшиг. Сайхан хань заяа­вал явлаа гэхэд нь зууралдаад л үлдээх хэрэгтэй гэдгийг мэдрэг. Би зурсан зургаараа ингэж ганцаараа үлдлээ. Хүний олон үхэж дуус­даг­гүй ч хүний ганц үхэж өгдөггүй юм гэсэн үг юутай үнэн юм. Миний Гантөмөр хүү эртийн эрт хорвоог орхиж дээ. Одоогоос арван жилийн өмнөх хүүгийн минь хальсан явдал надад ихийг ойлгуулсан. Гэхдээ ганц хүүгээ эх орондоо өргөсөн болохоор би юу хэлэх билээ. Эх орны төлөө биш, архи дарсны хойноос савж яваад залуу халуун­даа хорвоог орхих явдал алийг тэр гэхэв. Гэхдээ миний хүү тийм хүн байгаагүй. Эх орныхоо төлөө байсан даа, тэр сумны бай болсон юм" хэмээн өгүүлсэн юм.

Хүүгээ алдсанаас хойш таван ханатдаа ганцаараа хонож, ган­цаа­раа өнжсөөр хоёр жил өнгөрө­хөд бараг ганцаардлын өвчин туссан байна. Хүн ирэхээр дөлж зугтдаг болж хүмүүстэй юм ярих нь багасдаг юм билээ. Хүн гэдэг амь­тан чинь хэмээн ярьж байна. Бүр гэр орноо усанд урсгасандаа тэрээр талархдаг гэх. Учир нь хүүгээсээ хойш ганцаараа гурван жилийн нүүрийг үзэхэд бараг өвчинд нэрвэг­дээд байж. Гэтэл 2006 оны зун Биокомбинатад их бороо орж хэдэн өдөр үргэлжилсэн үер буу­жээ. Үерт Биокомбина­тынхан ихэд нэрвэгдсэн бөгөөд Н.Бүс­төмөр гуай бүр гэр орон ч үгүй үлдсэн байна. Үерт хүү, аав, ээж, охиных нь бүх зураг урсаж үгүй болсон бө­гөөд тэрээр өмссөн хувцастайгаа л үлджээ. Тухайн үед хүүгийн минь зурагнаас ганцыг нь ч болов үлдээх­гүй дээ хатан Туул минь гэж залбирч байсан бол одоо бүгдийг нь урсгаж одсон тэр үер Туул голдоо баярламаар санагддаг гэнэ. "Хойтын төрөлдөө одсон хүмүү­сээс дурсах дурсгал, гэрэл зураг байгаад байвал мартаж чаддаггүй юм шиг байна билээ. Харин дурсах юу ч үгүй байх юм бол хурдан мартаж сэтгэлээ татаж авдаг юм шиг байна. Тэр үерээс хойш орох оронгүй болсон учраас найз нөх­дийнхөөрөө орж гарч, хонож өн­жин, орхиж явсан дотны хүмүүсийн зураг, дээл, хувцас байхгүй боло­хоор би гэдэг хүн өнөөдрийн Бүстөмөр болж тогт­сон" хэмээн хуучилна. Үерт залуу насандаа авсан гавьяа шагналаас эхлээд Н.Бүстөмөр гэж тодорхой­лох бичиг баримт ч үгүй орхигдсон нэгэн болж.

Тэрээр хороо хориноор хөө­цөлдөж хүүгийнхээ нас барсны тэтгэлэг, үерт бүх зүйлээ алдсаны тусламж гээд бүгдийг авч болох байсан ч нэг ч удаа алгаа тосч, дарга даамлын өрөөний хаалга онголзуулаагүй байна. Нас барсан хүүгээрээ шоудаж хөлжих шиг муу зүйл үгүй. Хүн орох оронгүй болсон чэзэмшсэн мэргэжлээрээ гэдэс цатгалан хонож болдгийг харуулах над шиг хүн энэ нийгмийн хаа нэг газар таарах хэрэгтэй, түүнийг л харуулах санаатай хэмээн тэрүү­хэн­дээ мушилзах. Ийн найз нөх­дийнхөөрөө гэр хийж дотны бүх хүнээ алдсан шаналлаа тайлж дөрөв, таван жил үүдийг нь татах өргөөгүй явсан гэнэ. Харин өнгөр­сөн жил дүүрэг, хорооноос дан давхрагатай гэр өгсөн нь түүнийг гялайлгажээ. Тэрээр барилгын ажил хийж олсон мөнгөөрөө мод худалдан авч бүрэн тавилгатай болсон байна. Харин цахилгаан бараа буюу хөргөгч, плетка тэргүүтэн, давхрага дулаалга тун тааруу байгаа юм байна. Өнгөрсөн хавар энэ ажилд ороод зундаа гэр хэрэггүй учраас манааныхаа путект гурван сар орчим амьдраад өнөө­дөртэй золгож байгаа нь энэ гэнэ. Зун ажиллаж сарын 260 мянган төгрөг, гурван сарын нийт 700 гаруй мянган төгрөгөөрөө гэрээ жаахан дулаалаад авах санаа өвөрлөж яваа аж. "Хүйтэн өвөл болбол дан давхрагатай гэрт хөгшин би зутрах нь дамжиггүй. Гэхдээ хойтон жилийг үзэж тэтгэ­вэрт гартал энэ сайхан байгуул­лага, сайн хүмүүсийг түшиж ажил­лаж байна. Тэтгэвэрт гарчихвал эргээд Биокомбинат даа очно. Тэр болтол энэ байгууллага, байгуул­лагын хамт олондоо гай болчихгүй ажлаа хийгээд л байж байхсан" хэмээн хуучиллаа.

Наашаа гэх төрсөн ах дүүгүй, ганц хүүгээ эх орондоо өргөж, охин үрээсээ амьдаараа хагацсан энэ эрийн түүх өрөвдөлтэй хийгээд эмгэнэлтэй. Тэрээр биднийг явах үед амрагчдын рашааныг дөхүү­лэхээр дөчийн бедон, түрдэг тэрэг, утгах шанага гэсээр сувиллын гал тогоо руу орж байв. Түүний 93 насыг зооглоно гэсэн хүсэл нь биелж, цаашдын амьдралд нь сайн сайхныг хүслээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ