Д.Энхтайван: Цагаан сарыг намар хийх нь эдийн засагт хэмнэлттэй

Монголчууд бид хаврын эхэн сарын шинийн нэгэнд цагаан сарын баяраа тэмдэглэдэг. Гэтэл цагаан сарыг Монгол түмний улирлын зурхайгаар тооцоолсон зарим иргэд энэ сарын 22-нд тэмдэглэсэн. Энэ талаар Чингис хаан менежментийн холбооны академийн тэргүүн Д.Энхтайвантай ярилцлаа.
Энэ сарын 22-нд та болоод өөр хэсэг бүлэг хүмүүс цагаан сар хийж, золголт явагдлаа. Уг нь цагаан сарыг хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг биш бил үү?
Монголчууд улирлын зурхайгаар намрын тэргүүн сарын шинийн нэгэнд золгодог байсан. Улирлын зурхайгаар шинийн нэгэн гэдэг бол одоогийнхоор 9-р сарын 22-ны өдөр юм. Энэ нь хуучин уламжлалаар он дуусаж байна гэж үздэг. Яагаад гэхээр байгалийн ургамал, арвай буудай, жимс ногоо ургаж боловсроод дуусахыг он дууслаа гэж ойлгодог. Нөгөөтэйгүүр мал сүрэг таргалаад, ан амьтан, араатан жигүүртний үржлийн үе эхэлдэг учраас энэ онд байгаль дэлхий хишиг буянаа сайхан хүртээлээ гэж байгаль дэлхийдээ баярласнаа илэрхийлэн цагаан сар тэмдэглэдэг уламжлалтай. Мөн 9-р сарын 21-ны өдөр буюу битүүний өдөр 7 бурхан одны тахилга хийж, битүүрэх ёслол хийдэг байв. Ингэхдээ малын битүү чөмгийг ташаад доторх чөмгийг нь шинжиж, ирэх жилийн өнгөө тодорхойлдог байсан уламжлалтай. Өөрөөр хэлбэл тухайн чөмгийг ташихад дүүрэн цагаан чөмөгтэй байвал мал сайн тарга тэвээрэг авчээ, ирэх жил сайхан жил болох юм байна гэж дүгнэх, эсвэл ташсан чөмөг нарийн судсан чөмөг байх аваас малынхаа тарга тэвээргэнд анхаарах ёстой юм байна, ирэх өвөл хатуухан өвөл болохын дохион хэмээн малчид, ард иргэд шинждэг байсан юм.
Та бүхэн сая цагаан сар тэмдэглэхдээ малын чөмөг шинжив үү?
Бид нар өөрсдөө мал малладаггүй учраас зах дээрээс худалдаж авсан малын махныхаа чөмгийг шинжсэн. Бидний ташиж үзсэн малын чөмөг сайн байгаагүй. Чухам аль нутгийн мал байсныг нь мэдэхгүй юм.
Мөн битүүний орой 7 бурхан одыг тахих ёстой байдаг гэлээ. Та бүхэн 21-ны орой 7 бурханаа тахив уу?
Тахисан тахисан. Газарт 7 бурхан од шиг тус бүр 7 гал бадрааж 7 бурхан одыг тахисан. Тэрхүү тахилгад 60 гаруй бөө ирж оролцсон
Би хувьдаа өвлийг өнтэй давлаа гэж малчид, ард иргэд хаврын эхэн сарын шинийн нэгэнд цагаан сар тэмдэглэдэг гэж ойлгодог?
Тэр бол шашных. Тэр чинь буддын шашны баяр. Монголын улирлын зурхайгаар бол хавар нь 3-р сарын 22-ны өдөр. Ичигсэд хөдлөх үе. Өдөр уртсаж, богиносохыг нар хэлж өгдөг. Монголчууд бид европынхонтой адилхан ханандаа цаг өлгөдөг, ханандаа цаасан калиндар тавьдаг ард түмэн биш шүү дээ. Монголчуудын хуанли бол нар болоод монгол гэр юм. Монгол гэр маань өөрөө цаг. Монгол гэрийн тооноор нар тусаж өдөр уртсах, богиносох, тэнцэх зэргийг хэлж өгдөг. Манай ард түмэн цагийг өдөр нь нараар, шөнө нь одоор ажигладаг. Харин Түвд, шарын зурхайгаар ичигсэд хөдлөөгүй байхад хавар боллоо гээд 2-р сард золголт хийгээд эхэлдэг.
Тэгвэл хоёрдугаар сард тэмдэглэдэг цагаан сар манай үндэсний баяр биш гэж ойлгож болох уу?
Аливаа баяр ёслол тухайн ард түмний үндэсний баяр байх ёстой. Харин одоогийн манай цагаан сар үндэсний баяр биш Түвдийн зурхай, шарын зурхай хоёроор явж байгаа. Шарын зурхай бол хятадынх, Түвдийн зурхай бол түвдээс гаралтай зурхай. Хоёулаа манай юм биш, харийн юм. Манайхан чинь дандаа гадаадын баяр тэмдэглээд байна шүү дээ. Өөрийнхөө үндэсний баярыг ганцыг нь чтэмдэглэхгүй байна. Манай баяр бол баяр биш дарамт болоод байна. Өвлийн хатуу цагт ард иргэдийн амьдралд дарамт учруулсан зардал өндөртэй гадаадын баяр юм. Дээрээс нь манай улсын эдийн засагт асар их халгаатай. Хэрвээ бид цагаан сарыг тэмдэглэхдээ хуучин уламжлал, улиралын зурхайгаар тэмдэглэх юм бол иргэд, айл өрхүүдэд тусч байгаа эдийн засгийн зардлыг 2 дахин хэмнэх боломжтой. Манай Үндэсний баяр чинь 9-р сарын 22-нд шүү дээ.
Одоо тэгээд монголчууд зарим нь намар, зарим нь өвөл хаврын зааг дээр цагаан сарын баяраа тэмдэглэдэг болох нээ?
Монгол хүмүүс нь монгол уламжлалаараа, монгол биш хүмүүс нь бусад уламжлалаараа явна биз. Шашин шүтдэг хүмүүс нь шашныхаа цагаан сараар явна биз. Шарын зурхайгаар өвөл 2 сард шинэлдэг нь дулаан уур амьсгалтай урд зүгийн хүмүүст таарч байгаа юм. Тэд нар нь 2 сард газар тариалангийн ажлаа эхэлдэг. Мөн шашин шүтдэг хүмүүс нь бурхан багш Зонховын таалал төгссөний гашуудал тайлах ёслолыг 2 сард тэмдэглэн цагаан сар хийж болно. Харин Монгол газар нутаг дээр амьдарч байгаа, 4 улиралтай монголчуудын хувьд “Монгол түмний улирлын зурхай”-гаа мөрдөх нь зүйтэй. Монгол түмний улирлын зурхайг зөвхөн малчин монголчууд баримталдаг юм биш. Монгол газар дээр амьдардаг шавьж хорхой, ургамал, ан амьтад, араатан жигүүртэн, өвс ургамал нь хүртэл бүгд мөрддөг юм. Улирлын зурхай гэдэг чинь бүгд хамтаар мөрддөг зурхай юм. Яагаад гэхээр 9-р сарын 22-нд өвс ногоо, жимс жимсгэнэ, айраг цагаан идээ, тариа будаа бүрэн боловсорч дуусдаг үе. Монгол түмний улирлын зурхай бол цаасан дээр бичээд хэвлэдэг зурхай биш. Энэ зурхай Монгол гэрийн тооноор тусах нараар хэмжигддэг. Дээрээс нь манай 4 улирлын шинж яг таардаг. Өөрөөр хэлбэл 9-р сарын 22, 12-р сарын 22, 3-р сарын 22, 6-р сарын 22-ны өдөр гэж 4 хуваасан байдаг. Энэ өдрүүдэд өдөр шөнө тэнцэж, 6-р сарын 22-нд нар буцаад эхэлдэг. Монголчууд бид олон мянган жил энэ л зурхайг баримталж ирсэн бөгөөд байгалийн хуульд зохицолдсон зурхай юм.
Цагаан сарыг намар тэмдэглэснээр ямар үр ашигтай юм бэ?
Олон талын үр ашигтай. Тухайлбал үндэсний уламжлал сэргэнэ, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, зөв зохистой хооллолтонд ач тустай. Эдийн засгийн талаар Чингис хаан хэлэхдээ “Үрэхээс олохыг урьтал болго” гэж хэлсэн байдаг. Хэмнэлттэй бай гэсэн үг шүү дээ. Бид цагаан сарыг шарын зурхайгаар өвөл тэмдэглээд байгаа нь Чингис хааны зарлигийн эсрэг яваад байгаа байхгүй юу.
Цагаан сар тэмдэглэхийн утга учир нь яг юу юм бэ?
Цагаан сар гэдэг бол ариун цагаан хөдөлмөр хийгээд цагаан идээ, цагаан сэтгэлийн баяр юм. Нөгөөтэйгүүр төрийн хүч хир буртаггүй цагаан байдагтаа оршдог. Тиймээс төр Их цагаан сүлдээ өглөөний нарнаар тахиж байх ёстой. Төр хир буртаггүй байх аваас Төрийн бэлгэдэл цагаан сүлд хир буртаггүй байхыг бэлэгддэг юм.
Энэ сарын 22-нд болсон цагаан сарын золголтыг хэр олон айл тэмдэглэсэн бол?
Дээр үед нууцаар тэмдэглэдэг байсан шиг орон даяар тэмдэглэсэн. Хүмүүсийг хүчилж болохгүй. Монгол түмний улирлын зурхайгаар тэмдэглэх ёстой гэдгийг ойлгож, сэрж мэдэрсэн хүмүүс 9-р сарын 22-нд цагаан сараа тэмдэглэсэн. Улирлын зурхайгаар тэмдэглэж байгаа цагаан сарыг өмнөх жил цөөн хэдэн эрдэмтэн, судлаачид тэмдэглэсэн. Харин энэ жил маш олон хүн золголт хийж, өргөн цар хүрээтэй цагаан сар боллоо. Хөдөө орон нутгийн зарим газарт 300-400 хүн цагаан сар тэмдэглэж байна гэж бидэнтэй утсаар ярьж, баяр хүргэсэн.
Цаашид яах вэ. Цагаан сараа хоёр өөр сард, хоёр өөр улиралд, хоёр өөр өдөр тэмдэглээд яваад байх уу?
Бид Монгол үндэстний генинд байгаа өвөг дээдсийн уламжлал ёсыг сэргээхийг хичээж байна. Төр засаг дэмжвэл бүр ч сайн байна. Нэмж хэлэхэд төр засаг өөрөө буруу яваад байна. Төр засаг Найман хөлт цагаан сүлдтэй туугаад байна. Төрийн бэлгэдэл 9 сүлдтэй яваад байна. Энэ буруу. Төрийн хүч 10 цагаан сүлдэндээ байдаг юм. Ер нь бол монголчууд мөнх тэнгэрийг шүтдэг учраас нараар хаан төрөө төлөөлүүлж, 9 гаригаар 9 өрлөгөө төлөөлүүлж, аравтын зарчмаар явах ёстой.
Нэмж тодруулахад Чингис хааны төрсөн өдрийг улирлын зурхайгаар тооцох асуудал нэлээд яригдсан. Энэ асуудал юу болсон бэ?
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 12-р сарын 22-нд Чингис хаан төрсөн. Чингис хааны төрсөн өдрийг улирлын зурхайгаар нь тооцъё гэдгийг төрд ойлгуулах гэж цөхрөлтгүй явсан боловч харамсалтай нь биднийг ойлгоогүй. Гэхдээ яваандаа ойлгох байх гэж найдаж байгаа. Одоо бол Чингис хааны төрсөн өдрийг Түвдийн зурхайгаар тэмдэглэж байгаа. Түвдийн зурхайгаар явахаар Чингис хааны төрсөн өдрийг жил бүр өөр өөр өдөр тэмдэглэж байгаа гэсэн үг. Заримдаа 10 сард, заримдаа 11 сард, хааяа 12 сард төрдөг Чингис хаантай болчихоод яваад байгаа шүү дээ бид нар чинь.
Эх сурвалж: www.aravt.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД