“Цоорхой” төслийг цойлдож батлахад нэг хоног үлдлээ

Үргэлж л үнийн өсөлтөд дарлуулж байдаг монголчууд саяхан “Махны үнэ буурч гэнэ” гэсэн таатай мэдээ сонслоо. Долларын ханш 1700 төгрөг хүрэн “нисэж” байснаа 1600 руу доошилж, гаарсан үнийн өсөлтийг бага ч болов “тайвшруулсан” нь энэ. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, экспорт багассантай холбоотойгоор иргэдийн хэтэвч рүү шагайж, бүсийг чангалж байсан нь арай зөөлөрч эхэлжээ. Одоо “Гадаадын хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42 хувиар буурсан” хэмээх бараан мэдээллийг “цайруулах” хэрэгтэй байгаа юм. Эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулах хууль эрх зүйн орчныг тодорхойлж, Монголоос нүүр буруулаад байгаа хөрөнгө оруулагчдыг татах, ингэхдээ гадаад, дотоод гэж ялгахгүй байлгах Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг батлахаар УИХ ажиллаж байна. Энэ “хөшүүрэг” нь Хөрөнгө оруулалтын тухай хууль. Ээлжит бус чуулган маргааш завсарлана. Ес хоногт багтаан эдийн засгийг сайжруулах хууль эрх зүйн орчинтой болгох үүргийг УИХ хүлээсэн. Ийм байдал үүссэний бурууг нэгнээсээ хайж улст өржиж байсан эрхмүүдэд одоо маргалдах, сандал суудал хөөцөлдөх цаг үлдсэнгүй. Тиймээс Ажлын хэсгүүд шаргуу ажиллаж эхэлжээ.

Хөрөнгө оруулалт яагаад буурав

Улстөрчид шиг хэн нэгнийг буруутгах биш, учир шалтгаан нь энд чухал. 1990-2012 оны дунд үе хүртэл манай улсад дэлхийн 112 орны 12118 аж ахуйн нэгж бүртгэгдэж, 14 тэрбум орчим долларын гадаад хөрөнгө оруулалт хийсэн байдаг аж. Үүний 74 хувь нь уул уурхайн салбарт ногджээ. Бас үүнийх нь 70 хувийг Оюутолгой төсөл дангаараа эзэлж байв. Тэд анхны хөрөнгө оруулалтаа дуусгасан нь дээрх тоонд огцом өөрчлөлт оруулахад хүргэсэн нь мэдээж. Мөн “Урт нэртэй” хуулийн хүрээнд алтны олон лицензийг цуцалснаар тэндээс орж ирж байсан хөрөнгө оруулалт буурсан. Нэг ёсондоо хөрөнгө оруулалт буурахад хууль эрх зүйн орчин нөл өөлсөн байна. Байсхийгээд л хуулиа өөрчлөөд байдаг манайх шиг оронд хөрөнгө оруулах нь үнэндээ эрсдэлтэй. Дээрээс нь дэлхийн эдийн засгийн байдал нөлөөлсөн нь мэдээж. Шинэчлэлийн Засгийн газар өмнөх алдааг богино хугацаанд засаж чадаагүйн буруу ч бий. Гэхдээ нэгэнт гадаадын хөрөнгө оруулалт буурчихсан, тэр хэрээр “мөрөөдлөөр” төсөөлж баталсан төсвийн маань орлого оны төгсгөл гэхэд нэг их наядаар дутах нь тодорхой болчихсон байна. Одоо үүнийг яаж шийдэх вэ гэдэгт анхаарах учиртай.

Анхны ба одоогийн хувилбар

Засгийн газар өргөн барьсан төсөлдөө хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгахгүй байх, бодлого, эрх зүйн орчныг тогтвортой байлгахын тулд уг хуулийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын босгоор өөрчл өх эрх олгохоор тусгасан. Мөн эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо хэмээх гурван салбарыг стратегийн ач холбогдолтой хэмээн онцолж байсныг больсон аж. Хөрөнгө оруулагчдыг хувийн, төрийн хэмээн ангилна. Хувийн хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулж, өмнөх хуульд байсан 100.000 ам.долларын босгыг хэвээр хадгалахаар оруулж иржээ. Харин төрийн өмчит гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25 хувиас дээш гарах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл өгч байхаар тусгасан байна. Хэрэв хөрөнгө оруулалтын хэмжээ 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн бол 5-10 жилийн хугацаанд гааль, НӨАТ, роялти зэрэг дөрвөн татварын хувь хэмжээг тогтвортой байлгана. Дээрээс нь хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан тусгай агентлаг байгуулахаар тусгажээ. Өргөн барьсан төслийн үндсэн, гол заалтууд нь ийм.

Хэлэлцүүлэг эхлэх үеэс л уг төслийг дутуу, дулимаг, доголон гэх мэтээр гишүүд шүүмжилсэн юм. Тиймээс гурван Бүлэг тус бүр дээр Ажлын хэсэг байгуулан ажиллаж, тус тусынхаа саналыг боловсруулсан. Эдийн засгийн байнгын хорооноос бүх намын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг байгуулж, Д.Зоригт гишүүн ахалж буй.

УИХ дахь гурван бүлгийн ахлагч нар уулзаж, Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг сайжруулаад ээлжит бус чуулганаар амжуулан батлахаар тохиролцсон. Одоогоор Бүлг үүдээс гаргасан саналыг Байнгын хорооны Ажлын хэсэг нэгтгэж байгаа юм. Тэнд зарчмын зөрүүтэй 60 гаруй санал гарчээ. Үүнийг багасган, цэгцэлж буй. МАН-ын бүлгийн тухайд гадаадын хөрөнгө оруулагчдыг татварын таатай орчин, урамшуулал гэсэн хоёр зүйлээр татах ёстой. Гэтэл уг төсөлд татварын тодорхой хөнгөлөлт оруулсан ч урамшуулал алга хэмээн үзсэн. Тиймээс тэд “Хөрөнгө оруулалтын урамшуулал” гэсэн тусгай бүлэг нэмэх санал гаргав. Мөн 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулсан бол 5-10 жилээр татварыг тогтворжуулна гэсэн нь бага хэмжээний хөрөнгө оруулагчдыг ялгасан хэрэг гэж үзжээ. Тиймээс салбараас нь хамаараад татвар тогтворжуулах хугацааг уртасгаж тавьж болно, ингэхдээ гурван тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийг тооцъё гэв. Түүнчлэн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг нийт гишүүний гуравны хоёрын саналаар өөрчлөх Засгийн газрын саналыг “Тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроор” хэмээн арай зөөлрүүлэх саналтай байгаа.

“Шударга ёс” эвслийн бүлгийн тухайд татвар тогтворжуулах зохицуулалт, хугацаа нь учир дутагдалтай хэмээн үзсэн. Хөнгөн, хүнд үйлдвэр хэмээн ялгалгүйгээр, салбараас нь хамаараад 8-12 жилээр татвар хөнгөлөх саналыг тэд дэвшүүлэв. Мөн хөрөнгө оруулалтыг Улаанбаатар болон орон нутаг хэмээн бүсээр нь ялгаж, хөдөөд хөрөнгө оруулбал урамшуулал нь өндөр байх ёстой гэсэн саналыг бүх Бүлэг дэмжиж байгаа юм. Ажлын хэсэг дээр татвар тогтворжуулахад гурван тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулсан компанийг хамруулах, хугацаа нь 5-15 жил байх гэх мэт асуудлаар саналаа нэгтгэжээ.

Энэ мэтээр тал талаас нь ярилцаад цоорхой багатай хууль гаргахаар Ажлын хэсгүүд өдөр бүр шөнө хүртэл ажиллаж байна. Улстөржиж, эрх ашиг нь зөрчилдчихгүй бол маргааш оройдоо шинэхэн хууль гараас гарах учиртай.

Хууль баталмагц гадаадын хөрөнгө оруулагчид Монгол руу шууд цуваад л, 42 хувь хүрч буурсан үзүүлэлт эрс өсөхгүй нь мэдээж. Гэхдээ л тал талаасаа ярилцаад зөв хууль баталж чадвал тогтвортой орчин бүрдэнэ, хавраас үр дүн нь харагдана хэмээн улстөрчид найдаж сууна.

"Өнөөдөр" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ