Дорноговьд хоёр дахь Эрдэнэтийг барьж байна

Дорноговьд монголын хоёр дахь Эрдэнэт баригдаж эхэлжээ. Эрдэнэтийг 1970-аад онд оросууд барьж байсан бол энэ удаа монголчуудын 100%-ийн хөрөнгө оруулалтаар жилдээ 300 мянган тонн зэсийн баяжмал гаргах үйлдвэр баригдаж байна. Эрдэнэт жилд 450 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг гэхээр түүний 70%-тай тэнцэх хэмжээний том үйлдвэр говьд босно гэсэн үг.

Одоогоор Дорноговийн уулын баяжуулах үйлдвэрийн газар шорооны ажил эхэлж, ил уурхайн тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдэж байна. Эрдэнэт үйлдвэрт байдаг шиг Белаз машин 10 байгаагийн 4-ийг Монгол залуус угсарчээ. Хүч чадлаараа Эрдэнэтийн белазуудаас нэг дахин илүү аж. Эрдэнэт үйлдвэрийнх 120 тонн даацтай байдаг бол “Монгол алт” компанийн оруулж ирсэн белаз 220 тн-ийн даацтай юм байна. Мөн энэ үйлдвэр Азид ганц экскаватортой. Үйлдвэрлээд жил хүрээгүй байхад нь өнгөрсөн жил оруулж иржээ. Нэг хутгахдаа 40 тонныг багтаадаг ковштой энэ техник 6 тэрбум төгрөгийн үнэтэй аж. Одоогоор ил уурхайд хэрэглэх тоног төхөөрөмжийг хүлээн авч дуусаад угсрах ажил хийгдэж байгаа аж.

Баяжуулах үйлдвэр ашиглалтад ороход ил уурхай хөрсөө хуулсан, доод тал нь сая тонн хүдэр бэлдчихсэн байх ёстой гэнэ. Ил уурхайн ажил баяжуулах үйлдвэрээс 2 жилийн өмнө бэлтгэл ажлаа хангасан байх ёстой учраас ажлаа эхэлсэн тухай эх сурвалж хэллээ. Баяжуулах үйлдвэрээ хурдан хугацаанд ашиглалтанд оруулахын тулд 4800 хятад ажилчин оруулж ирэх зөвшөөрөл хүссэн ч 2400 хүн оруулж ирэх зөвшөөрөл авчээ. Монголчуудад баяжуулах үйлдвэр барих туршлага байхгүй учраас зайлшгүй хятад ажилчид оруулж ирэх шаардлага тулгарсан аж. Баяжуулах үйлдвэрийн технологийн процесс нь Эрдэнэт, Оюутолгойтой адилхан бөгөөд анхан шатны бутлуураас хүдрийн агуулах, хүдрийн агуулахаас нунтаглах тээрэм, тээрмээс хөвүүлэн баяжуулах хэсэг гэсэн дараалалтай байх аж. Үйлдвэр ашиглалтанд орохоор 1200 хүн ээлжийн горимоор 24 цаг тасралтгүй ажиллах бөгөөд ажилтнуудаа гадаад, дотоодын сургууль болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд бэлдээд эхэлжээ. Дорноговийн баяжуулах үйлдвэр 18 жил ажиллах юм байна. Усныхаа 80%-ийг Оюутолгой шиг эргүүлэн ашиглах ба үйлдвэрт ашиглах усаа ордоос 16 км-т байрлах Нарангийн хөндийгөөс татахаар болжээ. Харин эрчим хүчний асуудлаа түр хугацаанд Оюутолгойгоос авах бөгөөд цаашид эрчим хүчний асуудлаа шийдэхээр Өмнөговь руу шугам татах ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Мөн дээрх бүтээн байгуулалтын хүрээнд онгоцны буудал, ажилчдын байр зэргийг барихаар төлөвлөөд байна. Энэхүү зэс молибдений Цагаан суврагын орд нь 250 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй ба Монгол Улсын стратегийн чухал ач холбогдолтой 15 орд газарт багтдаг юм.

Эх сурвалж: www.aravt.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ