Ж.Батзандан: Манай улсын 10 гаруй нөлөө бүхий эрхэм оффшор бүсэд данстай юм билээ


-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан гэл үү?
-Сүүлийн үед манай улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд татвараас зугтах, хууль бусаар олсон хөрөнгөө гадаадын оффшор бүсэд байршуулах нь элбэг болсон байна. Тодорхой жишээг ард түмэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх. Ер нь дэлхийн улс орнууд санхүүгийн аюулгүй байдлаа хангахын тулд төрийн өндөр албан тушаалтнуудаа оффшор бүсэд мөнгө байршуулах, гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авах чиглэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийж байгаа.
-Зөвхөн Монголд биш байх нь ээ?
-АНУ, Герман, Орос гээд европын орнууд ийм зохицуулалт хийсэн. Энэхүү жишгийн дагуу миний бие энэ хуулиар өөрчлөлт оруулж байгаа юм. Тус хуулийн 11.5-д төрийн, улс төрийн, захиргааны, болон тусгай албаны удирдах албан тушаалтан албан тушаалаа гүйцэтгэх хугацаандаа болон уг албан тушаалаасаа чөлөөлөгдсөн цагаасаа хойш хоёр жилийн хугацаанд өөрийн болон эхнэр нөхөр, нэг өрхийн бүртгэл дээр хамтран амьдардаг насанд хүрээгүй хүүхэд оффшор бүсэд данс эзэмшихийг хориглоно гэсэн заалтыг оруулж өгч байна. Энэ заалт нь Төрийн болон орон нутгийн өмчит, Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотойгоор хуулийн этгээдийн нэгэн адил хамаарна. Тухайлбал, компанийнзахирал, ТУЗ-ийн гишүүд гадаадад оффшор данс эзэмшиж болохгүйг тусгасан.
-Оффшор бүс гэдгийг юу гэж ойлгох хэрэгтэй вэ?
-Аливаа нэг бизнес эрхлэгч хөрөнгийн мэдээллээ нууцалж, татвараас нуугддаг. Татварын хөнгөлт үзүүлдэг. Ийм л бүс шүү дээ. Төрийн өндөр албан тушаалтнууд татвараа шударгаар төлөх ёстой. Хөрөнгийг хуулийн дагуу шударгаар олох хэрэгтэй. Тиймээс дотоодоос хулгай хийсэн мөнгөө гадаадын энэ бүсэд байршуулдаг явдлыг үндсэндээ хориглож байгаа хэрэг. Өөр бас нэг хуулийн зохицуулалт бий. Хуульд заасан этгээдүүд албан тушаалтнууд албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд эхнэр нөхөр, нэг өрхийн бүртгэл дээр бүртгэлтэй гэр бүл, үр хүүхэд болон гадаадад данс нээлгэсэн тохиолдолд тухай бүртээ АТГ-т бүртгүүлж байх ёстой. Ийм заалтыг оруулж өгснөөрөө онцлогтой. Одоогийн байдлаар жилдээ нэг удаа АТГ-т мэдэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, гадаадад данс нээлгэсэн, үл хөдлөх хөрөнгө зарсан, авсан албан тушаалтанг цаг тухай бүрт нь АТГ-д бүртгүүлж байх болно гэсэн үг л дээ.
-Хууль хэдэн хүнийг хамрах вэ. Судалгаа бий юу?
-Ойролцоогоор 2000 гаруй хүн хамрагдах боломжтой гэж үзэж байгаа.
-Жирийн иргэд гадаадад данстай байвал яах вэ. Энэ хууль үйлчлэх үү?
-Үгүй. Жирийн бизнес эрхэлдэг иргэдэд үйлчлэхгүй. Зөвхөн төрийн өндөр албан тушаалтанд үйлчилнэ.
-Гадаад хүнтэй суусан төрийн албан тушаалтан гадаадад оффшор данстай бол яах вэ?
-Энэ хуулийн 11.7 дугаар заалт бий. Төрийн нууц аюулгүй байдалд нийтийн ашиг сонирхлын үүднээс гадаад улсын иргэнтэй суусан Монгол Улсын иргэн уг хуулийн 11.5-д зааснаар төрийн өндөр албан тушаалд сонгогдох тохиолдолд түүнийг томилж буй төрийн өндөр албан тушаалтан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдсэн байх шаардлагатай. Тэгэхээр энэ нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Гадаад нөхөртэй хүн төрийн өндөр албан тушаалд томилогдож байгаа нөхцөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бүртгэдэг байх ёстой.
-Одоогоор манай улсаас гадаадад оффшор данс нээлгэсэн, хөрөнгөө энэ хэлбэрээр нуусан хэдэн хүн байгаа гэж үзэж байна вэ?
-Олон улсын сэтгүүлчдийн мэдээлж буйгаар гадаадад оффшор данстай 10 гаруй нөлөө бүхийн эрхэм байна лээ. Өөрсдийн болон гэр бүлийнхнийхээ нэр дээр оффшор данстай болох нь тогтоогдсон байсан. Энэ талаар интернэтэд ороод үзэж болно.
-Хууль хэрэгжиж эхлэхээс өмнөоффшор данстай бол яах ёстой вэ?
-Энэ хуульд үүнийг зохицуулахаар дагаж мөрдөх журам гэж оруулсан байгаа. Юу гэхээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай энэ өдрийн хууль батлагдахаас өмнө ийм хэсэгт заасан нөхцөл байдал ийм болсон бол энэ хууль хүчин төгөлдөр болсон цагаас хойш 90 хоногийн дотор хуульд нийцүүлэх арга хэмжээ авна гэж заасан байгаа.
-Та УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл санаачлаад байгаа. Ямар хуулийн процедур баримталж байгаа вэ?
-Ард түмэн УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, хариуцлага тооцдог болох боломжийг бүрдүүлэх талаар олон жил хүсч хүлээж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай УИХ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.6, 7 дахь заалтад тойргоос сонгогдсон гишүүнийг тухайн тойргоос сонгосон сонгогчдын гуравны хоёроос илүү хувь нь эргүүлэн татах санал гаргасан тохиолдолд, түүнчлэн намын жагсаалтаар нэр дэвшсэн гишүүнийг тухайн намын аппарат эргүүлэн татах санал гаргасан тохиолдолд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах боломж нээгдэж байгаа юм. Харин өнөөдрийн үйлчилж байгаа Үндсэн хуулиар бол УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь эргүүлэн татдаг. УИХ-ын гишүүд сонгогдсоныхоо маргаашаас амласныхаа эсрэг ажиллаж эхэлдэг. Үндсэн хуульд төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг гэж заасан. Үндсэн хууль, хүний эрхийн түгээмэл тунхаглалын суурь зарчимтай энэ хууль нийцсэн.
-Хэзээ өргөн барих вэ?
-Хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй. Орон даяар ард иргэдийн дунд санал асуулга өрнүүлэх болно. Ер нь хуулийг ойролцоогоор 3-6 сар болж байж өргөн барьдаг.
Э.Оюунцэцэг www.medee.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ