Н.Энхбаяр нарын “Эрдэнэт” үйлдвэрт өртэй хүмүүс өрөө хэзээ төлөх вэ?

Монголчуудын “саалийн үнээ” гэгддэг Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т олон тэрбумын өр тэртээ 2002 оноос хойш хуримтлагджээ. Харамсалтай нь өрийн данстай олон арван компани, аж ахуйн нэгж, хувь хүмүүс өрөө барагдуулаагүй өнөөдөртэй золгосон байна. Эдгээр компаниуд нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр гэрээ байгуулжээ. Гэвч гэрээний үүргээ биелүүлээгүй их хэмжээний хохирол учруулсан байна.

Тэдгээрийн тэргүүнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэр хаягтай “Henlon” компани толгой цохиж явна. Тус компани 2005 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай гэрээ байгуулсан бол эдүгээ 1.8 сая ам.долларын өр, авлага үүсгэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Ж.Мягмаржаргал гэдэг хүний нэр дээр байдаг тус компани шахааны бизнесээр “Эрдэнэт”-ийн энэ их мөнгийг гадаад, дотоодын компаний данс руу хийгээд түгжсэний улмаас асуудал ингэтлээ хүндэрчээ. Ийм загвараар мөн 13 компани ч ажилласан мэдээлэл байдаг.

Өр авлагын “хар данс”-аас харахад “Helton” ХХК-ийн захирал Ж.Мягмаржаргал гэгч “Грийт глобал интер” ХХК-ийн нэрээр мөн л “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д дахин 1.5 сая ам.долларын өр тавьжээ. Хэрхэн барагдуулах нь ч одоогоор тодорхой бус байдаг аж.

Түүний араас дурдвал “Замбала” ХХК-ийн захирал Ж.Энхболд 827 мянган ам.долларын өртэй байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийг шулж мөлжсөн асуудалд улсын алдар цолтой бөхчүүд ч оролцжээ. Тухайлбал, Монгол Улсын харцага Г.Батбаярын нэр ч цохиж явна. Тэрээр одоогоос хоёр жилийн өмнө “Дунд цүүр” ХХК-ийнхаа нэр дээр 18.6 мянган ам.долларын өр тавьжээ. Олон сая долларын өртэй харьцуулахад хамгийн бага нь “Эрхэм саруул” ХХК-ийн захирал Н.Баяржаргал 6.3 мянган ам.долларын өртэй. Гэвч 2004 онд энэ мөнгөн дүн бага биш тоо. Одоо Төрийн өмчийн хорооны томоохон албан тушаалд ажиллаж буй нэгэн хатагтай ч бас энэ их өр ширтэй хүмүүсийн жагсаалтад бичигдсэн байдаг аж.

Бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн энэ их өр авлагыг хэрхэн барагдуулж, улсыг хохиролгүй болгож байгааг тодруулахаар Хуулийн хэлтсийн дарга н.Болор-Эрдэнэ, Өр барагдуулах албаны ажилтан н.Гансүх нартай холбогдлоо. Тэд “Улаанбаатар хотод хуралд сууж байна. Мэдээлэл өгөх боломжгүй, завгүй байна” хэмээн ямар нэг мэдээлэл өгөхөөс цааргалж, уцаарласан байдалтай татгалзаж байв.

Улсад өч төчнөөн төгрөгийн хохирол учруулаад байгаа компаниудын талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа нь цаанаа бас “асуудал”-тай байхыг үгүйсгэхгүй. Магад тэдний өөгшүүлэлтээс болж энэ өр “байдаг люм” болж явсаар өнөөдөртэй золгосон байж болох юм. Үнэндээ өр тавьсан нь ч, өр нэхдэг нь ч санаа амар явсаар 10 гаруй жилийг ардаа орхижээ. Тиймээс хариуцлагын асуудал хэтэрхий дутагдаж байгааг дурдахгүй өнгөрч боломгүй нь.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ