Лондоноос 50 хувьтай иржээ


Лондонд болсон яриа
Лондонд болсон “Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн хуралд манай талыг төлөөлсөн ТУЗ-ийн гурван гишүүний сэтгэл тун хангалуун байна. “Эерэг, дотно, халуун дулаан, бүтээлч уулзалт болсон” гэж “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэлэв. Хоёр тал үл ойлголцож буй сэдвээ нийлүүлээд 30 асуудлын жагсаалт гаргажээ. “Асуудлыг тэр дор нь хэлэлцэж, 15-д нь нэгдсэн ойлголтод хүрсэн. Хоёр талын үл ойлголцлыг 50 хувиар бууруулсан нь энэ удаагийн уулзалтын гол ач холбогдол боллоо” гэж ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн ярилаа. Лондонд болсон уулзалтаар асуудлынхаа талыг шийдсэн тэд энэ сарын 7-ноос Улаанбаатар хотноо дахин яриа хэлэлцээр хийх бөгөөд “Rio Tinto”-гийн томоохон төлөөлөгчид ирэх сураг ч гарав. Одоо энд болох яриаг ажил хэрэг болгож, нэг ойлголтод хүрч гэмээнэ дэлхийн хамгийн том ордын нэг Оюутолгойн үйл ажиллагаа цааш явахад нэмэр болох юм. Оюутолгойн бүтээн байгуулалтыг яаравчлах хэд хэдэн шалтгаан бий. Зэстэй нь зөвхөн манай улс биш бөгөөд Чили, Афганистан, Мозамбикт томоохон ордууд илэрч, олборлолт нь жигдэрч эхлэх 2018 оны үеэс уг металлын дэлхийн зах зээл дэх үнэ мэдэгдэхүйц буурах хандлагатайг шинжээчид таамаглаж байгаа. Тэгэхээр үүнээс урьтаж, зэсийн үнэ дэлхийн зах зээлд харьцангуй тогтвортой байх ойрын хэдэн жилд далд уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, экспортыг нэмэх шаардлагад тулав. Хоёр талын аль нь ч зохицуулж үл чадах, гэхдээ аль алинд нь туйлаас хэрэгтэй эл шаардлагаас улбаалж эргэж буцсан он жилүүдэд цэг тавих үе ирсэн нь энэ юм.
“Rio Tinto”-гийн хөндсөн дөрвөн асуудал
Хоёр тал нэгдсэн шийдэлд хүрсэн гээд байгаа 15 асуудлын дөрвийг нь “Rio Tinto”- гийн зүгээс тавьжээ. Үүнд, үндэсний ажиллах хүчний квот, харьцаа хэд байх, их хэмжээний хэлцэлтэй холбоотой болон зардлын өсөлт, усны тарифын асуудал багтжээ. Ажиллах хүчний квотын хувьд “асуудлыг шийдсэн” гэх ангилалд байгаа бөгөөд чухам ямар дүгнэлтэд хүрснийг хэлсэнгүй. Гэхдээ энэ асуудалд байнга хяналт үнэлгээ хийж байхаар тохирсон аж. Харин баяжмалын борлуулалтыг ТУЗ-өөр хэлэлцүүлэхтэй холбоотойгоор үүссэн асуудлыг Хувь нийлүүлэгчдийн гэрээ болон Компанийн тухай хуулийн хүрээнд шийдвэрлэсэн байна. Тэгвэл манай талаас “Entree Gold”-ын эзэмшилд буй тусгай зөвшөөрөл, замын ажил болон Монголын банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх гэхчлэн 11 асуудлыг шийдэж чаджээ. Тухайлбал, “Entree Gold”-ын эзэмшилд байгаа хоёр тусгай зөвшөөрлийг Хөрөнгө оруулалтын гэрээний агуулгад нийцүүлэн “Оюутолгой” компанид шилжүүлж, эзэмших эрхийн 34 хувийг Монголын талд баталгаажуулах шийдэлд хүрсэн аж. Ингэснээр Монголын талын ногдол ашиг төсөл хэрэгжих хугацаанд ойролцоогоор 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдэх юм байна. Одоо чухал асуудал болоод буй далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах нэмэлт санхүүжилтийг ямар банкнаас авахаа шийдэх хоёр талын хамтарсан Ажлын хэсэг байгуулсныг хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн. Уг нэмэлт санхүүжилттэй холбоотой асуудлыг ирэх арванхоёрдугаар сард багтаан шийдэхээр төлөвлөж буй гэнэ.
“Сүр битгий болгоорой”
Лондоныг зорьсон “Оюутолгой” компанийн ТУЗ дэх гурван монгол гишүүн хэвлэлээр дамжуулж олон нийтэд тайлангаа тавьсан нь тун сайн хэрэг боллоо. Ярьж болох зүйлсийг нуулгүй дэлгэж, одоохондоо амаа хамхихаас өөр аргагүйг нь нуусхийгээд өнгөрөв. Учир нь үлдсэн 15 асуудлыг гурав багцлан, хоёр тал Ажлын хэсэг байгуулж, тун удахгүй Улаанбаатарт болох яриа, хэлэлцээрт бэлтгэж буй учраас “тоглоомын дүрмээ” ил дэлгэхээс цааргалж буй нь энэ. Үлдсэн 15 асуудалд юу юу багтаж байгааг энэ удаа нарийвчлан дурдалгүй өнгөрөв. Аль аль нь өөрийн гэсэн эрх ашигтай учраас дээрх мэдээллийг “сүр битгий болгоорой” гэж хүсэх, зөвлөхийн дундуур хэлнэ лээ. Харин Улаанбаатарт болох хэлэлцээрийн дараа үүн лүгээ хэвлэлийн хурал зарлан, дахин мэдээлэл өгнө гэж амлав. Гэхдээ гурав багцалж буй асуудал гэдгийг тодруулбал, зардал хэтэрсэн шалтгааныг хоёр талаас нягтлан шалгах, ТЭЗҮ болон бүлэг ордын геологийн нөөцийн тодотголыг эрх бүхий байгууллагад бүртгүүлэх, нэмэлт санхүүжилтийн нөхцөлүүдийг нарийвчлан судлах зэрэг гэнэ. Ажлын хэсгүүд ирэх даваа гаригаас шуурхайлан ажиллахаар төлөвлөжээ. Лондонд болсон уулзалтаар хоёр тал ойлголтын зөрүүгээ арилгаж, хэд хэдэн чухал асуудалд санал нэгдсэний эерэг тал зөвхөн Оюутолгойд наалдах учиргүй. Энэ том төсөл нь гадаадын хөрөнгө оруулалтын туг, түүчээ учраас тэдний хувьд ч гэсэн Монголын талаарх таагүй сэтгэгдэл, ташаа ойлголт нь арилсан байгаасай гэж найдаж байна.
Ч.Отгочулуу: Хамтарч бизнес хийж буй түншүүдэд итгэлцэл хамгийн чухал
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуутай өнгөрсөн сарын 23-27-нд болсон “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагчдын хэлэлцээрийн талаар ярилцлаа.
-“Оюутолгой” төслийн Хувь нийлүүлэгчдийн хурал хоёрдугаар сард эхэлсэн. Саяхан “Оюутолгой” төслийн Монголын талын гишүүд Лондонд ажиллаад ирлээ. Ямар үр дүнд хүрэв?
-Өмнөх ТУЗ дэх Монголын талын гишүүд гурван жил гаруйн хугацаанд сайн ажилласан гэдгийг юуны өмнө хэлэх нь зүйтэй. Хоёрдугаарт, Уул уурхайн яаманд Ажлын байнгын хороо ажилладаг. Уул уурхайн сайдаар ахлуулсан тус хороо нь Засгийн газартай холбоотой элдэв зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх зорилготой. Тус хороогоор энэ жил олон асуудлыг шийдсэн. Тухайлбал, зэсийн баяжмал экспортолж эхлэх, баяжуулах үйлдвэрийг хүлээн авах, мөн хөндлөнгийн лабортори, зам тээвэр гээд. Гуравдугаарт, “Оюутолгой” нь манай улсын эдийн засгийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний төсөл гэдэг утгаараа Хувь нийлүүлэгчдийн хурал олон удаа болж буй нь асуудлуудыг шийдэх гарцыг нээж өгсөн байдаг. Ийм урьдач нөхцөлүүд хангагдсан байсан тул Лондонд болсон хэлэлцээр амжилттай болсон. Энэ нь өмнөх Хувь нийлүүлэгчдийн хурлын, ТУЗ-ийн, мөн Ажлын байнгын хорооны шууд үр дүн гэж хэлж болно.
Шинээр томилогдсон бүрэлдэхүүний хувьд Лондонд болсон хурлын гол ололт нь итгэлцэл байсан. Хамтарч бизнес хийж байгаа талууд бие биедээ итгэх нь хамгийн чухал. Энэ итгэлцлийг олж авах амаргүй, хадгалж үлдээх нь бас хэцүү. Аль аль тал нь хардлага ихтэй байсан, цаашид ч ийм байна байх. Хөрөнгө оруулагч талыг технологийн, санхүүгийн, мэдлэгийн давуу талаа ашиглаж манай өгөөжийг бууруулах вий гэсэн хардлага надад байгаа. Харин хөрөнгө оруулагч талд Монголын Засгийн газар эрх мэдлээ хүчээр ашиглах вий гэсэн болгоомжлол байдаг юм шиг надад санагдсан. Мэдээж долоон тэрбум ам.доллар гэдэг бол тоглоом биш. Жишээ нь, та 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихээд нэг ч төгрөгийн ашиг олоогүй, хамтрагчийнхаа итгэлийг олоогүй байж дахин 70 сая төгрөг гаргах уу? Гэтэл долоон тэрбум доллар гэдэг манай хувьд ч тэдний хувьд ч их тоо. Монгол Улсын Засгийн газрын зүгээс эхний ээлжинд элдэв болгоомжлол, хардлагыг бууруулъя, аль болох баримтад тулгуурлан ил тод, нээлттэй байж итгэлцлийг бүрдүүлэх тал дээр багагүй анхаарсан. Энэ чиг хандлагыг ч бид баримталж ажиллаж байна. Хоёр тал нэг завин дээр яваа гэдгээ ойлгож байгаа. Бид хамтдаа дэлхийн том ордууд, компаниудтай зах зээл болон хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөнө гэж ойлгож байгаа.
-Энэ удаагийн уулзалт хөрөнгө оруулагчдад эерэг мессеж өгч чадсан болов уу?
-Бусдын өмнөөс дүгнэж хэлэхэд эрт байна. Монголын талын хувь нийлүүлэгчид асуудлуудаа шийдье, гарц олъё, төслөө цааш нь амжилттай үргэлжлүүлье гэсэн үүднээс Лондонд очсон. Энэ бол бидний хүчин чармайлтын бодит илэрхийлэл гэж үзэж байгаа. -“Rio Tinto”-гийн зүгээс ямар хандлага ажиглагдав? -“Rio Tinto”-гийн зүгээс анхнаасаа л “Та нар усны төлбөрөө яагаад гэнэт нэмсэн бэ, роялтигаа огцом өсгөх гээд байгаа юм уу, Монголын талын эзэмшлийн хувьцааны хэмжээг огцом нэмэх гээд байна уу” гэх зэргээр болгоомжилж байсан. Мөн хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулаагүй бусад зардлыг огцом өсгөх вий гэсэн хардлага байсан. Эдгээр асуудлыг одоо байгаа гэрээгээрээ зохицуулаад, хуулийн хүрээнд ойлголцоод явах бололцоо бий. Усны тухай хууль баталж, ус ашигласны төлбөр бүхий аж үйлдвэрийн салбарынхны хувьд тодорхой хэмжээгээр өсөж байгаа нь үнэн. “Оюутолгой” мэдээж Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж учир хуулиа л дагана гэдгийг “Rio Tinto” ойлгож байгаа байх. Үүнээс гадна жижиг орнуудад хэт ашиггүй давхар татварын хэлцэлцээрийг буруушаах хандлага дэлхий даяар өрнөж байгаа. Биднээс шууд хамаарахгүй эдгээр асуудлаар хөрөнгө оруулагч талын зүгээс “Бид анх хөрөнгө оруулалтын тооцоогоо хийхдээ зарим нэг тоог хөдөлшгүй гэж үзээд тооцчихсон. Тэр тооцоонд маань өөрчлөлт орох болчихоод байна” гэсэн хандлага гаргаж байгаа. Энэ бол аль ч бизнест байдаг эрсдэл. Гол нь эрсдэлийг даван туулах талаар хамтарч ажиллах нь чухал.
-Төслийн нэгдүгээр шатны хөрөнгө оруулалт хэтэрсэн нь батлагдсан уу?
-Албан ёсоор баталсан зүйл байхгүй. Одоогоор баримтын шалгалт дууссан байгаа. Иймд хоёр талын төлөөлөл хамтраад зардлын хэтрэлтээр тулгалт хийж, тайлангаа нэгтгэе гэж ярьж байгаа.
-Хэрэв санхүүжилт хэтэрсэн нь батлагдвал гэрээнд өөрчлөлт оруулах уу?
-Хэрэв нэг тал гэрээний үүргээ зөрчсөн бол өөрчлөлт оруулах асуудал нь нээлттэй. Ер нь харилцан тохиролцох зарчмаар явна. Гэхдээ энэ тухай хэлэхэд эрт байна. Төслийг хэрэгжүүлэгч хоёр талд аль алинд нь тогтворгүй байдал үүсгэх сонирхол байхг үй. Уг төслийн эхний үе шат амжилттай хэрэгжиж дууслаа. Хоёр дахь үе шатанд энэ эрчийг нь бууруулахг үй ажиллахад анхаарч байна. Мэдээж Монголын тал зардал хэтэрснээс болж өөрийн ашгийг бууруулахыг хүсэхгүй. Тиймээс ямар нэгэн баталгаа шаардах асуудал хөндөгдөнө. Төслийг амжилттай хэрэгж үүлж, орж ирж буй ашгийг хоёр тал тэнцүү хүртэх гэж л гэрээ байгуулсан. Хэрэв энэ нөхцөл байдал өөрчлөгдв өл түүнд тохирсон өөрчлөлт хийх шаардлагатай. Гэхдээ нөгөө талаас “Оюутолгой” төсөл нь бусад хөрөнгө оруулалтыг араасаа дагуулж буй анхдагч том түүчээ. Ингэхээр бид олон эрх ашгийг харгалзаж үзэх ёстой. Өнөөдрийн, ирээд үйн, бусад төслийн, хөр өнгө оруулалтын орчин, Монгол Улсын нэр хүнд гэсэн олон ашиг сонирхол бий.
-Оюутолгойн бүлэг ордтой холбогдох асуудлыг шийдвэрлэснээр төсөл хэрэгжих хугацаанд Монголын талын ногдол ашиг ойролцоогоор 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдэх боломж бүрдсэн гэсэн. Тэгэхээр ТЭЗҮ бас өөрчлөгдөх үү?
-Гуравдагч компанийн эзэмшилд байсан лицензийг “Оюутолгой”- д шилжүүлэх ёстой байсан. Тиймээс ч ТЭЗҮ-дээ анх оруулаад тооцчихсон байсан. Гэрээ байгуулах үеийн ТЭЗҮ-ийн анхны тохироог эвдэхгүйгээр цааш үргэлжл үүлэх нь зүйтэй гэж манай тал үзэж байгаа. Бид “ТЭЗҮ-ийнхээ дагуу ажиллаач ээ” гэсэн шаардлага тавьж байгаа. “Rio Tinto” болон “Entree Gold” нь нээлттэй компаниуд, хувьцаагаа нээлттэй арилжиж байдаг учир иймэрх үү асуудлаар ил ярихаар эмзэглэх хандлага байдаг. Гэхдээ бид асуудлыг хуулийн дагуу шуурхай шийдэх талаар хамтарч ажиллая гэж тохирсон. Энэ бол хамгийн чухал ололт.
-Хоёр талын хүлээж буй үр дүн юу вэ. Тухайлбал, манай тал ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Ер нь хөндлөнгийн судлаачдын зүгээс 2017, 2018 онд дэлхийн зах зээлд зэсийн үнэ багасах төлөвтэйг сануулж байгаа. Энэ нь нийлүүлэлт ихсэж буйгаас үүдэлтэй. Афганистанд гэхэд зэсийн маш том орд нээгдсэн тухай тэдний албаны хүн мэдээлж байх жишээтэй. “Оюутолгой” шиг орд бусад оронд илэрч, бас том баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орох нь тодорхой.
Цаашид зэсийн нийлүүлэлт өссөөр байвал үнэ унах эрсдэлтэй нүүр тулахыг үгүйсгэхгүй. Тиймээс хөрөнгө оруулагч тал зэсийн үнэ харьцангуй өндөр байгаа энэ үед үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, бүтээн байгуулалтаа хурдан хийе гэж байгаа. Үүний үр дүнд нь аль аль талдаа ногдох үр ашиг өснө гэсэн гаргалгаа хийдэг. Бид ч гэсэн энэ өнцгөөс давхар судалж асуудалд хандах болно. Ер нь “Rio Tinto” бол гуравдагч орноос орж ирж буй хөрөнгө оруулалт учир бидний хувьд хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг төрөлжүүлж буй чухал ач холбогдолтой.
Гаднынхан зөвхөн ашиг олох гэж орж ирдэг гэж зарим хүн үздэг. Би тэгж харахгүй байгаа. Манайх шиг бараг арван тэрбум ам.долларын жижиг эдийн засагтай оронд долоон тэрбум ам.долларын төсөл гэдэг нь маш том төсөл. Манай төсвөөс ч их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх чадвартай аварга төсөл. Иймд “Rio Tinto”-г богино хугацаанд ашиг хөөсөн компани бус, харин стратегийн түнш гэж харж байгаа. Тус компани ч энэ төслийн нийгэмд үзүүлэх ач холбогдлыг нь зөвх өн компанийн нийгмийн хариуцлага төдийхнөөр биш, жинхэнэ утгаараа манай улсын хөгжлийн нэг хэсэг болсон гэж ойлгох учиртай.
-Далд уурхайн бүтээн байгуулалтад ашиглах дөрвөн тэрбум ам.долларыг олон улсын банк санхүүгийн байгууллагууд олгох санал нь хэвээр байгаа гэсэн. Түүнчлэн “Rio Tinto”-той асуудлуудаа энэ онд багтаан шийдвэрлэхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр далд уурхайн бүтээн байгуулалт ирэх оноос эхэлнэ гэж ойлгож болох уу?
-Засгийн газар асуудлуудаа аль болох хурдан шийдье гэсэн байр суурь баримталж байгааг хэлсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил ирэх оноос илүү эрчтэй дахин сэргэх боломжтой гэж үзэж байгаа. Манай мэргэжлийн баг улстөржилгүйгээр, сэтгэлийн хөөрөлд авталгүйгээр баримт, судалгаа шинжилгээнд үндэслэсэн шийдвэр гаргахаар ажиллаж байна. Уг төсөл нь Монгол Улсад хэрэгжиж буй анхны том төсөл. Ийм их хэмжээний санхүүжилтийг хамтарч авч байсан туршлага байхг үй учраас судлах зүйл бий.
-Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гээд манай талаас тогтворгүй байдлыг бий болгодог. Ийм байдал үүсгэхг үйн тулд ямар хүчин чармайлт гаргах ёстой вэ?
-Засгийн газар ямар нэгэн боломжгүй зүйлийг хөрөнгө оруулагч талаас шаардаагүй. Харин тус компаниас төслийн шууд үр дүнг хуваахдаа шударга, тэнцвэртэй байх зарчмыг баримтална гэдгээ л илэрхийлж байгаа. Гэхдээ бид “Rio Tinto”-гийн байр суурийг хүндэтгэж байгаа гэдгээ илэрхийлсэн. Монголчуудад хийж чадахгүй зүйл байна. Саяхныг хүртэл бид “Эрдэнэт”-ээс өөр том үйлдвэрг үй байсан. Харин сүүлийн 5-6 жил уул уурхайн салбар эрчимжиж байна. Жишээлбэл, мөстэй хүйтэн усанд аврах хантаазгүй, ямар ч бэлтгэлг үйгээр шидэгдсэн юм шиг үе байсан, одоо ч байгаа гэж санагддаг. Одоо бол бид ядаж хөвж сурч эхлэх гэж байна. Эрэг нь хаана байгааг гадарладаг болж. Бидэнд сурах зүйл маш их байна. Жишээ нь, мэдээлэл тараах тал дээрээ хамгийн том алдаа гаргадаг нь анзаарагдсан. Лондонд энэ төслийн жижиг хувьцаа эзэмшигч нартай уулзлаа. Тэд хоёр цаг тутам Монгол руу утасдаж хэн нэгнээс мэдээлэл авдаг юм байна лээ. Нөгөө хүн нь хагас дутуу орчуулж өгөөд, тэд хагас дутуу мэдээлэл авдаг юм байна. Үүнээс болж сөрөг, бодит бус мэдээлэл тардаг. Манай Монголын зарим цахим хуудас баталгаагүй, буруу мэдээлэл цацах тохиолдол бий. Мөн улстөрчид ч янз бүрийн мэдэгдэл хийдэг. Тиймээс монголчууд мэдээлэл тараах тал дээрээ анхаарах шаардлагатай нь анзаарагдсан. Лондон, Торонто, Нью-Йоркийн гэх зэрэг хөрөнгө санхүүгийн төвүүдэд бизнесийнхэн цуглаж өдрийн хоол хамт иддэг ч юм уу, тогтмол уулздаг юм байна л даа. Тэр үеэрээ бүх мэдээллээ солилцдог. Тэнд мөн л янз бүрийн гажсан мэдээлэл явдаг бололтой юм билээ. Тийм учир цаашдаа “Оюутолгой” гэх мэт том төслийн хувьд бодитой мэдээллийг үнэн зөв орчуулгатайгаар хүргэх стратеги бүтэцтэй болохыг анхаарсан. Энэ талаар ажиллах болно.
Ц.БОЛОРМАА Ж.ТЭГШЖАРГАЛ "Өнөөдөр" сонин
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ