Хотын удирдлагууд гурван тэрбум төгрөгөөр хог үйлдвэрлэж байна

“АЗИЙН ЦАГААН ДАГИНА” ӨӨРӨӨ ХОГ БОЛЧИХ ВИЙ

Нийслэлчүүдийн хувьд толгой өвтгөх асуудал олон. Агаарын бохирдлын дараа жаалах хогны асуудлыг энд дурдаж болно. Дөрвөн уулын дунд орших Улаанбаатар өдр өөс өдөрт цэцэглэн хөгжиж буй ч хог нь багассангүй түүнийг нэхэн хөлжинө. Хэдэн жилийн турш хотын захиргааныхан хогны асуудлаа шийдэх гэж толгойгоо багагүй ажиллуулсан ч дорвитой арга хэмжээ авсан нь үгүй. Харин саяхнаас эл асуудлыг шийдэх эвтэйхэн гарц олсон нь “Азийн цагаан дагина” хэмээх хогны уут байв. Хог хаягдлын шинэ менежентийг энэ оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Хөтөлбөрийн хүрээнд айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зориулалтын уутны хэрэглээг энэ сарын эхээр нэвтрүүлж эхлэв. Хотын удирдлагуудын үзэж буйгаар “Азийн цагаан дагина” нэртэй хогны уут тарааснаар өчнөөн жил цэвэрлэж чадаагүй хур хогийг хуу хамж, нийслэл маань тун удахгүй нүүрээ угааж, өнгөө засах аж. Янз нь хотын иргэд хогоо хийх уутгүй байсан болохоор л хогондоо дарагдаж, хур хог хаа сайгүй овоордог байсан болж таарлаа.

Харин иргэд үүнийг энгийнээр тайлбарлах биз ээ. Хот тохижилтынхон хогоо хугацаандаа ачихгүй удсанаас болж овоорч, аргаа барахдаа гуу жалга, онгорхой нүх сүв болгонд хаягдлаа асгадаг тухай хэлнэ. Үнэн хэрэгтээ уутгүйдээ биш хот тохижилтынхон ажлаа хийдэггүй байсан учраас хогны асуудал ингэтлээ улс даяар яригдах хэмжээний болсон нь нууц биш. Гэтэл манай удирдлагууд ногоон өнгөтэй, хагас тунгалаг материалаар хийсэн, 60х85 см-ийн харьцаатай, 15 килограммын даац бүхий “Азийн цагаан дагина” хогны уут айл бүрт байж гэмээнэ энэ асуудал шийдэгдэнэ хэмээн үзэв. Таван микроны зузаантай тус зориулалтын уутны нүүрэн талд “Хоггүй Улаан баатар Азийн цагаан дагина”, “Хогоо ил бүү хаяарай”, “Хогоо зориулалтын уутанд хийж хуваарьт газартаа байрлуулна уу” гэсэн бичиг хадаастай. Энэ ажлыг хийж, хэрэгжүүлж буй нь сайшаалтай ч мордохын хазгай болчих вий. “Азийн цагаан дагина” өөрөө хог болоод хийсчих вий гэсэн хар иргэдийн дунд байна. Хогон дээр хогны нэмэр болж гэх нь ч байсан.

ХЭНИЙ БИЗНЕС ВЭ

Айл бүр, албан байгууллагууд хогоо зориулалтын уутанд хийгээд хэвшчихбэл сайн л даа. Гэхдээ анхаарал татаж буй нэг зүйл нь үүнийг үйлдвэрлэж, тараахад гурван тэрбум төгрөг зарлагадаж байгаа нь асуудал юм. Улсын эдийн засаг сайнгүй бай гаатай холбоотойгоор их хурлын гишүүд төсөв мөн гөө хумих бодлогыг барьж байхад нийслэлийн удирд лагууд харин эсрэг байр суурь тай байгаа нь гайхалтай. Таван цэцэрлэг, мөн тооны сургууль барьчих мөнгийг зөвхөн хогны уутанд зарцуулж байгааг юу гэх вэ. Эдгээр уутыг үндэсний хоёр компани үйлдвэрлэж байгаа юм билээ. Үндэсний үйлдвэрлэгчдэд ажил олдож байгаа нь сайн хэрэг ч уут хэвлэх эрх авсан “ОБ пластик”, “Монгол хэвлэл” компани нь “Талх чихэр”, “Атар өргөө”, “Хаан хүнс”, “Мах импекс”, АПУ, “MCS холдинг”, “Скай” худалдааны төв, “Миний” дэлгүүрийн сүлжээ, “Говь” Сүлжмэлийн үйлдвэр, “Хаан банк”, “Улаанбаатар” банк, “Чингис хаан” нисэх буудал, Айвенхоу Майнз, “Бороо Гоулд” зэрэг ХХК болон бусад аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл зах зээлд аль хэдийнэ хөлөө олсон гэсэн үг. Сайтуудад гарсан мэдээллээр “ОБ пластик” компанийн эзэн Ж.Отгонбаяр нь МАН-ын угшилтай нэгэн бөгөөд улс төрд хөл тавих гэж орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байсан гэх. Ж.Отгонбаярын бизнес АН-ын ноёрхлын үед ийнхүү цэцэглэж байгаа нь олон хүнд таалагдахгүй байгаа бололтой. Өнгөц харахад энэ ямар хялбархан бизнес вэ. Тархиа зовоож, бүтээгдэхүүнээ худалдах шаардлагагүй, зүгээр л айл бүрийг хогны уутаар хангаад л татвар төлөгчдийн гурван тэрбумыг хоёрхон компани, цөөн эрх мэдэлтнүүд залгичихаж байна. Өмнө нь нийслэлийн айл өрхүүд өөрсдөө гялгар уут худалдаж аваад хогоо хийгээд болоод л байсан. Заавал гурван тэрбум төгрөгөөр хогны уут үйлдвэрлэж, тараах хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу. Тэртээ тэргүй иргэд ахуйн хэрэгцээнийхээ барааг дэлгүүрээс авахдаа торонд хийдэг шүү дээ. Зуун төгрөгийн шар, цэнхэр тор, гурван тэрбумын ногоон торны ялгаа юу байна аа. Манай удирдлагууд ч мөнгө угаах мэргэн санааг сайн бодож олох юм аа. Эхний ээлжийн санхүүжилтийг хотоос гаргасан ч цаашид айлуудын цахилгааны төлбөр дээр нэмж авдаг хогны 2500 төгрөгийг уут тараах, бэлтгэн нийлүүлэх ажилд зарцуулах гэнэ. Тэгэхээр ТҮК-ийнхны цалин хөлсөнд зарцуулдаг энэ мөнгө уут руу шилжиж таарах гээд байдаг, энэ ер нь юу л болоод байна даа.

ЗОРИУЛАЛТЫН УУТАНД ХОГОО ХИЙГЭЭГҮЙ БОЛ ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ

Гэр хорооллын айлуудын тухайд үнснээс бусад хогийг энэ уутанд хийнэ. Зориулалтын уутанд хогоо хийгээгүй тохиолдолд ТҮК-ийнхан ачихгүй, цаашлаад ийм үйлдэл гаргасан тохиолдолд Хог хаягдлын тухай хуулийн дагуу иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж байгаа. Зориулалтын уутанд хийсэн хог хаягдлыг битүүмжилсэн бункерт хадгалж, хуваарийн дагуу ачиж, тээвэрлэнэ. Орон сууцны болон гэр хорооллын гудамжинд хог хаягдлыг хаях болон түр хадгалах цэгийн байршлыг тогтоож, хог ачиж цуглуулах хуваарь, маршрутыг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой зааж өгөх талаар ярьсан ч өдгөө энэ газрын байршил, цэгийг иргэд мэдэхгүй байна. Гэр хорооллын болон орон сууцны айл өрхүүдийг оролцуулаад нийслэлийн есөн дүүргийн 317 мянга гаруй өрхөд энэ уутыг тарааж буй. Өдгөө хогны уутаа аваагүй айл ч олон байаа. Тухайн харьяа хорооны хэсгийн ахлагч нар нь нэг өрхөд сар бүр 15 ширхэг уут тараах юм. Энэ бол сонгуулийн сонин тараадаг ажлаас огт өөр. Хорооны хэсгийн ахлагч нар хайнга хандаж болохгүй. Зарим айл эзэнгүй байвал эргэж ирж өгөх үү, гар, хөлийнх нь үсгийг зуруулж авч байгаа юм уу. Гэтэл өнөөх 15 ширхэг уутанд хог нь багтахгүй байвал яах вэ, тэр дундаа гэр хорооллынхны зовлон их. Хогоо уутандаа хийгээд гаргаад тавьчихдаг, золбин ноход ухаж, сэндийлж хаях, нар салхинд өгөршиж, урагдах гээд асуудал олон. Гэлээ гээд гэртээ өмхий үнэртүүлээд байлгаад байж болохгүй. Эдгээр асуудлыг тооцсон юм уу. Харин аж ахуй нэгжүүдийн хувьд зориулалтын уутыг худалдаж авна. Үйл ажиллагааных нь онцлог, гарах хог хаягдлаас нь хамаараад сард хэчнээн уут шаардлагатай байгааг тооцон олгох бөгөөд нэг бүрийг нь 95 төгрөгөөр худалдаж авах юм.

ГЯЛГАР УУТ БАЙГАЛЬД 400- 500 ЖИЛ ЗАДАРДАГ

Ууттай хогийг дэлхий нийтийн жишгээр хогийн цэгт булна гэжээ. Монгол Улсад нийлэг материалтай уутыг савлагааны зориулалтаар оруулж ирдэг байсан бол сүүлийн жилүүдэд технологи нь хоцрогдсон энэ төр лийн үйлдвэрүүдийг хөрш орноос олноор оруулж ирэх болсон. Гэтэл хөгжингүй орнууд ийм үйлдвэрүүдийг багасгах, хасахад анхаарч, ялангуяа Европын холбооны улсууд идэвх санаачилгатай ажиллаж байна. Гялгар, нийлэг материалтай уут нь савласан бүтээгдэхүүнтэйгээ урвалд орж, органик уусгагч бодис үүсгэн хүний элэг ходоодыг шархлуулж, улмаар улаан хоолойн үрэвсэл, хорт хавдар үүсгэдэг нь тогтоогдсон. Гялгар уут нь задрахгүйгээр 400-500 жил хөрсөнд байж, байгаль орчныг бохирдуулж, хордуулдаг, шатахдаа хүний биед хортой хий ялгаруулдаг учраас 2010 оноос нимгэн буюу бидний хэлж заншсанаар арван төгрөгийн уутыг үйлдвэрлэх, худалдахыг хориглосон хууль баталсан. Гэвч амьдралд огт хэрэгжээгүй. Хууль санаачилагчдынхаа шийдвэрийг дарга нар нь хэрхэн зөрчиж буйг “Азийн цагаан дагина” харуулах биз ээ. Мэргэжилтнүүд нь болохоор олон улсын жишгээр хогын цэгт булчихна даа гээд яриад сууж байдаг. Аюултай хаягдлыг энгийн хог хаягдлаас тусгаарлан устгаж, булах, хог хаягдлын устгалын тусгай цэг улсын хэмжээнд одоо хүртэл байхгүй байгаа нь санаа зовоосон асуудлын нэг мөн.

Нийслэлийн гэр хороололд оршин сууж буй нэг иргэн өдөрт ойролцоогоор 900 грамм, орон сууцны нэг иргэн 200-350 грамм хог хаядаг гэсэн статистик бий. Гэтэл энэ их хогийг хүлээн авдаг хоёрхон цэгтэй. Тэнд өдөрт 900-1200 тонн буюу 200-350 машин хог ирдэг байна. Үүгээр тооцвол жилдээ 220-260 мянган тонн “хог нийлүүлдэг” гэж болох юм. Токио, Сөүл, Нью-Йорк, Прага зэрэг өндөр хөгжилтэй хо тууд хогоо ашиглаж цахилгаан ду лааныхаа хэрэгцээг хан гадаг жишээ цөөнгүй бий. Орчин үед хатуу хог хаягдлыг боловсруулах болон цуглуулах систем үйлдвэрийн томоохон салбар болтол өргөжин хөгжжээ. Тухайлбал, Баруун Европт хог хаягдлын 30 хувийг халдваргүйжүүлж, 21 хувийг шатаадаг байна. АНУ-д хог шатаах иж бүрэн барилга байгууламж 105, Францад түргэн халдваргүйжүүлэх, механикжуулах систем бүхий байгууламж 40, Италид 12, Швейцарьт 25 байдаг. Гэтэл манайхан хогийг зөвхөн уутанд хийгээд булчих юм ярьж сууна.

ӨНӨӨДӨР СОНИН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ