Хүүхдэд “хайргүй” нийгэм

Дахиж өвдөхгүй гүнжхэн минь, тайван нойрс доо

Ээ, бүү үзэгд би юу уншчихав аа. Буруу уншчихаагүй байгаа хэмээн анхаарлаа төвлөрүүлэн дахин уншвал “Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг сумын Засаг даргынд малчнаар ажиллах гэж ирсэн бүсгүй нөхөртэйгөө хэрэлдэж, ээжээ хэмээн гараа сарвайн гүйн ирсэн бяцхан охиноо уурандаа заазуурдаад зогсохгүй хүний санаанд оромгүй харгис үйлдэл хийжээ. Бас ч үгүй хосууд согтуу байжээ” хэмээн мэдээллийн эх сурвалж онцолжээ. Ажлын долоо хоногийн эхний өдрөө ийм хар бараан мэдээлэл уншчих гэж хэмээн өөрийгөө зэмлэх ч, өр зүрх минь өөрийн эрхгүй шимшрэв. Элгийг нь дэвтээн, гэрийг нь гийгүүлэх гэж ирсэн бяцхан үрсийн эгдүүтэй жижигхэн хөл, гар, бумбагар хацар, гэрийн баяр баясал нь би шүү гэсэн шиг ход ход инээх инээд, хөөрхөн нүдээрээ зальтай нь аргагүй хэлэх үггүй болтол өмнөө сөхрүүлэх тэр адтай амьтны бэртэж, гэмтэх нь хүртэл эх хүнд хүндээр тусдаг. Гэтэл хорвоотой танилцаад гурван жил болж буй тэр бяцхан амьтныхаа амьдрах эрхийг өөрийн гараар шийдсэн тэр эмэгтэйг эх хүн гэхэд хэцүүхэн. Бас бүсгүй хүн шүү дээ гэж хэлэхээс ч аймаар....

Хөөрхий дөө, тэр амьтан хэчнээн гомдлын нулимс унагаж, амьдрах эрх хайрлаач хэмээн өрөвдөлтэйеэ гуйж байсан бол доо хэмээн бодохоор л сэтгэл зүрх шимширнэ.Басхүү тэр харгис ээжийн элгийг дэвтээн үр нь болгож явуулсан бурхныг ч зүхмээр.Хүүхэд гэдэг энэ ертөнцийн цагаан өнгө хэмээдэг. Гэтэл хамгийн гэм зэмгүй балчир үрс гэр бүлийн хүчирхийллийн золиос болж бяцхан биеэрээ, амиараа төлөөс төлөх учиртай гэж үү...


Хүүхдэд “халтай” томчууд

Манай улсын нийт хүн амын 40 гаруй хувийг 0-18 насныхан эзэлдэг гэдэг. Гэвч эдгээр хүүхдийн тэн хагас нь өдөр тутамдаа биеийн болон сэтгэл зүйн хүчирхийлэлд өртдөг гэсэн албан ёсны судалгаа бий. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан 12 настай хүү “Бурхан миний нэг хүслийг биелүүлье гэвэл хамгийн түрүүнд аавыг минь архи уудаггүй, биднийг зодож гэмтээдэггүй болгож өгөөч гэж гуйна.
Тэгвэл хөөрхий ээж минь аавын чанга, хатуу нударганд өртөхгүй, ах эгч маань айдас түгшүүртэйгээр өвлийн хүйтэнд гадаа даарч зогсохгүй болно” гэж хариулсан хэмээдэг. Монголд өнөөдөр энэ хүүхэд шиг ааваа, ээжээ намайг битгий зодооч ээ гэж царайчлан өдөр хоног өнгөрөөж байгаа олон хүүхэд байхад гарт нь амиа алдагсад ч байна. Балчир хүүхдүүд биеийн болон сэтгэл зүйн дарамтад өдөр тутамдаа өртсөөр байгаа нь нийгмийн стрессбухимдалтай шууд холбоотой гэдгийг ч сэтгэл зүйчид сануулдаг.

Баримт 1

Үүний илрэл нь ч, энэ оны тавдугаар сарын 30-нд байнгын сархад зооглон эр бяраа гаргах аавынхаа мешок болж эцэстээ заазуурдуулсан Идэрээ хүүгээр жишээ авч болно. Хүү эмнэлгийн тусламж авахдаа “Аав намайг байнга зоддог. Гарандаа чулуу атгаж байгаад миний нуруу руу цохиод, дараа нь заазуураар хэрчсэн. Тэгээд чи миний хүүхэд биш. Ээжийгээ дагаж зайлаарай” гэсэн гэв. Яагаад чи зугтаагүй юм бэ гэхэд “Би зугтчихвал миний дүүг зодно шүү дээ” хэмээн ярьжээ.

Баримт 2

2012 оны арванхоёрдугаар сарын 10-нд долоон настай Батбаяр хүү чихэр авч идэх гэж хойд аавынхаа халааснаас зөвшөөрөлгүй 300 төгрөг авсныхаа төлөө толгойдоо, баруун гарын шууны яс болон сарвуу, эгэмний ясаа цууртал зодуулав. Хүүгийн хэлснээр ангийнхан нь 150 төгрөгийн чихэр байнга иддэг учраас ээжийгээ мөнгө өгөхгүй байхаар нь хойд ааваасаа зөвшөөрөлгүйгээр авснаас түүний аминд хүрэх шахсан эмгэнэлт хэрэг гарах үндэс болжээ. Хүүгийн битгий зодооч хэмээн цөхөрч, сөөнгөтсөн хоолойг доод хөршийн айлынхан нь сонсч, цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр хойд аавынхаа гарт үрэгдэх байсан түүнийг аврав.

Баримт 3

2011 оны тавдугаар сарын 26-нд найман настай М.Лхагвамааг ээж нь сандлаар зодсоноос болж нуруу нь гэмтэж, бие нь бүхэлдээ хөх няц болжээ. Эмчийн үзлэгээр баруун гарынх нь шуу нь хугарч, хэд хэдэн зөөлөн эдийн гэмтэл бэртэл авсан нь хожмоо эрсдэл дагуулж болохыг сануулсан байна. Хөрш айлынх нь хүний хэлснээр хажуу айлын эзэгтэй хүүхдээ байнга зоддог байсан төдийгүй охины “Ээжээ намайг битгий зод л доо” хэмээн сөөнгөтсөн хоолой, ээжийнх нь “Муу хүүрийг алаад өгье” хэмээх дуу байнга хаддаг байсан тул цагдаагийнханд мэдэгдсэнээр хүүхдийн байгууллагын анхааралд өртүүлсэн гэдэг.
Жишээ авахад л жил, жилийн зайтай гарч, олонд мэдэгдсэн нь Идэрээ, Батбаяр, Лхагвамаа охины эмгэнэлт түүх. Харин ил болон далдаар гэр бүлийнхээ хүчирхийллийн золиос болгон хүүхдийнхээ сэтгэл зүй, биед нь дарамт үзүүлж “жаргалтай”хүүхэд насыг нь хулгайлж буй гэмт хэрэг Монгол Улсын хаана гарч буйг бид таашгүй. Тэгэхээр томчуудын сэтгэл зүйн хямралын “дайралтаас” хүүхдүүдээ хамгаалахын тулд бид юу хийх ёстой вэ.

Хүүхдүүд ийм амьдрал хүсээгүй

Үндэсний статистикийн хорооныхны мэдээлснээр өнөөдөр улсын хэмжээнд 0-18 насны хүүхэдтэй 6000 гаруй айл өрх байдаг гэнэ. Харин хүчирхийллийн үндэсний төвийнхний судалгаагаар гурван айл тутмын нэг нь хүчирхийллийн нөхцөл байдалтай амьдарч байна гэжээ. Нийслэлд болон 21 аймгийн нийт хүүхдийн дунд “Хүчирхийлэлд өртдөг үү” гэсэн судалгаа явуулахад нийт хүүхийн 25 хувь нь хүчирхийллийн аль нэг төрөлд өртдөг, 64 хувь нь өөрийгөө гэр бүл дэх хүчирхийллийн гэрч гэжээ. Илүү нарийвчилбал, судалгаанд оролцсон нийт хүүхдийн 50 орчим хувь нь сэтгэл санааны дарамтад орж, 40 гаруй хувь нь бие махбодийн шийтгэл амсч байсан гэжээ. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн хэлбэрээр гэр бүлийн хүчирхийллийн золиос болж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Хүчирхийллээс хүчирхийлэл үүсдэг хэмээн монголчууд ярьдаг. Гэвч энэ зүгээр л яриа төдий гэж үү.

Хүүхдэдээ эр бяр, ааш авираа гарган эрх чөлөөнд нь халдаж буй ээж, аавын эцэг, эх байх эрхийг нь хасах эрх төрд бийг Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулиар тодотгон заасан байдаг.Уг хуулийн 30 дугаар зүйлд “Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан/хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүхээр хасч болно” гэж заажээ.Гэвч энэ тийм ч амар зүйл биш гэнэ.
Угтаа, эцэг, эхийн гэрт байхаас илүү хайр халамжийг хүүхдийн халамжийн байгууллагууд өгч чадахгүй нь асуудал болдог аж. Энэ талаар нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Жаргалмаа “Хуульд зааснаар эцэг, эх байх эрхийг нь хасч хүчирхийлэлд өртсөн, хаягдсан бол төр харьяалалдаа авна гэсэн заалт бий. Гэвч асрах газрууд бүтэн өнчин хүүхэд авдаг учир тэднийг тоодоггүй. Хүүхдээ гудамжинд хөөж гарган, гэртээ архи уугаад хэвтэж байдаг эцэг, эх олон байна. Арга хэмжээ авч эцэг эх байх эрхийг нь хасъя гэхээр нийгмийн баталгаа байхгүй хүмүүсээс хүүхдийг нь салгаж авна гэдэг хэцүү. Нөгөөтэйгүүр, эцэг, эх байх эрхийг нь хаслаа ч, хүүхдийг нь авах хамаатан садан олдоггүй. Асрах газрууд ч авдаггүй” хэмээн учир байдлаа тоочсон байдаг.

Нөгөөтэйгүүр, манай улс НҮБ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын конвенцид 1991 онд элссэн хэдий ч 20 гаруй жил өнгөрөхөд хүүхдийн эрхийг хамгаалах талаар дорвитой өөрчлөлт гараагүй гэхэд хилсдэхгүй. Энэ талаар ч Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү нэгэн ярилцлагадаа ”Өнөөдрийг хүртэл нийгэмд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамт, бэлгийн мөлжлөг буурахгүйл байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, яргалал үйлдсэн томчууд хүүхдийг өөрийгөө хамгаалах чадваргүйг нь далимдуулан бие сэтгэлийн дарамт учруулж, түүнээсээ өөрийгөө чадалтай, том хүн гэдгийг мэдрүүлэхийг хүсдэг болох нь судалгаагаар нотлогдсон байдаг” хэмээн ярьжээ.

Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийн бодит жишээ болсон Идэрээ, Батбаяр, Лхагвамаа анх удаа зодуулаад бэртэл авсан биш. Байнга зодуулан сэтгэл санааны дарамтад орох тэдний амь авран уйлах дуу хөрш айлынх нь хүмүүсийн сонорт хүрснээр аврагдаж. Харин Төв аймгийн Батсүмбэр суманд төвхнөх гэж үзсэн ээж, аавынхаа хэрүүлийн золиосыг амиараа төлсөн гурван настай балчир М охины хувьд тийм аз дайрсангүй.

Үнэндээ, гэр бүлийн хүчирхийлэл нийгмийн эмзэг сэдэв болсон учраас саяхан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” дүүрэг бүрт байгуулсан. Гэвч нэг төв байгууллаа гээд хүчирхийлэл буурахгүй нь ойлгомжтой. Тэгээд ч хэн нэгэнд эсвэл байгууллагад даатгахаас илүүтэй гэр бүлийн үнэ цэнийг хөндөх цаг ирснийг гурван настай М охины гэмгүйхэн үхэл харуулав. Хэдий ээж, аавд нь хуулийнхариуцлага тооцохч, хайр, энэрэл, баяр баясгалан бялхах гэр бүлд хүчирхийлэл гээч “мангас” ноёлсныг балчир үрсийн бие махбодь, амь насанд хүрсэн энэхүү хүний ёсонд баймгүй, эхийн сэтгэлээс гармааргүй аймшигт хэрэг илтгэнэ. Хүний, хүүхдийн эрхээр овоглосон, гэр бүлийн үнэ цэнийг роолойгоо сөөтөл ярьдаг байгууллагууд энэ талаар анхаарах цаг болсныг ч харуулав. Хэдий болтол томчуудын тоомжиргүй, уурын мунхаг, ухаангүй согтуурхалын золиос болгох вэ. Магадгүй, учир мэдэх хүмүүсийн хэлдэгчлэн эцэг,эх байх эрхийг хасахаас илүүтэй Эрүүгийн хуулиар чангахан шийтгэл ч ногдуулдаг болбол хүүхдийн эсрэг гэмт хэрэг гарахгүй ч байж мэдэх юм. Ямартай ч, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга яригдаж буй энэ үед хүүхдийнхээ эрхийг ноцтойгоор зөрчиж буй мунхаг ээж, аавуудад ч тооцох хариуцлагыг хатуухан ногдуулах заалт тусгах зүйтэйг хууль боловсруулагчдад сануулъя.
Гэр бүл гэдэг зүгээр л нэг төөрсөн хүмүүсийн цуглуулга биш. Харин хайр сэтгэлийнхээ үр шимийг үзэж буй баяр баясгалан, аз жаргал ундарсан халуун дулаан орчин билээ. Гэвч томчуудад томоос том анхааруулгын тэмдгээр сануулсан бяцхан охины хувьд хүний ертөнцөд буугаад мордох үүлэн заяа байж. Тэр үдлээд буцах бяцхан сахиусан тэнгэр байж. Дахиж өвдөхгүй. Амлая, бяцхан үр минь, тайван нойрс. Тэнгэрийн диваажинд дураараа тоглож, наадаарай...


Дэлхийн улс орнууд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалдаг вэ


ХЯТАД


Бүх Хятадын хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах байгууллага нь гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хянадаг. Хүн амын болоод гэр бүлийн тоо асар их байдгаас цаг тухайд нь арга хэмжээ авч чаддаггүй. Харин хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмнэлэгт ирсэн бол цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгддэг бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн, эцэг эхийн эрхийг нь хасч хүүхэд асрах байгууллагаар эсвэл өөр гэр бүлд үрчлүүлэн өсгөх арга хэмжээ авдаг.

ОХУ

Эцэг эх байх эрхийг нь доорх үндэслэлээр хасдаг
-Эцэг, эхийн үүрэг түүний дотор халамжийн мөнгө төлөхөөс зайлсхийх, эд материалаар дэмжихээс зайлсхийсэн.
-Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүүхдээ төрөх болон бусад эмнэлэг, хүмүүжүүлэх газар болон түүнтэй адил үйл ажиллагаа явуулдаг компаниас авахаас татгалзсан
-Эцэг, эхийн эрхээ хэтрүүлэн ашигласан. Хүүхдийг бүрэн дүүрэн хүмүүжих, боловсрол эзэмших боломжгүй, эсвэл түүнийг хяхсан байдалд оруулсан. Согтууруулах ундаа, хар тамхинд донтуулах, гэмт хэрэг хийхэд хүүхдийг татан оролцуулсан.
-Хүүхэдтэй хэрцгий харилцсан. Хэрцгий харилцаа гэдэг нь бие махбодийн төдийгүй сэтгэл санааны төвшинд байж болно. Зодуур болон физиологийн төвшинд ямарваа нэг байдлаар учруулсан хохирол нь бие махбодийнх. Айлгах, сүрдүүлэх, хүүхдийн хүсэл зоригийг үгүйсгэн мохоох нь сэтгэл санааны төвшинд.
-Эцэг эх архаг архинд донтолттой, эсвэл хар тамхинд донтолттой.
-Хүүхдийн эрүүлмэнд, амь насны эсрэг, эсвэл гэр бүлийн хүний амь нас эрүүл мэндийн эсрэг санаатай гэмт хэрэг үйлдсэн.
Эцэг, эхийн эрхийг хасах арга хэмжээг зөвхөн шүүхээр, батлагдсан бичиг баримтыг үндэслэн авна. Эцэг эхийн эрхээ хасуулсан бол хүүхдүүдтэйгээ төрөл садны холбоотой гэдгээс үүдсэн бүх эрхээ алддаг. Үүнд, хүүхдээ биечлэн өсгөх, тэдэнтэй харилцах, хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалах, цаашид насанд хүрсэн хүүхдээсээ халамж авах, хүүхдээ нас барсан тохиолдолд өмч хөрөнгийг нь залгамжлах.
Хүүхдийн эрхийг хамгаалах тусгай төлөөний хүнтэй. Төлөөлөгч нь хүүхдийн эрхийн хяналтад тусгайлан анхаарал тавьдаг. Холбогдох хууль журмыг боловсронгуй болгоход анхаардаг.

АНУ

Энэ улсад гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн амь насанд аюултай нөхцөл байдал үүсгэх нь хамгийн хүнд, ноцтой гэмт хэрэгт тооцогддог. Энэ асуудлыг муж болгоны төвшинд байдаг хүүхдийн эрхийг хамгаалах тусгай алба хянаж байдаг. Муж болгонд хүүхдийгхэрцгийллээс хамгаалах өөрийн гэсэн нийгмийн хөтөлбөртэй. Сургууль, эмнэлгийн албан хаагчид хүүхэдтэй хэрцгий харилцсан байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд нэн даруй холбогдох албадад мэдээлэх үүрэгтэй байдаг. Цаашилбал, хүүхэд 911 руу залган эцэг, эх өөртэй нь хэрцгий хандсан гэж мэдүүлэхэд цагдаа, хүүхдийн асрах албаныхан яаралтай ирж шаардлагатай арга хэмжээ авдаг. Шалгалтын дараа шүүхээс эцэг, эхийнх нь эрхийг хасах хүртэл арга хэмжээ авна, эрүүгийн хэрэг үүсгэнэ, гэр бүлээс нь албадан холдуулна.

Эх сурвалж: Ардчилал сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ