Өрхийн төсөвт бонд гэж байхгүй

Тиймээ, зах зээл бүхнийг шийдэг гээд орхиж бол чадахгүй нь. Зах зээлийн нийгэм гээд үнийн өсөлтийг хараад сууж тэвчихгүй нь. Тэсгэл алдан ийн үүнийг бичиж сууна. Задарсан бус ядарсан олны төлөөлөл болж, жаргаж бус зүтгэж яваа монгол хүн бүрийн өмнөөс үзэг, цаас нийлүүллээ. Өөрийнхөө төлөө бас бусдын төлөө чимээгүй тамлах үнийн өсөлтөд дургүй хүрлээ.

Үнийн өсөлтийг мэдрэхгүй байх болхи арга бол юу ч худалдан авахгүй байх гэж нэг эдийн засагч зөвлөсөн юм. Хүй нэгдлийн үед бол болох байсан. Одоо бол биш ээ. Хүн юм чинь иднэ, ууна, өмсөнө. Мэдээж хэмжээндээ. Үндсэн хэрэглээ гэж бий. Тэгвэл өнөөдөр хүн үндсэн хэрэглээгээ хангаж чадахгүй, ажил хийлээ гээд амьдрал нь дэвжихгүй, зүтгэлээ гээд хоосрох ийм ороо бусгаа цаг дор нухлуулж байна.

Бүтээсэн баялаг, буй болсон хөрөнгөө бусдад үнийн өсөлтөөр дамжуулан дээрэмдүүлэх нь үйлийн үр мөн үү. Үүнийг лавтай би зөвшөөрөхгүй. Та хүлээн зөвшөөрч байна уу. Шалтгаантай бас шалтгаангүй үнийн өсөлт арай дэндлээ. Амьдрал хэцүү байгааг, амьд явах улам л хэцүү болж байгааг ойлгох тусам үнийн өсөлт “амьсгал боогдуулж” байна. Өмнө нь улиралд хөдөлдөг байсан үнийн өсөлт өнөөдөр долоо хоногт хэд нугарч, зоргоороо дүүлж явна. Үр дүнд нь өрхийн төсөв хямралд автлаа. Манай гэрийн төсөвт бонд гэж байхгүй.

“Үнийн өсөлтөд үүнээс цааш газар үгүй”. Ингэж шууд хэлэх эрх надад байхгүй. Гэхдээ ингэж хэлэх эрхийг ардчилсан нийгэм бидэнд олгосон. Гэвч эрхээ эдэлж чадахгүй, хонь мэт номхон, нохой мэт үнэнч, илжиг мэт зүтгэсээр энд хүрлээ. Хэмнэж байгаа ч үнийн өсөлтөд ниргүүлсээр. Өдөр тутмын хэрэглээгээ хумиж, зарлагаа танаж байгаа ч амьдрах зардал нэмэгдсээр байна. Уг нь олуулаа хөлжих тухай манай тойргийн нэр дэвшигч сонгуулиар хэлсэн. Тэр бидний амьдралд адилхан зүйл олон. Идэж, уух, өмсөх зүүх гээд хэрэглээ бараг л ижил. Харин орлогын зөрүү харилцан адилгүй. Гэсэн ч талх авдаг.

Б.Тогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ