Зовлон үзээгүй Монгол давилуун


Саяхан дунд сургуулийн нэгэн хүү фэйсбүүктээ "Гэр хорооллын гудмаар явж үзлээ ямар хэцүү юм бэ, би аав ээжээсээ дэндүү ихийг шаарддагаа сая мэдлээ" гэж бичжээ. Зөв ойлгож хүлээж авч байгаа юм байна, тэр хүү. Хорвоог ингээд л зөв таниад явна даа. Хүн бүхэн зовлон үзэх албагүй. Зүгээр л энэ хүү шиг амьдралаас өгч буй өгөгдөхүүнийг зөв өнцгөөс нь хүлээж аваад, ухаарч ойлгоод явахад болж байна. Энэ хүү амьдралыг ингэж таньж байхад үе насных нь зарим хүүхдүүд огт өөр байна. Үнэтэй хувийн сургуульд сурдаг жаахан хүүхдээ авахаар ээж нь жижигхэн машинтай давхиад очиж.
Хүүхэд нь том машинаа унаж ирж намайг авалгүй жижиг машинтай ирж хүүхдүүдийн дэргэд намайг шараа болголоо гэж уурлажээ. Энэ бага хэрэг, сургалтын төлбөрөө манай сургууль нэмэхгүй юм байх даа, тэгэхгүй бол манай ангид нэгдүгээр хорооллын хүүхэд ирж суралцаад байх юмаа гэж Зайсанд амьдардаг хүүхэд ярьсан байна. Цаг нь болоогүй байхад ирээдүй үе маань зиндаархаж байгаа нь нийгмийн эрүүл биш үзэгдэл. Хэдүйд нийгмийн давхарга үүсэн төлөвшдөг вэ гэхээр нийт ард түмнийх нь дийлэнх хэсгийг дундаж амьдралтай давхаргынхан эзэлсэн үед бий болдог зүйл. Тэрнээс энэ байдал хэтийдвэл ядуус нь баячуудын хорооллоо бүсэлж ороод тонож дээрэмдэж эхэлсэн Египетийн бослого, хувьсгалын аль нь ч мэдэгдэхгүй байгаа өнөөдрийнх шиг юм болно.
Ард түмний дийлэнх нь ядуу байгаа манай улсад цаг үедээ зохицоогүй ирээдүй үеийн минь зан суртахуун, энэ мэт төлөвшил ирээдүйд ер сайн юм авчрахгүй. Ирээдүй үеийн маань эвдрэл хэмхрэл, ёс суртахууны доголдол нь угтаа энэ цаг үеийнхний эцэг эх нь зовлон үзээгүй, өлсөж үзээгүйн шинж юм. Зовлон үзсэн ард түмэн арай өөр байх юмаа. Зовлон үзсэн хүн, зовлон үзсэн ард түмэн нэг үг. Зовлон үзсэн, дайн үзсэн, өлсөж үзсэн ард түмэн яаж дэвжиж дээшилдгийн жишээ Япон, Солонгос гээд эхэлнэ дээ. Тэд дайны дараа ямар байдалтай байсныг түүхээс бид уншдаг. Үгүйрэл, хоосрол, өлсгөлөн, өнчрөл өвчин... ярих ч юм биш. Тийм юман дундаас тэд боссон. Чөмгөө дундартал хөдөлмөрлөхийн жишээ тэдний өнөөдрийн хөгжил. Ард түмэн төлөвшинө гэж байдаг шиг байна.
Зовлон үзсэн дээрх үндэстнүүдэд ачаалал даах чадвар, сэтгэлгээ, ёс суртахуун, сайн хууль, хуулийн төгс хэрэгжилт уламжилж үлддэг юм байна. Японы Токио хотод 10 давхар байшин худалдаж авсан Монголын "Аvаг" компанийн тухай өнөөдөр жаахан шуугиж байна. Үнэндээ Японд 10 давхар байшин гэдэг бол манай нэг давхрын дэлгүүрүүдтэй адил юм шүү дээ. Арлын энэ жижиг газар нутагтай улсад 10 давхраас доош байшин гэж байдаг юм уу. Тэр жижигхэн газар нутагг уул хяр шиг л өндөр юмнууд барьсан байдаг биз дээ. Эндээс хоёр юм харагдаж байгаа юм. Япон үнэхээр сайн хуультай байна, тэр нь 100 хувь хэрэгжиж байна. Тэр байшинг хэн худалдаж авсан, яах гэж худалдаж авсан гэдгийг япончууд огт сонирхоогүй. Ямар мөнгөний эх үүсвэрээр худалдаж авав гэдэг нь л сонин. Өнөөх хууль бус орлого, мөнгө угаах гэмт хэргээс сэргийлж байна.
Япондоо ТҮЦ шахуу тэр жижигхэн байшинг ямар мөнгөөр авав гэдгийг Японы хууль хөдөлгөхгүй нотлох гээд байна шүү дээ. Хуулийн хяналт, хэрэгжилт тийм нягт, сайн байна. Манайд бол төв талбайн урд байх хамгийн том цүдгэр байшинг ямар эх үүсвэрээр барьсныг одоо хүртэл тогтоож чадахгүй байна. Зовлон үзсэн ард түмэн, үзээгүй ард түмний ялгаа энэ мэтээс харагдаж байна. Тэд бүх зүйл хуулийн буулга дор байж ард түмэн сайхан амьдардаг зарчимтай нийгэмд байна. Ингэхгүй бол зовлон ирдэг ээ гэдгийг ухаарсан учраас. Харин өлсөж үзээгүй манай ард түмэнд тийм зарчим алга. Өөрөө л тухайн үедээ болж байвал улс орны эрх ашиг, ард түмний аюулгүй байдал огт хамаагүй байна. Үнэндээ тэрхүү 10 давхар байшинд япончуудын хандсан цаад шалтгаан бол ядуу монголчууд яахаараа манайхаас байшин худалдаж авдаг билээ гэж гайхаж байгаа хэлбэр.
Энэ хэрийн жаахан байшинг худалдаад авчих хүн Монголд байхгүй гэж тэд үзэж байна. Үнэний хувь бий, үнэхээр том мөнгөтэй хүн Монголд цөөн. Гэхдээ Японд байгаа "ТҮЦ"-ийг авчих хэмжээний хөрөнгөтнүүдтэй болж байгаадаа бид баярлах ёстой. Дахиад тэндээс 70 давхар байшин худалдаад авах хэмжээний хөрөнгөтнүүд төрөөд байгаасай. Зовлон үзэж хөгжилд хүрсэн улс орнууд биднийг ийм жижигхэнээр харж байхад бид ямар байна. Байгаа өчүүхэн юмандаа сагаж давилуунтсан хүмүүсээр нийслэл маань дүүрсэн байна. Ойрын өдрүүдэд нийтийг сэртэсхийлгэж байгаа хэрэг бүхэн зовлон үзээгүй, давилуун зантнуудын орчноос гарч байна. Хүн хутгаллаа, буудлаа, хүчиндлээ гээд. Үүнийг үйлдэгсэд дотор ерэн онд талханд оочерлож, гэртээ харихдаа тэвчилгүй булангаас нь идчихээд ээждээ загнуулж, дүү нарынхаа нүднээс халирч байсан нөхдөөс байхгүй байгаа юм шүү.
Энэ хэрийн амьдралыг үзсэн хүмүүсийн орчноос амьдралаа ингэж үнэгүйдүүлэх нэгэн гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл тэд ядаж талхны үнэ цэнийг мэдэрч өссөн учраас тэр. Өлсөж үзсэн хүнд өнөөдрөөс маргааш илүү үнэ цэнтэй байдаг болохоор тэр юм. Зовлон үзсэн ард түмэн хойч үедээ амьдралын үнэ цэнийг байнга хэлдэг. Дэлхийн хоёрдугаар дайн дуусч баян Европоос буцахдаа ялсан орны цэргүүд өнгөтэй өөдтэй бүхнийг тоносон байдаг. Дайнд хожуухан хоёрдугаар фронт нээж орсон англи, америк цэргүүд алт мөнгө, булга суусар юу байгаа бүгдийг авсан байдаг. Харин тэр дотор таван жил дайтаж амьд гарсан Оросын цэргийн нэгэн дунд тушаалын офицер олон хайрцаг зүү, зөвхөн юм оёдог зүү ар гэр рүүгээ ачуулжээ. Дайнд ядарч туйлдсан Оросын ард түмэнд алт мөнгө худалдаж авах чадал арван жилдээ байхгүй, харин зүүг бол авна гэдгийг таван жил дайтсан тэр цэрэг мэдэрч байна. Тэгж хуримтлалтай болсон тэр офицер сүүлд баруунд гарч бизнес эрхэлж, хүмүүнлэгийн сан байгуулж мандсан хойноо дурсамж номоо бичихдээ “Зовлон үзсэн ард” түмэн зорьсондоо хурдан хүрдэг.
Дайн, өлсгөлөнгөөс илүү зовлон хүн төрөлхтөнд байдаггүй болохоор түүнийг үзэж туулсан ард түмэн юунд ч түүртдэггүй, би ийм ард түмний хэлтэрхий юм" гэж бичсэн билээ. Зүү л хамгийн эрэлттэй байж чадна гэдгийг мэдэрч чадсан мэдрэмж бол дайн үзэж туулсан хүнээс гардаг чадвар ажээ. Өнөөдөр бидэнд байгаа цамаан зан, давилуун байдал, юу ч үзэж, юу ч мэдэхгүй байж цэцэрхдэг байдал нь амьдралын зуд турхан, зуншлага ногоог үзээгүй хүмүүсээс гардаг зан чанар болохоор болдогсон бол ядаж соц нийгэмд нэг дүрээд гаргах юмсан гэж бодогдоход хүргэж байгаа юм. Цаг хугацааг ингэж эргүүлж чаддаг бол тэд амьдралын үнэ цэнийг арай өөрөөр хардаг болох байх. Хутга шөвөг, буу зэвсэг хармаалан, бусдын эрхэнд халдаж яваа нөхдүүдэд, хүнд хүндэтгэлгүй ханддаг хүйтэн цэвдэг нөхдүүдэд, ээж шиг нь эмэгтэй гудамжны хог цэвэрлэж зогсоход нь элдвээр хэлж байгаа залууд энэ бүх үгийг зориуллаа. Та ч, би ч, бид бүгдээрээ, монголчууд нийтээрээ зовлон үзээгүй ард түмэн шүү. Өлсөж бүр ч үзээгүй ард түмэн.
Хорьдугаар зуунд Монголд болсон хоёр дайн гээд байгаа 1939 оны Халх голын байлдаанд 2400 монгол цэрэг байлдаж байгаад буюу Байшинтын дивизэд тархсан халдварт өвчнөөр үхсэн байдаг юм. 21 мянган орос цэрэг харин хойшоо монголчуудаа гэж урдуур нь орж байлдаад Халх голд амиа алдсан нь бага биш тоо. 1945 оны чөлөөлөх дайнд үнэндээ гарын хэдэн хуруунд багтах цэрэг амиа алдсан байдаг нь архивт байгаа баримт юм. Хүн төрөлхтөнд хамгийн том зовлон авчирдаг дайн байлдаан гэвэл Монголд энэ хоёр юм. Их хэлмэгдүүлэлт монгол эр хүний ясыг шалгасан шүү дээ. Гадны дарамт шахалт дор монголчууд өөр өөрсдийгөө барьж өгөөд, нэг дарга баригдахаараа хоёр хүнийг хамсаатнаа гэдэг, хоёр нь дөрвөн хүнийг хамсаатнаа гэж нэрлэдэг... угтаа хүнээ алдацгааснаас болж 30 мянган хүн буудуулсан. Тэр үед цөөхөн монгол эр шүд зуугаад өөрсдийгөө золиосолсон бол тийм олон нөхдөө хойноосоо чирэхгүй байсан юм. Зовлон үзээгүй ард түмэнд бас зориг зүрх байдаггүйн жишээ энэ билээ.
П.ХАШЧУЛУУН
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ