У.Мөнх-Эрдэнэ: Нэр алдарт хүрсэн хоёр боксчин надаар оролдоод байна

Олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дуулиантайгаар энэ жилийн дэлхийн аваргад явсан. Монголын боксын орчны цөөнгүй хүн түүний эсрэг байсан нь сонин. Энэ тухай нь хийгээд хэдхэн хоногийн өмнө дэлхийн аваргад хэрхэн тулалдаж амжилт гаргасан талаар нь түүнтэй ярилцлаа.
-Танд баяр хүргэе. Та багагүй дуулиантай энэ удаагийн дэлхийн аваргад оролцлоо. Хэвлэлийн хурал хийлгээд л, сорилго тулаан хийгээд л... ер нь юу юу ч болов?
-Юм юм л болсон. Гэвч яваад ирлээ. Санасандаа бол хүрсэнгүй. Хүрэл медалиа ядаж нэгээр ахиулсан бол.
-Түрүүн бэлтгэл дуусаад уулзъя гэж байсан. Долоо хоног сайхан амарчихаад бэлтгэлдээ орж болдоггүй юм уу?
-Тийм өндөр ачаалалтай бэлтгэл хийж байгаад огцом бууж болохгүй л дээ. Ядаж л зүрхээр хатгуулаад болохгүй юм. Тэгэхээр бэлтгэлээ аажмаар буулгана даа.
-Таныг Өвөрхангайн төвийн тавдугаар хорооны хүүхэд гэж ойлгож байгаа?
-Нутаг усаа ярих юм бол би өөрийгөө Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул хүүхэд гэж хэлнэ. Миний өвөө Д.Нэргүй гэж тэр сумын хүн байсан юм. Аргуйн голын хөвөөн дээр зуныг үддэг байлаа. Гэхдээ дунд сургуульд байхдаа хотод шилжиж ирсэн юм. Ер нь миний хүүхэд насны мөрөөдөл бол бөх болох байлаа. Өвөө бүр багад маань зодог шуудаг аваад өгчихсөн үеийнхэнтэйгээ ноцолдоод явж байдаг байлаа. Аймагт манай хажуугийн хашаанд улсын заан том хэмээх Санжаа гуайнх байсан юм. Өвөөгийн найз л даа. Санжаа гуай хотод шилжиж ирээд Спортын төв ордонд жижүүр хийдэг байв. Өвөө намайг Санжаа гуайд бөх болгож өг гээд авчирч өгч байлаа. Санжаа гуай намайг дагуулаад хоёр давхар руу нь гарч хаалга бүрийг татсан ганцхан самбо бөхийн заал онгорхой ажиллаж байсан. Ингээд Цогтгэрэл багш дээр самбо бөхөөр хичээллэж эхэлсэн дээ.
-Тэр чинь хэдэн он байх уу?
-1996 оны хавар юм байна.
-Хэдийд нь бокс руу явчихсан юм бэ?
-Удахгүй сурагчдын амралт болоод Өвөрхангай руугаа явсан. Буцах болтол холер гэдэг өвчин гараад нам хорьсон доо. Нутагтаа байж байж 11 дүгээр сард ирээд секцэндээ хичээллэхээр иртэл хаалттай байсан. Гайхаад спортын ордны хаалгануудыг сөхөж явтал бокс хичээллэж байсан. Би басчиг тулааны спортод дуртай байсан болохоор орж очоод төлбөр нь ямар вэ гэсэн чинь Батмөнх багш “Чамайг сайн явбал авахгүй” гэсэн.
-Ер нь бол та бага хүүхэд байхдаа гудманд зодолдож өссөн байх. Яагаад гэвэл чи бусад хүүхдээс огт өөр царай зүстэй байж таарна. Тийм болохоор янз бүрийн өдсөн сөдсөн үг их ирдэг байсан байх. Боксчин болсон чинь үүнээс эхтэй юу?
-Хүүхдүүд хоорондын гэм хоргүй зодоон байлгүй яахав. Ний нуугүй хэлэхэд зодооны 90 хувь нь, бараг 100 хувь нь намайг “Кубын хар” гэж хочилдгоосболно. 15, 16 нас хүртэл тийм хандлага байсан байх.
-Энэ л хор шараараа та сайн боксчин болж л дээ?
-Хэнд ч дээрэлхүүлэхгүйн тулд боксын спортоор эрчимтэй хичээллэсэн. 16 нас хүрэхэд хэдүйн амжилт гаргаад басчиг нэр алдартай болчихсон. Тэр үед хэн надтай зүс царайны юм ярихав дээ.
-Гудамжинд үздэг байхдаа хэр байв?
-Муугүй байсаан. Дандаа дийлдэг юм гэж байхгүй л дээ. Гэхдээ л дийлэнхийг нь наачихдаг байсан. Би ганцаараа тэд олуулаа болоод ирэхээр харин арга байхгүй нүдүүлчихнэ. Тэрнээс ганц хоёроороо байгаа нөхдийг бол үзэхгүй л дээ.
-Та хотод ирээд хороололд байсан уу?
-Би хорооллын 13 дугаар сургуулийг төгссөн шүү дээ. Тэр хавийнхан маань одоо хүртэл надтай холбоотой байдаг юм. Сая дэлхийн аваргаас медаль аваад ирэхэд бүгдээрээ намайг тосч байна лээ.
-Хүүхдүүд хүүг нь элдвээр хэлээд гоочлохоор ээжид чинь хүнд байсан даа?
-Манай ээж тийм юмыг нэг их тоодоггүй байсан. Гэхдээ наана чинь дан ганц буруу ойлголт явчих вий дээ. Хүүхдүүд “хар”-аар нь дуудаад байхаар хор шараараа боксчин болжээ гэсэн. Би ер нь хүүхэд байхын спортод чин сэтгэлээсээ дуртай гүйж харайж явдаг хүүхэд байсан юм. Энэ сэтгэл зүй маань бас нөлөөлсөн нь мэдээж шүү дээ.
-Бөх удамшдаг гэдэг шиг бокс ч бас удамшдаг юм болов уу гэж бодож байна?
-Монголд боксын спортыг хөгжүүлэхэд том үүрэг гүйцэтгэсэн гавьяат дасгалжуулагч Олзод гэдэг хүн чинь миний өвөөтэй ах дүүсийн хүүхдүүд. Таныг тэр хүнийг хэллээ гэж ойлголоо.
-Таны олонд танигдаж эхэлсэн үе гэхээр хэдэн оноос эхлэх вэ?
-1998 оны Мексикт болсон өсвөр үеийн дэлхийн аваргаас хүрэл медаль авснаар л мэддэг болсон байх. Уг нь тэр үед миний үеийн авьяастай олон хүүхэд боксоор хичээллэж байсан ч цаг үе ямар байлаа, дийлэнх нь орхисон юм. Надаас илүү амжилт гаргах хүүхдүүд тэр дунд байсан. Тэднийхээ төлөө харамсдаг. Эхнээсээ Азийн аваргаас медаль авч эхэлж байсан ч мэргэжлийн бокс хөөгөөд Англи Америк руу цөөнгүй нь гарсан. Жаахан хүлээчихсэн бол улс орны амьдрал сайжраад эх орондоо сайхан амьдрахаар байсан.
-Саяын дэлхийн аваргад амжилт муу гаргалаа гэж хүмүүс дүгнэж байгаа. Сая явсан багийнхан юун дээр алдав. Туршлагагүй тамирчид байцгаав уу?
-49 кг-ын жингийн тамирчнаас бусад нь олон улсын болоод тив дэлхийн аваргад тоглочихсон сайн баг байсан. Дундаж нас нь 26 байсан. Бараг бүх тивд тоглочихсон маш туршлагатай баг.
-Тэгээд яав, үнэндээ ад үзэгдээд байсан та л нэг юм тахалж ирлээ шүү дээ?
-Тухайн үедээ би зөвхөн өөрийнхөө тоглолтуудад төвлөрөөд бусдадаа тусалж үнэндээ чадсангүй. Мэдээж ямар ч тамирчин тэгнэ байх. Манай 81, 75 кг-ын жингийн боксчидтой маань цуг бэлтгэл хийх хүн алга. Хүнд жингийн партнёр алга. Үнэхээр тэдний бэлтгэлийг хангах хүн алга, бүгдээрээ бөх рүү явчихаж. 69, 60 кг-ын жингийн хүүхдүүд бол өмнө нь дэлхийн аваргад орж байсан. Туршлагатай тамирчид. Энэ хоёр тамирчны бэлтгэлжилтийг зөв тохируулж чадсангүй. Бэлтгэлийг ихдүүлж болохгүй, багадуулж болохгүй. Үүн дээр нь алдаа гаргачихлаа. Харин Төгсцогтын хувьд 52 кг-д тоглодог байхдаа маш хүчтэй, бярдаж тоглодог байсан. Гэтэл сая жин өгсөөд 56 кг-д тоглолоо. Жингийн ялгаа гэж байдаг. Төгсцогт 52 кг-д тоглодог шигээ өрсөлдөгчөө бярдаж тоглож чадаагүй.Төгсцогтыг өгссөн жинд нь амжилт гаргуулахын тулд техник, тактик, ур чадварынх нь тал дээр багш нар нь анхаарах ёстой байсан юм. Харин 49 кг-д тоглосон хүүхэд бол манай багийнхнаас олимп, дэлхийн аваргын медальд хамгийн ойрхон байгаа, хамгийн авьяаслаг хүүхэд. Энэ хүүхдээс цаашид том амжилт хүлээж болно. Гэхдээ энэ бүхэн дээр багш нар л ажиллана шүү дээ. Ажиллах ур чадваргүй бол тэгээд л дуусцгаах биз дээ.
-Та өнөөдрийн шигшээ багийн багш дасгалжуулагч нартаа сэтгэл жаахан дундуур байгаа юм байна?
-Гадаадад сургууль төгссөн, өөрсдөө сайн тамирчид байсан чадварлаг багш цөөнгүй байна. Тэднийхээ үгийг сонсож багаар ажиллах ёстой. Тэрнээс бид хэд л найз нөхөд гэсэн байдлаар ажиллаж болохгүй. Төмөр бол төмөр, мод бол мод, шударга байх хэрэгтэй. Бокс бол хатуу ширүүн спорт. Найз нөхдийн хүрээнд нялцганаад байх хэрэг байхгүй. Тамирчныхаа алдааг хамт үүрэлцэх ёстой. Бүх зүйл бэлтгэл сургуулилтаас шалтгаална. Саяын баг бол үнэхээр амжилт дүүрэн үзүүлж чадах байсан даа.
-Сая бол та дэлхийн аваргын бэлтгэлээ өөрийнхөөрөө хийсэн үү, өөрийн туршлага дээрээ тулгуурлаж, өөрийн мэдрэмжээр хийв үү?
-Сая дэлхийн аваргад намайг яаж нервтэж явсныг монголчууд харсан. Энэ жил Олон улсын нэг ч тэмцээнд явуулсангүй. Азийн аваргыг эс тооцвол. Манай багийнхан олон улсын хамтарсан бэлтгэлүүдэд олон удаа явсан Кубад гэхэд хоёр гурван ч удаа. Намайг явуулаагүй. Надтай сая мөнгөн медалийн төлөө тоглосон Кубын тамирчин шиг тийм өндөр түвшний тамирчидтай өнгөрсөн хугацаанд би ядаж ганц хоёр удаа хамтарсан бэлтгэлд гарчихсан бол гэж бодогдож байсан. Азийн аваргаар би мөнгөн медаль авсан. Азийн аваргаар миний ард зогссон тамирчид бүгдээрээ саяын дэлхийн аваргаар медалийн төлөө гарч ирж байна. Сугалааг эрэмбэлж сугална гэсэн. Мэдээж би дээгүүр эрэмбэтэй шүү дээ. Бүх юм ийм тодорхой байхад яагаад энэ хүүхэд өөдөөс юм ярьдаг гэх мэт шалтгаанаар буланд шахаж байдаг юм. Үүний оронд багш нар маань тооцоогоо зөв хийгээд, намайг дэмжээд, бэлтгэл сургуулилтыг минь тайван хангуулаад, бүгдээрээ боксын дэлхийн аваргынхаа тоог нэмье гээд багаараа зүтгэсэн бол миний тоглолт илүү гарах байсан. Намайг дэмждэггүй тэр хүмүүс надтай цуг дэлхийн аваргад явлаа. Зөвхөн Монгол Улсаа бодож тэнд очих ёстой байсан юм. Ухамсар, холын хараа, эр хүний жудаг гээд бүх зүйл дутсан.
-Ер нь яагаад танд ингэж хандаад байгаа юм бэ?
-Яахав дээ, намайг ийм байдалд үргэлж оруулж байгаагийн цаана монголчуудынхайр хүндлэлийг хүлээсэн, нэр алдарт хүрчихсэн, боксын хоёр тамирчин л байдаг юм.
-Тантай нэг багт тэмцээн уралдаанд оролцож явсан уу?
-Тийм ээ, гэхдээ би тэр хоёрт муу санадаггүй. Үндсэндээ аравхан хоногийн бэлтгэлтэй дэлхийн аваргад очсон тамирчин надаас өөр байгаагүй байх. Саяын дэлхийн аваргад оролцсон 100 гаруй орны тамирчид дунд шүү. Гэхдээ би гоншгонохгүй ээ.
-Та дэлхийн аваргаас хоёр хүрэл авлаа. Ханачихаад байдаг юм биш биз?
-Та яаж тэгж хэлж чадаж байна. Би ингэж тэмцэж явчихаад уу. Намайг тэд яаж ийж байгаад хүрэл дээр л зогсоолоо шүү дээ. Би үнэхээр хичээсэн, хүсч байсан, алтан медаль авахыг. Бэлтгэлээ л сайн хийх байлаа. Надад үнэхээр боломж олдсонгүйг бүгд харсан шүү дээ. Би 1-д эрэмбэтэй байсан шүү дээ. Дэлхийн аварга эхэлдэг сард харин Бразилын тамирчин 1-д орсон. Яагаад гэвэл би олон улсын тэмцээнүүдэд оролцоогүй учраас. Би бэлтгэлээ ханатал базаагаад гол өрсөлдөгчидтэйгээ яаж тоглох тооцоогоо багш нартайгаа хийгээд аваргын төлөө урагшаа гээд багаараа явах байсан тухай л түрүүнээс хойш ярилаа шүү дээ. Одоо энэ сэдвээ больё, хүмүүс залхах байх. Би өөрөө зардлаа олоод ганц ч болтугай олон улсын хамтарсан бэлтгэлд чинь явъя гэж гуйж хүртэл байсан юм шүү.
-Хүрэл медалийн төлөө рингэнд гарсан, буусан тэр мөчийг эргээд дурсаач?
-Хоёр багш намайг аваад гарсан. Мэдээж би ганцаараа гарч болохгүй. Дэлхийд Монгол Улс инээдтэй харагдана биз дээ. Хүрэл медалийн болзол хангаад бууж ирэхэд хоёр багш маань надад баяр хүргэх нь бүү хэл, юу ч дуугараагүй. Баяр хүргэх алба ч үгүй л дээ. Хамгийн эмгэнэлтэй нь багийн маань хүүхдүүд багш нараас нуугдаж ирцгээн баяр хүргэсэн. Манай боксын холбооны хоёр ерөнхийлөгч бас баяр хүргэсэн. Харин Монголын ард түмэн надад баярлаж байгааг би мэдэрсэн. Өрөөндөө орж байгаад ганцаараа нэг сайн орилж аваад тэгээд мөнгөн медалийн тоглолтондоо төвлөрөхийг хичээсэн дээ.
-Таныг тэгээд дэлхийн аваргад хэн дасгалжуулсан юм бэ?
-Гавьяат дасгалжуулагч Оюунболд багшийг би өөрөө урьж дасгалжуулалт авсан. Монголд хийлгэсэн. Азийн аваргын өмнө Мөнхсайхан, Батсүрэн багш нар минь хийлгэсэн. Сая бас “солгой” Баяраа багш минь тодорхой тус болсон. Кубын мэргэжилтэн багш минь ч байна. Би ч бас ганцаараа энэ бүхнийг бүтээчихсэн юм биш шүү. Би биеэ зөв авч явсан. Намайг энэ хэрийн болгоход Монголын боксын үе үеийн сайхан багш нар, боксын холбооны үе үеийн ерөнхийлөгчид, дарга нарын хичээл зүтгэл оролцоо ямар их байсныг би сайн ойлгодог. Сайхансамбуу, Цогтбаатар, Ганзориг, өнөөдрийн удирдлагууд бүгд намайг ойлгож дэмжиж байгаа. Тийм болохоор миний урам хугараагүй ээ. Дараа дараагийн тэмцээндээ амжилттай тулалдана даа.
Ярилцсан
П.ХАШЧУЛУУН
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ