Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна

Ахмад буурлын хэлсэн үгийг хууль мэт дээдэлж, өөрийн санаагаа илэрхийлэх зүрх хүрэхгүй өвгөдөө хүндэлдэг монгол хүний уужуу ухаан хэзээ, хаана гээгдэж хоцроо вэ. Жинтэйхэн хэлсэн гурван үгний учрыг тунгаахын оронд сонсож чадалгүй дальдчиж, зүрх сэтгэл нь өшөө хорслоор дүүрэн бугшиж, хамаг бие нь салганан чичирч, шөнө нойр нь хүрч чадахгүй тарчилталаа бухимддаг сэтгэлийн тэнхээгүй хүн цөөхөн монголчууд дунд олширсоор л байна.

Саяхны нэг өдөр танилынхаа ширээн дээр байсан одоогоос дөрвөн жилийн өмнө гарсан хэргийн хавтаст хэргийг харж суутал “Сайн байна уу? гэхэд Батдорж гуай юу ч гэлээ нэг л эвгүй үг хэлсэн. Тэр үг нь шөнөжингөө бодогдож, нойр хүрэхгүй байсаар энэ хэргийг үйлдэхэд хүргэсэн” гэх өгүүлбэрээс дээрх бодол төрсөн юм.

Дөнгөж хорин настай Н.Хатанбаатар гэгч 2009 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хамар хашааныхаа 64 настай Ү.Батдорж гуайн санаандгүй хэлсэн үгнээс болж алуурчин, гэмт хэрэгтэн, шоронгийн хоригдол болжээ. “Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Талийгаачдын ар гэрээс гүн хүлцэл өчье” хэмээж, өргөст торны цаана суух түүний нулимс дуслуулан өгүүлэх яриаг сэрэмжлүүлэг болгон сийрүүлэв.

Үг дааж сураагүйн гай хүн алах шалтаг болжээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харъяат Н.Хатанбаатар талийгаач Ү.Батдорж, Г.Удвал хоёрын дэлгүүрийн ойр зуурын барааг зөөж, микроавтобусанд нь кондуктор хийдэг байжээ. Түүний болон зарим гэрчийн мэдүүлснээр талийгаач Ү.Батдорж хатуу, зарчимч нэгэн аж. Хэдийгээр Н.Хатанбаатар хоёр хөгшинд тусалдаг байсан ч гэрийн эзэд түүнийг гэр орноороо тэр бүр оруулаад байх дургүй, хааяа эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр үг унагадаг байсан гэх. Түүнчлэн Солонгос явахаасаа өмнө нөхөрлөж, найзалдаг байсан талийгаачийн охин Б.Отгонтуяа Хатанбаатарыг гэртээ оруулахгүй байхыг ээж, аавдаа даалгасан тухай яриа түүний чихэнд хүрсэн нь ихээхэн хүнд шарх өгчээ. Дарин дээр давс гэгчээр талийгаач Хатанбаатарыг өөртэй нь мэндлэхэд тоомжиргүй хандаж, улмаар гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн байдаг.

Хатанбаатар “Би 30-ны өдрийн 15.00 цагт Ү.Батдорж гуайн дэлгүүрээс шампунь авахаар орсон юм. Тэгээд хөгшнийг зогсож байхаар нь “Сайн байна уу” гэтэл өмнөөс нэг сонин үг хэлсэн. Яг юу гэж хэлснийг нь санадаггүй юм. Өөрийн эрхгүй дотор эвгүй болж “Яасан зэвүүн хүн бэ” гэж бодсон. Ийм явдал нэг биш удаа давтагдаж байсан болохоор өдөржингөө бачимдсан. 22.00 цагийн орчимд унтахаар хэвтсэн боловч түүний харж байсан харц, хэлсэн үг бодогдоод нойр хүрэхгүй удаан хөрвөөсөн. Юм бодохгүй байхыг хичээх тусам бодогдож, голоос юм гогдоод хэвтэж ч чадахгүй байсан” хэмээн мэдүүлжээ.

Нойр нь хүрэх нь битгий хэл тайван ч амьсгалж чадахгүй болтлоо бачуурч өширхсөн Н.Хатанбаатар бор модон иштэй хутгаар хүслээ гүйцээхээр 03.00 цагийн үед гэрээсээ гарчээ. Байнга орж гардаг учраас хаалганы түгжээ хаана байдаг, яаж түгждэгийг нь мэдэх тул хашаанд ороход саадгүй байв. Байшингийн хаалга ч түгжээгүй байсан нь түүнийг шулуутгахад хүргэжээ. Тэрбээр гэр рүү орж, тайван унтаж байсан хөгшнийг хэдэнтээ хутгалсан байна. Өөртэй нь олигтойхон мэндлээгүйнтөлөөх өшөө хорсолдоо автсан тэрбээр юу хийж байгаагаа ч мэдэх сөхөөгүй дайран, Ү.Батдоржийг амьсгал хураасныг мэдмэгцээ больжээ. Ийнхүү ноцолдож байхдаа гарынхаа шууг хэд хэдэн удаа зүсчээ. Цаана нь унтаж байсан Г.Удвал өвгөнийхөө өмнүүр орж, цээжин тус газраа хутгалуулан унажээ. Түүнийг гарахаар хаалганы зүгт явж байх зуур Г.Удвал эвгүй дуугарсан аж. Энэ зуурт Хатанбаатар “Хөгшин хүнийг зовоогоод яах вэ гэж бодоод хоолойг нь хэрччихээд гарч явсан” хэмээн мэдүүлжээ. Тэднийхээс гарахдаа дэлгүүрээс нь хоёр хайрцаг тамхи, хар цүнхтэй юм, ил байсан задгай мөнгийг нь авч гарчээ. Замдаа хар цүнхэнд олигтой юм байхгүй шиг болохоор нь жалга руу шиджээ.

Хоёр хүн алсан тэрбээр юу ч болоогүй мэт шоудаж явжээ

Дотор давчдуулж, нойр хулжаасан өшөө хорслоо дарсан тэрбээр өглөө болтол нам унтжээ. Мессежээр танилцсан найзыгаа тосохоор 07.00 цагт гэрээсээ гарчээ. Энэ үеэс түүний хүйтэн хөлс чийхарч, амьсгал нь өчигдрийнхөөс хэд дахин хүнд байсан ч хэнд ч хэлээгүй байна. Тэр өдрийг найзуудтайгаа уулзаж, кафед шар айраг уун, найз охиныхоо төрсөн өдөрт зочилж өнгөрүүлжээ. Бодлогоширч, байсхийгээд санаа алдах түүний ийм байдлыг харж байгаагүй найзууд нь юу болсныг нь асуухад тэрбээр “42 дугаар сургуулийн хажууд таван хүнд зодуулчихсан юм аа. Би их сонин болчихсон байгаа биз” хэмээж байжээ. Түүнийг 19.00 цагт ээж нь дуудсанаар гэртээирж, цагдаагийнхан ч түүнийг баривчлан саатуулжээ.

Сэтгэлийг нь сэвтүүлж, дургүйг нь хүргэж, байж суухын аргагүй доромжлол үзүүлсэн гэх хөгшнийг цааш нь харуулж, санаагаа амраасан Хатанбаатарыг цагдаагийн албан хаагчид хашааных нь үүдэнд дуссан цусаар нь сэжиглэн, хэрэгтэн мөн болохыг анхны баримтаар нотолсон байдаг. Нүгэлт үйл хийсэн түүнийг гэрчлэх дараагийн баримт нь жалга руу шидсэн хар цүнхэн дээрх хурууны хээ байлаа. Түүний жалга руу шидсэн цүнхэнд хадгаламжийн дэвтэр, 65 мянган төгрөг, эртний хөөрөг хоёр зэргийг Х.Батсайхан гэгч олоод гэртээ нууж байгаад цагдаад баригджээ.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр "Талийгаач Ү.Батдоржийн уушиг, үнхэлцэг, зүрхний зүүн хэсгийг ир үзүүртэй зүйлээр гэмтээсэн, мөн хүзүү, цээж, суга, бугалга атгаал чөмөг хугарсан байна. Их хэмжээний цус алдсанаас үүдэн нас баржээ" гэсэн дүгнэлт гарчээ. Харин "Талийгаач Г.Удвалын үнхэлцэг, элэг, өрц, ходоод нэвт хатгагдсан, мөгөөрсөн хоолой, улаан хоолой, гүрээний артерийн судас тасарсан баруун мөрний мултрал, цус алдалт зэргээс нас барсан" гэсэн дүгнэлт гарчээ.

"Хутга барьсан хүний өмнө хууль барьсан хүн хүчтэй" учир алуурчин Н.Хатанбаатарт Эрүүгийн хуулийн 91.2.1, 91,2.3, 91.2.15, 91.2.15, 91.2.16, 91.2.12 дахь хэсэгт зааснаар цаазаар аваачих ял оноосон байна. Бүх шатны шүүхээр түүнд ялын дээд хэмжээ оноосон ч хэргийг дахин хэлэлцэж, 25 жилийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болжээ. Тэрбээр өдгөө гянданд ялаа эдэлж буй.

Энэ хэргийг өгүүлэх болсон шалтгаан нь энэ мэт бусдын унагасан үгийг даах хатуужил, тэвчээргүй, цаашлаад мартах ухаангүй залуус олширсоор байна. Хатуухан үгний хүчийг дааж чадаагүйгээсээ хайран залуу нас, амьдралаа өргөст торны цаана олон зуун залуу үдэж байгаа нь харамсалтай.

Х.ХҮСЛЭН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ