Су.Батболд: Яг танах ёстой зүйлээ танасан уу гэвэл үгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Су.Батболд санаачилсан бөгөөд түүнтэй энэхүү асуудлаар ярилцлаа.

-Яагаад энэхүү өөрчлөлтийг хийх болов?

-Цагаан сарыг 1990 оноос хойш монголчууд өргөн тэмдэглэдэг болсон. Ёс заншил, шашины зан үйл давамгайлсан уламжилт баярын нэг. Дэлхийн улс орнууд нийтийн тооллын шинэ жилийн тэмдэглэхээс гадна үндэсний шинэ жилийг өргөн тэмдэглэдэг. УИХ-ын судалгааны байгууллагаар Өрнийн орнууд Христийн мэндэлсэн өдрөөр хэдэн хоног амардаг, Дорнын орнууд хаврын сарын эхэн сарын баяраар хэдэн хоног амардаг талаар судалгаа хийлгүүлсэн. Ихэвчлэн гурваас дээш хоног амардаг. Үүнийг санаачилах гурван шалтгаан байгаа. Нэгдүгээрт, Үндэсний ёс заншил, шашинтай холбоотой учир шинийн гурванд идээ цагаагаа хураагаад энэ баяр албан ёсоор дуусдаг. Тэр утгаараа шинийн 3-нд дуусах учиртай. Энэхүү баяр хүмүүжлийн ач холбогдолтой баяр. Өндөр настанаа хүндэтгэх, ах дүү хамаатан саднаараа цуглаж, сайн сайхан бүхнийг ерөөж мэнд хүргэдэг. Нийгмийн ороо бусгаа цаг үед ёс заншил алдагдаж байгаа учир энэ баярыг өргөн тэмдэглэж, залуучууд нь хөгшчүүддээ хүндэтгэл үзүүлэх боломж нөхцөлийн хангаж өгөх үүднээс гурван өдөр болгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт, Монгол орон бол өргөн уудам нутаг дэвсгэртэй. Улаанбаатар хотод амьдарч байгаа залуучууд хөдөө орон нутгийг зорьж, аав ээж, ах дүү хамаатан садантайгаа золгох хэрэгтэй болдог. Гэвч шинийн 2-нд багтах гэх яарч байхын оронд шинийн 3-нд багтаад ирэх нь зүйн хэрэг мөн. Үүнээс болж яарч сандруу явж байгаад аваар осолд өртөх нь элбэг байдаг. Өвлийн улиралд учир хүйтэнд явахад хүндрэлтэй байдаг. Гуравдугаарт, Энэхүү баярыг өргөн тэмдэглэснээр дотоод хуралдааны эргэлт нэмэгдэж, түүнийг дэмжих чухал ач холбогдолтой. Хүмүүсийн шүүмжилж байгаа шиг ууж, иддэг баярын тоог нэмэгдүүлэх гэж байгаа биш, ёс суртахуун хүмүүжлийн ач холбогдолтой гэдэг утгаар нь ийнхүү өдрийг уртасгахыг зорьж байгаа юм.

-Ажил хийх өдрүүд нь багасч байна гэсэн шүүмжлэлтэй хандаж байсан?

-Хувийн хэвшлийнхэнд ажил хийх өдөр нь багасч байгаа нь нөлөөлөхгүй. Хэзээ хаана ажиллах вэ гэдгийг хувь хүн өөрөө зохицуулах ёстой. Харин хариуцлагыг нэмэгдүүлнэ. Шинийн 3-нд бид цуглаад дэмий шахуу байж байгаад л тардаг. Иймд баяраа дуусгаад ажилдаа орох нь зүйн хэрэг байх аа. Энэхүү өдрийг оруулснаар монголчуудын хуулийн тэмдэглэдэг баярын өдөр ес болно. Өмнө нь найм байсан.

-Монгол Улс ирэх оны төсвөө баталлаа. Таны хувьд 2014 оны төсөв ямар төсөв болсон бэ?

-Төсөв гэдэг бол тухайн жилдээ хийх ажлын суурь. Улсаас хийх ёстой. Гэхдээ Монгол Улсын хувьд төсвөөс хамааралтай орон. Яагаад гэвэл хувийн хэвшил хүчтэй хөгжиж чадаагүй. Төсвөөс хамааралгүй амьдардаг айлд манай улсад байхгүй. Хэн нэгэн нь төсвийн байгууллагад ажилладаг, тэтгэвэр тэтгэмж авдаг. Тэр утгаараа улсын төсөв нэлээн дуулиан шуугиан дагуулж батлагддаг. Хуучин бүтээн байгуулалтад анхаарсан төсөв батлагддаг байсан бол энэ жил нэлээд олон зүйл танагдсан. Яг танах ёстой зүйлээ танасан уу гэвэл үгүй. Яам агентлагийн орон тоог танаж чадаагүй. Ардчилсан намын Засгийн газар байгуулагдаад яам агентлагийн орон тоо 30-40 хувиар нэмэгдсэн. Тэдний тансаг хэрэглээг хасаагүй. Зөвхөн хөрөнгө оруулалтаа хассан. Хөрөнгө оруулалтаа хасна гэдэг нь улсын эдийн засгийг хумиж байна гэсэн үг. Боловсронгуй, жижиг муу бүхнийг шахсан тийм төсөв бол болоогүй. Хөрөнгө оруулалтыг багасгасан нь эдийн засгийг унагаж байна гэж ойлгож байгаа.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ