Ардчилагчдад ад үзэгдсэн анхдугаар Үндсэн хууль

Үндсэн хуулийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Монголчууд 1924 оны арваннэгдүгээр сарын 24-нд Анхдугаар үндсэн хуулиа баталснаас хойш жил бүр бүх нийтийн баяр болгон тэмдэглэж ирсэн.
Тусгаар тогтнолоо Үндсэн хуулиараа баталгаажуулсны баяр учраас хүн бүрийн сэтгэл зүрхэнд том орон зайг эзэлж ирэв. Тэгвэл өнгөрсөн жилээс ардчилсан засгийн шийдвэрээр тэрхүү баяраа тэмдэглэхээ больсон.
Тийм учраас Ерөнхийлөгч энэ өдөрт төдийлөн ач холбогдол өгсөнгүй бололтой.
Тэгээд ч айлчлалаар явж байгаа тул өнөөдөр эзгүй байж таарах нь.
МАХН зэрэг ганц нэгэн улс төрийн хүчний зүгээс Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан баяраа тэмдэглэх ёстой хэмээн учирлаж буй дуулдана.
1992 оны шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан, цагийн жамаар цөөрсөөр байгаа эрхмүүд ганц нэг телевизийн нэвтрүүлэгт орж, түүх хуучлаад өнгөрөх биз. Ийм л дүр төрхтэйгээр бид Үндсэн хуулийнхаа төрсөн өдрийг үдэх бололтой.
Үнэндээ Монгол Улс Үндсэн хуультай болсон өдрөө тэмдэглэхгүй болсон нь тусгаар тогтнолоо үгүйсгэсэн мэт. Эсвэл Үндсэн хууль нь ардчилсан засгийн өнгөнд үнэ цэнэгүй болоо юу гэж бодогдмоор. Ингээд үзэх юм бол яагаад, ямар үзэл, шалтгааны улмаас Үндсэн хуулийн өдрөө тэмдэглэхээ байчихав гэдэг асуулт хамгийн түрүүнд гарна.
Түүхч судлаач, хууль тогтоогчид, жирийн иргэд үүнд нэг л амаар хариулж байгаа. Тэр нь улс төрийн шалтгаантай гэх томъёолол. Ингээд үзэх юм бол АН өөрийн байр сууриас Монгол орны түүхийг тайлбарлаж, мөн өөрсдөдөө ашигтай байдлаар тушаал , шийдвэр гаргаж байна гэсэн шүүмжлэл дуулдах.
Тэдний үзэж буйгаар 1924 онд Ардын нам анхдугаар их хурлаа хийж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсан байх тул энэ өдөр баяр тэмдэглэх Ардчилагчдад ад үзэгдсэн Анхдугаар Үндсэн хууль нь зохимжгүй гэнэ.
Нэг нам анхдугаар их хурлаа хийсэн өдрийг бүх нийтээр баяр тэмдэглэх утгагүй гэж үзжээ. Гэтэл яах аргагүй тэр өдөр Монгол Улс Үндсэн хуультай болж, түүнийгээ баталгаажуулсан байх тул яах аргагүй баярын өдөр байж таарна . Үндсэн хуулийн хамгийн том ач холбогдол нь тусгаар тогтнолоо баталгаажуулсанд оршиж байх тул тэрхүү Тусгаар тогтнолын баярыг ямар ч улс гүрэнд бүх нийтээр тэмдэглэхээс ч яахав. Улс гүрэн оршин тогтнож буйн илэрхийлэл, цаашид ч тунхагласаар байх дархлаа нь тэр. Нөгөөтэйгүүр, Монгол Улс Үндсэн хуулиа 1924 оноос хойш гурван удаа шинэчлэн баталсан байдаг.
Гэхдээ 1940, 1960, 1992 оны тэр хуулиуд нийгмийн хөгжил, улс орны төрийн тогтолцооны өөр, өөр онцлог шинжийг агуулсан ч бүгд 1924 онд баталсан Анхдугаар Үндсэн хуулийг өвлөж ирсэн юм. Эдийн засаг, нийгмийн амьдрал, улс орны нөхцөл байдал гээд бүгд Үндсэн хуульд шинэчилсэн байдлаар тусгалаа олсон ч Анхдугаар үндсэн хуулиараа баталсан Бүгд найрамдах засаглал, тусгаар улсынхаа тунхаглалыг өөрчлөлгүй харин ч дахин давтан баталгаажуулж иржээ.
Тэгвэл ардчилсан засаг, төрийн өнгөнд Анхдугаар Үндсэн хууль баталсан 1924 оны арваннэгдүгээр сарын 24-нийг алга болгосноор 1992 онд шинэчлэн баталсан Шинэ Үндсэн хуулийн түүхэн гавьяа их, онцгой ач холбогдолтой гэсэн санал, санаачилга, тийм явуулга ил далд, санаатай санамсаргүй явж байгаа нь нууц биш.
Өөрөөр хэлбэл, 1921 онд Ардын хувьсгал ялж, Анхдугаар Үндсэн хууль баталснаар Монгол Улс хөгжлийн зам руугаа орсон юм биш, 1990 онд Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, 1992 онд ардчилсан гэх тодотголтой шинэ Үндсэн хуулийг баталснаар бүх зүйл сайн сайхан, гэрэл гэгээтэй болчихсон мэтээр ярьж, бичиж байгаа юм. Нэг хэсэг нь 1924 оны Анхдугаар Үндсэн хууль болбоос Оросын Коминтернийн нөлөөгөөр батлагдсан, оросууд л шахаж байгаад арваннэгдүгээр сарын 26-нд өдөр заагаад батлуулсан мэтээр түүхээ тайлбарладаг.
Нөгөө хэсэг нь Анхдугаар Үндсэн хуулиар хөр өнгөтний хувьсгалыг баталгаажуулсан, хууль батлагчид нь тэр үеийн хөрөнгөтнүүд, эрх ямба бүхий ноёд байсан гэлцдэг. Тийм учраас хөрөнгөтний үзэл суртал бүхий хууль баталсан өдрийг тэмдэглэхгүй болсон нь зөв юм байх, тэдний үзэж буйгаар. Аль аль нь бүх муу муухайгаас салгаж шинэчлэн сайжруулсан Шинэ Үндсэн хуулийг л магтсан хэрэг. Сайхан болсон, олон зүйлд гэрэл гэгээ нэмсэн гэдэгтэй нь хэн ч маргашгүй. Гэхдээ 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиуд бүгд өөр, өөрийн онцлогтой, түүхэнд оруулсан хувь нэмэртэй.
Алийг нь ч салгаж, тусгаарлаж үзэж боломгүй. Нэг нь нөгөөгөөс уламжилсан, эхнийх нь дараагийнхаа ү р г э л ж л э л болсон тийм л үйл явдал, улс орны амьдралын өрнөл байсан. Харин 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд монголчууд Анхдугаар Үндсэн хуулиа батлаагүй бол дараа, дараагийн хуулиуд хэзээ хэрхэн гарах байв. Мэдээж хэдийд ч юм бэ Үндсэн хуультай болох л байсан байх.
Гэхдээ Үндсэн хууль тусгаар тогтнолын баталгаа, энэ үүднээс үзэх юм бол Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхий нийт хэзээ хүлээн зөвшөөрөх байсан юм бэ. Мэдээж Анхдугаар Үндсэн хууль баталж бүгд найрамдах засаглалаа тунхагласан өдрөөс л тэрхүү тусгаар тогтнолын түүх бас эхэлнэ. Ардчилагчдад ад үзэгдсэн Анхдугаар Үндсэн хуулийн маань ач гавьяаг ганцхан жишээгээр хэлэхэд ийм л юм.
Ч.Зотол
ЗУУНЫ МЭДЭЭ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ