"Чингис бонд"-ын хүүнд 35 сая ам.доллар төлсөн

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сангийн яамнаас Өрийн урирдлагын тухай хуулийн төслийг хэзээ өргөн барих вэ?
-Ойрын үед Засгийн газраар хэлэлцүүлээд УИХ-д өргөн барихаар бэлдэж байна. Монгол Улсын өрийн талаар нэгдсэн ойлголт, системтэй зохицуулалт байхгүй байгаа юм. Арав орчим хуульд салангид зохицуулалт байдаг. Тийм учраас Монгол Улсын өрийн талаархи нэгдсэн ойлголт, системтэй болж, үүнийгээ оновчтой удирдан зохицуулдаг механизм, үндсэн хяналттай байх хэрэгтэй гэдэг үүднээс Өрийн удирдлагын тухай хуулийг боловсруулсан. Энэ хуулийг баталснаар Монгол Улсын өр гэж юуг хэлэх үү. Өрийг яаж тооцох, түүнийг эдийн засгийн үзүүлэлт, санхүү төсвийн бланстай хэрхэн уялдуулах вэ. Мөн өр үүсгэсний эх үүсвэрийг юунд зарцуулж, яаж хянах вэ гэх зэрэг асуултад хариулт өгнө. Тэгэхээр улсын өр гэдэг ойлголт цаашид Засгийн газрын өр гэдгээр солигдоно. Яагаад гэвэл, Засгийн газар ард түмний нэрийн өмнөөс авсан зээл, түүний эргэн төлөх байдлыг улсын төсөв хариуцах учраас ингэж тодорхойлох жишээтэй. Энэ нь ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар ингэж хуульдаа оруулж байгаа. Мөн үүнийг дагаад цоо шинэ ойлголт бий болно. Ер нь улсын өрийг өнөөгийн үнэ цэнээр тооцдог ийм хуулийн зохицуулалт байдаг. Дэлхий дахинд оны нэрлэсэн үнээрээ тооцдог тогтолцоо руу явж байна. Тийм учраас бид ч гэсэн энэ процессийг угтаж ийм зохицуулалтыг оруулж ирж байгаа. Үүнээс гадна эдийн засгаа цаашид хөгжүүлэх, тэлэлтийг дэмжих зорилгоор хөгжлийн санхүүжилтийн эх үүсвэрийг яаж шийдэх вэ гэдгийг энэ хуульд авч үзсэн. Засгийн газрын өрийн баталгааны асуудлыг бие даасан том байдлаар оруулах зохицуулалтыг бий болгож байгаа юм.
-Гаднаас авах өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувьд байхаар тогтсон. Энэ дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй гэж үзэж байна?
-2014 оны төсвийг батлуулахдаа хөгжлийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх шаардлагыг харгалзан үзээд улсын өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувь болгоё гэж санал оруулсан. Гол нь бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай эх үүсвэрийг тооцсон хэрэг. Гэтэл УИХ-аар 60 биш 40 хувь байна гэж баталсан. Тэгэхээр 40 хувьдаа багтааж үйл ажиллагаагаа явуулах учиртай. Ингэхдээ улсын төсвийн урсгал зардал, төсвийн үйлчилгээнд ямар ч өөрчлөлт, хүндрэл гарахгүй. Ганцхан хөгжлийн санхүүжилтийн эх үүсвэр дутагдана. Өмнө нь УИХ-аас гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангаж чадахгүй байх нөхцөл үүссэж байгаа юм. Яагаад гэвэл, 3,5 тэрбум ам.долларын “Чингис бонд”-ыг борлуулсанаар бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх даалгавар авсан. Тэгэхээр энэ асуудал тодорхойгүй байна. Ер нь Өрийн удирдлагын хууль гарснаар энэ асуудлыг нэг тийш шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаа.
-“Самуурай бонд”-ыг хэзээ авах вэ?
-“Самуурай бонд”-ыг ирэх оны төсөв дээр оруулж ирэх боломжийг тооцсон байгаа. Бид энэ бондыг босгох, эх үүсвэрийг бий болгох талаар ажиллаж байна.
-“Чингис бонд”-ын хүүнд хэчнээн төгрөг төлсөн бэ?
-“Чингис бонд”-ын үйлчилгээний зардал улсын төсөвт тусгагдсан байгаа. Ямар нэг эх үүсвэргүй, хүндрэл гарна гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр төсөв дээр бодогдсон учир хүүг нь хугацаандаа төлөөд явна. Эхний хагас жилд 35 сая ам.долларын хүү төлсөн.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ